Жирийн компанийн туулах зам АДМИНЕРАЛ шиг дардан байхгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг хэн “хамгаалалтад” авахаас хамаарч тэд дараагийн үгээ хэлнэ.

… Т.Аюурсайханы албан бланк дээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах гарын үсэг цуглуулж байсныг мартах цаг хараахан болоогүй байна. У.Хүрэлсүхийн санаачлага, Д.Амарбаясгаланггийн найруулгаар хийгдсэн гэгддэг энэ ажиллагаанд Т.Аюурсайхан гоцолж оролцсон нь тэдний харилцаа хэр хэмжээнд байсан бэ гэдгийг илэрхийлэх биз. Гэхдээ өнөөдөр нэг нь шүүхийн үүд сахиж, нөгөө нь алх цохигч байгууллагын дээр сууж байна. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар хуулийн байгууллагад дуудагдмагцаа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хамгаалалт хүссэн.

Энэ үеэрээ Б.Ганхуяг “Намын Удирдах зөвлөлөөс яагаад мэдүүлэг авахгүй байгаа юм. Би даалгавар биелүүлсэн” гэж хэлсэн нь эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг чиглүүлэн шидсэн чулуу гэж олон хүн таамаглаж байгаа.  

Германы хэвлэл хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Админерал гэх ХХК-тай хэрхэн холбогддог талаар нийтэлж байв.

Энэ ямар учиртай компани болох, эрх баригч намын генсектэй юуны учир холбогдоод байдаг учгийг тайлахаар багахан эрэл хийгээд үзье.

2021.07.02 Монгол, Хятад, Хонгконг нийлсэн гурван хөрөнгө оруулагчтай Админерал нэрт ХХК энэ өдөр үүсгэн байгуулагдсан талаар улсын бүртгэлийн мэдээллийн санд бий. Монгол талаас “Моновант” ХХК. Эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав. Тэрбээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах гэдгийг өдгөө Монголд мэдэхгүй ч хүнгүй болов. Д.Амарбаясгалантай нэг нутаг. Тэрчлэн Ц.Чулуунзагдын эхнэр А.Баярмаа Админерал ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээс гадна тухайн байгууллагын нягтлан бодогчоор ажилладаг аж.

Тус компанийн хамтрагч Хасбаатарын Насан-Урт нь БНХАУ-ын иргэн. Х.Насан-Урт, Ц.Ламжав нар “Роуд энд Майнинг Техноложи” гэх ХХК-ийг мөн үүсгэн байгуулсан байдаг.

Ер нь Ц.Чулуунзагдын ах Цэдэнпилийн Ламжавын нэрээр олон хуулийн этгээд улсын бүртгэлд бий. Тэдгээрийг энд цухас дурьдаад дараагийн дугаарт дэлгэрэнгүйгээр хүргэх болно. Учир нь хүн тус бүр, аж ахуйн нэгж нэг бүрээрээ анхаарал татахуйц мэдээлэлтэй тул нэг удаагийн дугаарт бүгд үл багтах юм. Тухайлбал, Дархансекьюрити ХХК-г хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байсан Цэрэндоржийн Энхтүвшин нь гэхэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч байгаа нь сонирхол татна.

Ц.Ламжавын Пассив модуль хаус гэх компанийн нь гүйцэтгэх захирал Э.Анхбаяр гэхэд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нартай хамт Цахим засаглал төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байсан нөхөд. Түүгээр зогсохгүй Э.Анхбаяр Ц.Чулуунзагд нар Онлайн Пи Ар эйжинси төрийн бус байгууллага дээр ч хамтарч байсан мэдээлэл тодорхой баримтуудын хамт дэлгээтэй байна.  

2021.07.09. Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах 736 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг “Эрдэнэс Тавантолгой” ХК зарлав. Энэхүү тендэрт оролцохоор байгуулагдаад 7 ч хоноогүй шахам байсан Админерал ХХК материалаа өгсөн нь бүх хардлагын эхлэл юм.

Учир нь тендерийн гол шалгуур нь сүүлийн 3 жил ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх бөгөөд үүнийгээ борлуулалтын орлогоор баталсан байх заалт тусгагдсан байдаг. Энэ шалгуурт Админерал ХХК тэнцэхгүй нь тодорхой тул мөнөөх тендер цуцлагдсан уу, эсвэл өөр шалтгаан үүссэн үү, өндөр дүнт тендер тодорхой тайлбаргүйгээр цуцлагдав. Үүнд Б.Ганхуяг хариулт хэлэх биз.

2021.09.16. Цуцлагдсан тендер хоёр сарын дараа дахин зарлагдав. Нээгдэх өдөр нь 2021.10.18-ны өдөр. Энэ удаагийн тендерт “МТАС” түншлэл шалгарав.

2021.10.17. Гэтэл тендер нээгдэхээс 1 хоногийн өмнө Админерал ХХК өөр гурван компанитай нийлж “МТАС” түншлэлийг байгуулаад дүрээ хувирган орж ирсэн нь энэ байж. Анхаарал татахуйц, зогтусан судлах үйлдэл гарцаагүй мөн биз… Энэ талаарх мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё. Тендер шалгаруулалтын өмнөхөн шинэ тутам байгуулагдсан компанийн дансаар орж гарсан томоохон мөнгөн дүнтэй гүйлгээнүүд ч эрэн сурвалжилж, эргэн мэдээлэх нөхцөлийг үүсгэж байна.

