С.Баярцогтыг унагах акц ойрын өдрүүдийн гол улстөр болж байна. Түүнийг АН-ын тэргүүн дэд дарга болсноос хойш Л.Гантөмөр гэх хүн даргын дайд үзэгдэхээ больсон нь үнэн. Л.Гантөмөрийн хүсэлтээр АН-ын Улстөрийн зөвлөлийг С.Баярцогт удирдана гэж байгаа ч энэ нь АН-ын даргын “хүсэлт” гэхээсээ илүү тус нам С.Баярцогтын удирдлагад ирсэн гэдгийг илэрхийлсэн явдал биз.
Намын дүрэмд намын дарга нь удирдах заалттай байхад үхсэн биш, өтөлсөн биш, Улс төрийн зөвлөлийг тэргүүн дэд дарга удирдана гэхийг үүнээс өөрөөр хэрхэн ойлгох билээ.
Үүнээс улбаатайгаар Х.Баттулга байтугай нь бачуурч байна.
Х.Баттулга, С.Баярцогт нар эртнээсээ таагүй харилцаатай нөхөд. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд байгуулсан “Хонгилын шүүх”-ийг нь Х.Баттулга зөрүүлээд Ц.Элбэгдорж дээр хэрэгжүүлж, балаг нь С.Баярцогтод туссан” гэж хэлж байсан үг үүнийг гэрчлэх биз.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буусны дараахан хуулийнхан С.Баярцогтыг боргоож Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болохоос жил гаруйн өмнө албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэд хэдэн үндэслэлээр буруутган 10 жилийн ял сонсгож байсан явдлыг мартахад хэтэрхий эрт байна.
Энэ хугацаанд тэдний жөтөөрхөл намжих байтугай улам хурцадсан байж мэднэ.
Тэрбайтугай С.Баярцогтын эсрэг эрх баригч намын дарга, генсэк нар ч хөдлөөд эхлэв үү гэх хардлага цахим орчинд дэгдээд эхэлсэн. АН-ын 15 дэд даргын суудлаар Х.Баттулга, С.Эрдэнэ нарт өгөөш хаячихаад үнэн хэрэгтээ бодлогынхоо түвшинд С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар өөрсдөө занхайчихлаа гэгдэж байгаа. 15 дэд даргыг 15 татвар эмээс ялгаа алга гэх хатуухан егөө эрх баригч намын удирдлагуудыг ч сууринаас нь хөдөлгөсөн байж мэдэх л юм.
Учир нь тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан, томилгоонуудын дараахан эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай ижил өнгийн дээлээр гоёж аваад “Гурван жил гаруй хугацаанд Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллахдаа орон нутагт томилолтоор ажиллаж байгаагүй. Анхны дотоод томилолтоо Ховд, Говь-Алтайгаас эхлүүллээ” хэмээгээд Ховдод Ц.Элбэгдоржтой нэр холбогддог уул уурхайн асуудлыг хөндөнгөө АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын гэх хэргийг цагаатгасан явдал шударга бус гэж шүүмжлэнгүй явсан нь олон хүнд хардлага төрүүлчихэж.
Ялангуяа Ховд аймагт ажиллахдаа Халзан бүргэдэйн ордыг “лацадсан” явдлыг Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын гараар дамжуулан өгсөн Х.Баттулгын анхааруулга гэлцэж байна.
Улстөрийн хүрээн дэх эл жиг жугийн учрыг ойлгохын тулд С.Баярцогтод холбогдох асуудлуудыг нэхэн санах хэрэгтэй…
…Анхан шатны шүүхээс 10 жилийн ял сонссон С.Баярцогтыг 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулуулахад нөлөөлж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан, “Айвенхоу майнз” компанийн 150.000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010.04 сард олон улсын хөрөнгийн зах дээр хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсон. Үүний 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банкинд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх хаус авч өөр хүний нэр дээр бүртгүүлэн хөрөнгөө нуусан, Зайсангийн “Велла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.
