Эрх баригчид Оросуудын шахаанд орсон юм биш байгаа?!

…Хэрэв тийм бол эрх баригчид оросуудад 49 хувийг буцаан өгөх нээнтэгт орчихсон байж мэдэх юм!!! Д.Эрдэнэбилэгийг Ростех корпорацтай хийсэн гэрээгээ цуцлах, хэлцлээ буцаах хэмжээнд хүртэл шахаанд оруулсаар байгаа бол яахав… Хоёрын хоёр парламент дамнуулан түүнийг нийгмээр яллуулж, гутаан доромжлуулж, дотооддоо дүүрч гэхэд гадна зах зээлд бизнесийн нэр хүндийг нь ингэтэл үгүй хийсээр байгаагийн учир юм бол?!

2016 онд ОХУ-ын Ростех корпорацтай хийсэн хэлцлийн дүнд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн авчирсан цагаас эхлэх сахал хочит Д.Эрдэнэбилэг гэх хүн эрх баригч намын мөлжиж дуусдаггүй булуу нь болчихсон.

Үнэндээ Засгийн газар 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпорацид санал тавьсан явдлыг буруу гэж үзэж байгаа бол буруутан нь тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байлтай.

Монголын зэс корпораци 49 хувийг худалдан авахдаа хэд хэдэн хууль зөрчсөн гэж УИХ үзэж, төрийн өмчид буцаан авах талаар 2017 оны 23 тоот тогтоолыг баталсан. Энд, үгийн болоод үнэн мөнийн алдаа одоо хэр явсаар байгаа. Төрийн өмчид БУЦААН  авах гэх үгээр эрх баригчид өөрсдийн алдааг хаацайлсаар яваа нь булахын аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, 49 хувь хэзээ ч Монгол төрийн өмч байгаагүй. БУЦААХ тухай ярьвал Монгол биш Оросын асуудал орж ирнэ. Харин Орост хамааруулахгүй ээ гэвэл БУЦААХ гэх үгийн оронд ХУРААХ, ДЭЭРЭМДЭХ, БУЛААХ гэдэг үгсээс сонговол зүйд нийцэх биз.

Эрх баригчид Үндсэн хууль дахь УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ гэснийг, мөн Компанийн тухай хуулийн Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна гэснийг удиртгал болгоод, тухайн үеийн Засгийн газар 49 хувийг хувийн хэвшилд санал болгохдоо УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн гэх гоё үгсээр халхавч хийн 49 хувийг төрийн өмчид авахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Энэ гоё үгс, шалтаг шалтгаануудын далбаан дор МАН-ын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоон Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ “лацдах” ажиллагааг удирдсанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нэрээр булааж, булааснаа булзааруулахын тулд Д.Эрдэнэбилэг гэх хүнийг адгийн шаар, новш болтол дэвсэлж буйг түмэн олноороо харж байна.

Оростой таллаж байсан үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирснээр цар тахлын үед цахилгаан, дулааныхаа мөнгийг нийтээрээ даалгаж, учирч болох хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулсан ч гавьяаг нь Х.Бадамсүрэн гэх өвгөн ичгүүр сонжуургүйгээр үүрээд алга болсон.

Ингээд зогсохгүй үерт урссан айлын өнгөтэй өөдтэйг хулгайч нар нүдэн дээр нь ачаад хөдөлдөг гэдэг шиг Эрдэнэтийн 49 хувийг хураалган зүхүүлж, хууль цааз нэрийн дор баривчлагдан саатуулагдах үеэр нь Д.Эрдэнэбилэгийн холбоотой бүгдийг ТӨР нэрийн дор нэр бүхий эрх баригч хомроглон хурааж, өөрийн гэх бүхнээ дарга цэргээр нь аваачаад суулгачихсан гэдгийг учир мэдэх бүхэн ойлгодог болж. Хүний юм авчихсан нөхөр амар баясгалантайгаар амьдардаггүй л байх. Байсхийгээд тойрон хүрээлэгчдээрээ Хөтөл цемент шохойн үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэрийг дампууруулсан хогийн муу Д.Эрдэнэбилэгийг барьж хориод өг л дөө хэмээн сэвүүлэх нь хөөрхийлөлттэй.

