Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэд хэдэн удаа хандсан мэдээлэл бий. Тэднийг тээршаан түлхэх шалтгаан У.Хүрэлсүхэд байхгүй учраас тэр биз.
Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайханы хэлсэн “Бодит нүүрсний хэргийг замхруулахвий…” гэсэн үг хэн нэгэнд хаягласан ил захидал гэж ойлгогдож байгаа.
Б.Ганхуяг ч “Надад жорлонгийн хэрэг тохчихоод та нар үлдэх үү. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд мөнгийг нь над дээр бичих үү. Бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхэд байсан ч аваад ир. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Би энд золиослогдож, тэд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй” гэх “эзэнтэй пост” илгээснийг мартаж болохгүй.
…Засаг, тамга, төртэйгөө үлдэх… гэж тэр хэнийг хэлэв?!
Мөн “Би гарах юм бол олон хүний зүрх зогсох гээд байна. УИХ, Засгийн газар над руу тэр чигээрээ дайрлаа. Би есөн сар чимээгүй байлаа. Айж байгаа болохоороо намайг яриулахгүй байна” гэснийг нь анхаарлын гадна үлдээж болохгүй.
Т.Аюурсайхан бол Н.Багабанди, Н.Багабанди бол У.Хүрэлсүх юм гэдэг томъёоллыг хэн нэгэн цээжний бангаар гаргаад шидчихээгүй гэдгийг улстөрийн хүрээнийхэн бүгд мэдэх хойно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч нууж хаалгүйгээр улстөрд хөтөлж оруулж ирсэн ачтан минь Н.Багабанди хэмээн хэдэнтээ талархан мэдэгдэж байсныг олон түмнээр хамтдаа сонсч байв. Хариуд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Н.Багабанди баярлахдаа титэм үгээ зориулан тэрлэж байсныг он цагийн хуудас эргүүлэнгээ харчихаж болох биз.
Б.Ганхуяг бол Т.Аюурсайхан юм гэх тодотгол бас бий.
Сүлжээний бизнес шиг, эсийн хуваагдал шиг энэ томъёоллоор бол тэдэнд Ерөнхийлөгчтэй ойлголцохгүй байх хүндрэл гарахгүй. Тэр утгаараа Б.Ганхуяг Засгийн газар, УИХ-ын гишүүдийг нүүрсний хулгайн хэргээс амархан мултрахгүй шүү хэмээн сануулаад эхэлсэн биз.
Үүнээс Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ хоёр нам намдаа яг ижилхэн дүрийг, ижилхэн үнээр бүтээж байж хэмээн үзэх хэсэг бүлэг ч гараад ирлээ. Тэрбайтугай, тэдний хэн хэнд нь эрх мэдэл түй ч үгүй, НАМЫН ДАРГА гэх хий хоосны ард МАН, АН-ыг У.Хүрэлсүх, Сү.Батболд, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар удирдаж байж. МАНАНг үүсгэсэн молекулуудыг тасчиж, дагасан хөөснүүдийг яг одоо л хагалахгүй бол ирэх сонгуулийн схем энэ нөхдийн зурснаар явагдах нь гээд аль аль намын дотоодод жинтэйхэн хагарал үүсчихсэн бололтой.
АН-ыг удирдах “төв штаб”-аас С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг Ц.Элбэгдорж зугуухан зайлуулсан шигээ Д.Амарбаясгалангийн гараар ч нэлээдгүй нүүдэл хийлгэсэн гэлцэж байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Х.Баттулга нарыг эрх баригч намын генсэк тодорхой хэмжээнд “оосорлож”, оосрыг нь холтгож ойртуулах тохиргоог Эбэ, Сү нар хийн тунгийг нь тааруулж байж гэх тун сонин жиг жугийг МАН-ын удирдах зөвлөлийнхөн жиргээд эхэлж.
Үүнтэй зэрэгцэн МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар биш У.Хүрэлсүх хөдөлгөж байгаа гэх мессэж ч эрчтэй тархаж байна. Түүнд ШҮҮХ бий. Ойрын өдрүүдийн томилгоо ч У.Хүрэлсүх болон түүний хүрээллийнхэн дунд өрнөх нь тодорхой боллоо гэлцэж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд эрүүл мэндийн гэх шалтгаан хэлээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин үүнийг нь ердөө шалтаг байсан гээд, түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохоор зэхэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойр тойронд яриад эхэлж.
Ж.Болдын оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын нэр яригдаж байна. О.Амарсанаа нь У.Хүрэлсүхийн хамаатан гэх бөгөөд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр албан тушаал ахиж яваа гэгддэг.
Харин Б.Асралтын оронд ГЕГ-ын даргаар томилогдон, өдгөө ЦЕГ-ын даргад нэр нь яригдаж буй Р.Отгонжаргалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн “татаас” гэдэг. Д.Амарбаясгалан хоёр хувилбартай байгаагийн нөгөө нь П.Батбаатар. Хоёулаа Говь-Алтайн уугуул. П.Батбаатар Р.Отгонжаргалаас ялгаатай нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын дэмжлэгийг мөн авч буй аж.
Д.Амарбаясгалангийн тухайд наадмын үеэр У.Хүрэлсүх Хөвсгөлд амрах зуурт хань болсон төдийгүй гадна айлчлалд ганцаар багтсан “ялдам” мэдээлэлтэй яваа.
Харин үүний нь дараахан МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд болон түүний ах нарын гэрт нэгжлэг хийгдсэн нь Л.Оюун-Эрдэнэ болон херо Л.Баатар нарын зүгээс Д.Амарбаясгаланд өгсөн анхааруулга байсан гэлцээд байгаа.
Түүгээр зогсохгүй, Ерөнхий сайдын хувьд мөчөөгөө өгөхгүй тоглогч болсон гэдгээ харуулж орон нутаг дахь албан томилолтоо Говь-Алтайгаас эхлүүллээ хэмээн Д.Амарбаясгаланг гулдчин дагуулж, улмаар Ховдыг дайлаар мордон Ц.Элбэгдоржийн гэгдэх уурхайг “лацдан”, Б.Дэлгэрсайханы тойргоор зочилсон нь эрх мэдлээ харуулсан “тоглолт” гэх дүгнэлтийг улстөрийн хүрээнийхэн хийгээд байна.
Улмаар Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарын эсрэг хүчтэй босохын тулд ойрын өдрүүдэд Д.Сумъяабазараар туг тахихаас өөр сонголт Л.Оюун-Эрдэнэд үлдээгүй гэж байгаа юм.
Учир нь Д.Сумъяабазарын унах, эс унахаас МАНАНгийн аль фракц илүү эрх мэдэлтэй, илүү холын нүүдэлтэй нь харагдах тул улстөр сонирхогчид Ерөнхий сайдын үг үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж буй бололтой.
Тэр АН-ын дарга Л.Гантөмөр шиг “утсан хүүхэлдэй” төдий байх уу, дарга шиг дарга болж эрх баригчдыг зангидаж явах уу гэдгээ энэ намрын чуулганаас өмнө харуулахгүй бол түүнд өөрийн мэдлийн цаг хугацаа хэтэрхий бага байгаа нь үнэн.
Тэгэхээр Б.Ганхуягийн …Засаг, тамга, төртэйгөө үлдэх… гэсэн үг гол тоглогчдын дунд цаг тааруулан шидсэн тэсрэх бөмбөг гээд ойлгочиход ч буруутахааргүй байгаа юм.
Үргэлжлэл бий…