Харин 2021 онд Давж заалдах шатны шүүх түүнд оногдуулсан ялыг хугаслаж 4.8 жил болгон бууруулж байгаад эцэстээ цагаатгалаар дууссан нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “гавьяа” гэлцдэг.
Үүгээр зогсохгүй С.Баярцогтыг улстөрийн тавцанд эргэн ирүүлсэн хүн нь ч У.Хүрэлсүх гэгдэж байна. Улс төрийн залуу, халуун үе гэж хамтдаа бичигдэж явсан үүх, түүхтэй тэд нэг Засгийн газарт, нэгэн үеийн асуудлыг хамтдаа шийдэлцэж явсан нөхөд гэдгийг уншигчид мэдэх биз.
С.Баярцогтыг намын харьяалал харгалзахгүй нөхөрлөж, хувийн бизнес, хувьсгалын ажлаа зэрэг явуулдаг арга барилтай нэгэн хэмээн улс төр, бизнесийн хүрээний зарим нэг нь сайшаах ч, эсрэгээрээ “М Си Эс”-ийн замд хөндөлссөн хэнийг ч болов “цэвэрлэж” өгдөг “хоролмаа” гэж буруутгагч бүлэг байдгийг хамтад нь хэлэх хэрэгтэй.
Тус буруутгагчид үе үеийн Засгийн газар, үе үеийн ээлжит сонгуулиар М Си Эс л “оролдуулалгүй” үлдэж, эсрэгээрээ М Си Эс-тэй эн зэрэгцэх томоохон татвар төлөгч, үндэсний компаниуд ямар нэгэн асуудлаар чичлүүлж, хөрөнгөө хураалгаж, орон шоронд орж явдаг нь санаандгүй хэрэг гэж үзэхэд дэндүү гоомойдно гэдэг.
С.Баярцогтыг өөрийн овгоос нь гадна олон нийт М Си Эс-ийн Баярцогт гэлцдгийг мартаж болохгүй.
Түүнд Удирдах зөвлөлийн даргаар нь бүртгэлтэй Амарбаясгалант хөгжил сан гэх хуулийн этгээд бий. Уг санд М Си Эс-ийн төлөөлөл гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, АПУ-гийн П.Батсайхан, Элчин сайд асан Ё.Отгонбаяр нар бүртгэлтэй байдаг нь олон хардлагын эхлэл болдог биз.
Түүнийг Д.Цогтбаатар, Сү.Батболд нартай бизнесийн хамтрагчид ч гэдэг.
Үүгээр хязгаарлагдахгүй, найз Хожгорын Дөчинтавтай холбоотой хуулийн этгээдүүд нь Ч.Батмагнайгаар дамжин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр руу хөтөлдгийг жич хүргэх тул энд түр орхиё.
Тэгэхээр эрх баригч намын энэ олон нөхөдтэй нэр холбогддог С.Баярцогт С.Баярын тэргүүлсэн Стандарт бус Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан нь жир бус явдал байв.
Эрх баригчид сангийн авдрын түлхүүрээ атгуултлаа итгэнэ гэдэг тун сонирхолтой.
2012 онд АН парламентад олонхи биш олуулаа болоход С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаал хашиж байлаа. Тэр тус суудалд ямар ч өрсөлдөгчгүйгээр суусан. Нэг сая ам.доллараа оффшор дансанд мартах хүртлээ АН-ын тод өнгө байв. Энэ өнгө харин нүүрсний дуулиант эдгээр өдрүүдэд эргэн ирж буй нь анхаарахгүй байхын аргагүй хэрэг юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний гэх асуудал сөхмөгц тэр гараад ирсэн.
Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараахан Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд иргэнийхээ хувиар Ц.Элбэгдоржийг шалгуулах 179 хуудас бүхий Тавантолгойд холбогдох баримтыг гардуулж өгч байсан нь С.Баярцогттой холбоотой юм болов уу?!
Асууж, ухах л өнцөг…
Үргэлжлэл бий…