Харин монгол ноёдын дотоод дахь энэ хэмлэлдээн Орост, Ростех корпорацид нэгийг сануулсан юм биш байгаа. Хямдхаан өгчихсөн 49 хувиа эргүүлж авах адын бодол тэдэнд төрсөн байвал яахав?!… Арга зам нь ч ядаад байх юм байхгүй. Тэртэй тэргүй Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг Монголын хөрсөнд тайван гишгэхийн эцэсгүй болтол нэр хүндийг нь дэвсэлчихсэн юм чинь өнөөх нь шоронд орохынхоо оронд хэлцлээ буцаагаад бүгдийг байранд нь оруулаад, хэн хэнийг хохиролгүй болгоод өгчихлөө гэхэд л болох газар. Ард түмэн “сахал”-аа хэд зүхээд мартагдана. Орос 49 хувиа аваад л монгол ноёдын хэмлэлдээн, тамын тогооны үлгэр дуусна…

Хоёрын хоёр парламент дамнуулж хэлэлцээд, хувийн хэвшилд боломж олгосон гэгдэх Ч.Сайханбилэгийн Засгийн газар буруутах бус хэлцлийн ширээний ард суусан Д.Эрдэнэбилэг рүү бүх дайралт 8 жилийн турш үргэлжилсээр буй нь эцэстээ ийм хардлагыг бий болгож байгааг яалтай билээ. Түүнд холбогдох хэрэг Шүүхийн шатанд шилжсэн. Тэр шүүх хурлаас өмнө энэ бүх зовлонгоос ангижрахын тулд хэлцлээ буцаахад хүрвэл хэн байг гэхэв?!…

Ингэж харвал, ийм байдалд хүргэх сценарийг хэн зурсан байж болох вэ…

Үйл явдлын товчооныг ухраагаад саная л даа.  

… Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Ростех корпорациас авчирч байхад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 2020 оны сонгуулиар МАН байнгын ажиллагаатай парламентад үнэмлэхүй олонхийн суудал авч, тэр хэрээр генсекийн үнэлэмж болоод цар хүрээ төсөөлшгүйгээр нэмэгдсэн.

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Эрдэнэтийн 49 хувийг улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” гэх хоёр үзүүртэй шипи-г хаяж байсныг бид мартаагүй байна.

Тэгвэл 49 хувийн өмчлөл Монголд хэрэггүй байсан юм бол хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлцэл хуудуутай болсныг хэлээд буцаачихгүй яасан юм бол. Энд л хамаг гогцоо, ээдрээ байгаа юм биш байгаа?

Мэдээж хэлцлийг эрх баригчид буцаах, Д.Эрдэнэбилэг буцаах хоёрын хооронд асар том ялгаа бий…

Монголчууд тэнэг биш. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгчээр Монголын хилээр орж ирсэн 49 хувийг Ростех компанид өгөөд явуулахыг зүгээр хараад суухгүй. Үеийн үед үгэлж дуулан үе удмаар нь чулуу нүүлгэх болно. Тэгвэл тэр чулууг эрх баригчид руу нүүлгүүлэх үү, Д.Эрдэнэбилэг рүү нүүлгүүлэх үү… Мэдээж Д.Эрдэнэбилэг. Тэгвэл яаж?!… Түүнийг залхааж, зовоож, хэлцлээ буцаая аа гэж сөхөртөл явуулчихаж болох л юм…

Яг л ийм сценариар эрх баригчид тоглочихсон юм биш байгаа. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал хуудуутай болсон гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Д.Эрдэнэбилэгтэй хамтатган яллах, шонд өлгөх хангалттай хугацаа МАН-д байсан уу гэвэл байсан шүү дээ. Гэтэл яагаад ийм удаан, хоёрын хоёр парламент дамнуулан залхааж байж шүүхийн үүдэнд авчирсан юм бол…

ОХУ-д Эрдэнэт үйлдвэр амаа барих хэмжээний алдаатай наймаа болсон гэчихэд ташаарсан болохгүй.

Д.Эрдэнэбилэг гэдэг нөхөр бидэнтэй адил мах цусанд төрсөн хүн. Тэр энэ бүх залхмаар явдлын өмнө сөхөрч, шүүхийн тогтоол уншуулахаасаа өмнө хэлцлээс буцаж, Монгол Улсын Засгийн газрыг ихэд хохироосон гэх гомдлыг нэгмөр дуусгавар болгож бас болох л юм. 

…Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сонины шинэ дугаараас…

Орчуулах »
error: Content is protected !!