Хотын мээрийн ичгүүртэй араншинд цэг тавь, МАН!

Парламентын сэнтийг Нийслэлийн Засаг даргын суудлаар сольсон Д.Сумьяабазарыг 2020 оны өвөл тун хатуу угтаж байна. Өдөртөө -20 хэм хүрч хүйтэрч байгаа Улаанбаатарын өвөл, коронавируст цар тахлыг дотооддоо алдсан эмгэнэлт өдрүүд шинэ мээрийн хэр хэмжээг жинтэйхэн шалгаж байгаа. Тэр 1.5 сая хүн амтай хотыг удирдаад явчих хэмжээний удирдагч мөн үү. Түүнд удирдлагын ур ухаан байг гэхэд хүнээ гэх өчүүхэн төдий сэтгэл бий юү.

Хотод үхлийн тахал тархаад 20 шахам хонолоо. Тахлыг хумих хөл хорио эхэлсэн үеэс л нийслэлийн 1.5 сая иргэнээ золигт гаргаж, тахал вирусийг хотоор нэг тарааж мэдэх эрсдэлтэй, зарим үед санаатай юм биш байгаа хэмээн бухимдмаар судалгаа, тооцоололгүй шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар ирэв. Нөөцийн махны дараалал, автомашины тусгай зөвшөөрлийн бөөгнөрлийг үүсгэж яг л наадмын хуушуурт алалцаж буй бүлэг шиг шавааралдуулж чадсан хотын даргын хэм хэмжээг Улаанбаатарчууд голж “чаддагт нь эртхэн ажлаа өг” хэмээн унтууцаж байна.

Харамсалтай нь, хэдийнэ тойрон хүрээлэгч долдой нарынхаа долоолтоор бодит амьдралаас тасарч, вакумжсан хотын мээрт тахал тээсэн тэсрэх бөмбөг мэт шийдвэрүүд нь зүгээр л дардас шидэх шиг зугаатай байсан бололтой. Тэр үүнээс хэд хоногийн дараа хотын нийтийн тээврийн үйлчилгээтэй танилцахаар гарч ирүүтээ “Сургуулийн хүүхдийн автобус яаж байна” хэмээн гариг андуурч, гадсанд тээгэлдлээ. Сургууль, цэцэрлэг карантилаад автобус аль хэдийнэ явахаа байсан байхад түүний энэ асуулт түмний доог тохуу болон үлдэв.

Гэтэл тэр ахиад л амин хувийн арга ядсан тоглолттойгоо харуулж, түүндээ гэмшсэн шинж алга. “Хотын даргын өрөөнийхөө үүдэнд байрлуулсан халуун хэмжигч, металл илрүүлэгч нь 35.000 евро буюу 200 сая орчим төгрөгийн үнэтэй. Энэ нь би өвдөж болохгүй, хотын иргэд өвдөж болно гэсэн увайгүй үйлдэл” хэмээн олон нийт буруутгаж байхад уучлал гуйхын оронд хувийн мөнгөөрөө авсан юм хэмээн унтууцан биеэ өмөөрч байна.

Тэрбээр “Хувь, хувьсгалаа ялгаж дуугарч бай. Мөнхболд туслахаа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсан. Ариутгагчтай суперийг нь Хангарьд, Тамгын үүдэнд маргааш тавиулна аа. Жич: Төлбөр бас хувиасаа, одоо болох уу” гэсэн бухимдал тээсэн, утга авцалдаа муутай, алдаа мадаг ихтэй хэдэн өгүүлбэр өөрийн сошиал хуудсанд шидсэн нь хотын иргэдийг дэндүү басамжилсан, ёс зүйгүй үйлдэл мөн юм.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй хэрнээ өөрийгөө бөөцийлж, нойр хоолгүй яваадаа тэлчилж уурлах Хотын мээрийнхээ ёс зүй, мэдлэг боловсрол, удирдах арга зүйд эрх баригч МАН-ынхан анхаарал хандуулахгүй бол цар тахал намжиж, иргэдийн айдас түгшүүр багасах үед нийслэлчүүд тийм ч хүлээцтэй суугаад байхгүй л болов уу.

Орчуулах »
error: Content is protected !!