Тухайлбал, 2021.06.29 буюу Админерал компани улсын бүртгэлд бүртгэгдэхийн хоёр хоногийн өмнөөс эхлээд Кужоу Лон Юан Трейдинг болон Руйшен Глобал Групп, Dongsheng Petroleum Co.Ltd, Sino-Mongolian PAITS Intelligentte гэх компаниудаас 2.164.769 ам.долларыг Админерал ХХК-ийн данс руу шилжүүлсэн байх нь нэн сонирхолтой.

Тэрчлэн Админерал ХХК үүсгэн байгуулагдсан 2021.07.02-ны өдөр Ц.Ламжав өөрийн компани болох “Моновант” ХХК-д зээл гэж тодорхойлсон 52.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг нь олон асуудлын учгийг тайлах гогцоо гэдгийг эх сурвалж хэлж байна.

Эдгээр гүйлгээний талаарх учир холбогдлын мэдээлэл энд хангалттай тайлбартайгаар багтахгүй тул жич хүргэхээр орхиод Бортээгийн уурхайн яг гол хэсэгт, 35 га газар хэрхэн, ямар замаар цоо шинэхэн Админерал ХХК-ийн өмчлөлд шилжив ээ гэдэгт анхаарал хандуулъя.

Холбогдох нөхөд уг газрыг үйлдвэр барих зориулалтаар олгогдсон хэмээн тайлбарладаг ч үнэн хэрэгтээ хэдийнэ өмчлөлд нь бүртгэгдсэн байгаа нь хулгай, луйвар, залилан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх олон бузар булай хэргийн нэг биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Ц.Ламжав энэ талаар “Бортээгт хаягдлын овоолгын дэргэд таван жилийн хугацаанд 35 га газар ашиглах эрх олгосон” гэх тайлбарыг л хийдэг.

Гэтэл үнэн хэрэгтээ байгуулагдаад удаагүй жирийн иргэний компанид ийм боломж, аз эз тохиох болов уу… Хэзээ ч үгүй гэдгийг хэний ч нохой хуцах байлгүй.

Тэгэхээр Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавын гэх Админерал компани Бортээгийн уурхайд “эзэн” сууж, газрыг нь хүртэл ханцуйлж амжихад эрх мэдэлтний нөмөр нөөлөг гарцаагүй хэрэг болсон ойлгомжтой юм. Тэгвэл түүнд хэн нөлөөлсөн байж чадах вэ… Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх урт гуншинт Д.Амарбаясгалан уу, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд өөрөө юу?!

Урт гуншинт дарга, сайд Д.Амарбаясгалангийн нэр Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн туслан гүйцэтгэгчтэй мөн холбогдоод л явдаг. Үүнд Д.Амарбаясгалан “Миний ах дүү нар ийм чиглэлийн бизнес эрхэлдэггүй, уул уурхайн тэр дундаа нүүрсний, нүүрс тээврийн ямар ч компани байхгүй” гэж мэдэгдсэн.

Харин түүний эхнэр Дашхүүгийн Бямбасүрэн 2010 онд Жабко ХХК, 2011 онд Топмедиа ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Тэрчлэн Хас медиа групп ХХК-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэртэй хамт аялал жуулчлалын компани эзэмшдэг К.Энхтуул гэгчтэй хамтран эзэмшдэг гэж байгаа.

Хас медиа группийн захирлаар бүртгэлтэй байсан Лхагважавын Нямбаяр нь Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн амины найз, бизнесийн хамтрагчаас гадна нүүрс тээвэрлэх замын бүртгэл, хяналтыг хариуцдаг Гашуун сухайт зам ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Тэрбээр 2022.01.01-нээс Хөтөлийн цемент шохой үйлдвэрт хэлтсийн даргаар ажиллах болсон нь тухайлан судалж, сурвалжлах кадр яах аргагүй мөн юм.  

Л.Нямбаяр, Б.Эрдэнэжаргал нарын гишүүнчлэлээр бүртгэлтэй Тусгаар тогтнолын түүчээ төрийн бус байгууллагад НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар ч багтдаг. Түүний улс төрийн гишгүүр, албан тушаалын алхам бүрт Д.Амарбаясгалан байдаг гэдгийг өдгөө амтай болгон л ярих болж.

 Д.Амарбаясгалан өөрөө НИТХ-ын гишүүн байхдаа Жабко болон Хас медиа групп гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн байдаг нь баримт болон үлджээ.

Эдгээр компаниуд нь 2019.01.28-29-ний өдрүүдэд Батхуягийн Эрдэнэжаргал гэх нэр рүү шилжсэн ч Б.Эрдэнэжаргал нь Д.Амарбаясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж эхлэхэд МАН-ын сошиал IT хариуцсан мэргэжилтэн байсан болохоор тэднийг хэтэвчтэй, юутай нь салгаж ойлгоход түвэгтэй л юм.

Учир нь Б.Эрдэнэжаргал мэргэжилтнээс гадна Д.Амарбаясгалангийн туслах, хуулийн зөвлөх төдийгүй Д.Амарбаясгалангийн “угшилтай” 28 компани, төрийн бус байгууллагыг нэр дээрээ авч явдаг нэгэн. Түүгээр тогтохгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, өдгөөгийн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгэн үе хамтран эзэмшигчээр нь бүртгэгдэж явсан Мүүнрөүд группийн хамтрагч гэдгийг намынхан нь андахгүй.

Тэрбээр 2010 онд Тавантолгойн уурхайгаас Цагаан хад, Мааньт, Чойрын галт тэрэгний өртөө хүртэл 26840 тонн нүүрс тээвэрлэсэн Глобал гүүр транс ХХК-ийг үүсгэн байгуулагч гээд харахаар олон нийт Д.Амарбаясгаланг нүүрсний тээвэртэй хэмээн хардахаас ч өөр яалтай.

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин

Орчуулах »
error: Content is protected !!