Цаасан дээрх үрэлгэн компаниудаа цэгцлэхгүй бол СОНГУУЛЬ хаяанд ирлээ, эрх баригчдаа

Цаасан дээрх үрэлгэн компаниудаа цэгцлэхгүй бол хоёрхон улирлын дараа ШИНЭ СОНГОЛТ хийгдэх нь…

“Тавантолгой дулааны цахилгаан станц” гэх цаасан дээрх атлаа хамгийн үрэлгэн компанийг татан буулгаж, татвар төлөгчдийн мөнгийг бодитойгоор хэмнэвэл яасан юм бэ, Ерөнхий сайд аа!!!

Цаасан дээр орших атлаа шатахуунд сар бүр 5 сая, оффиссын хэрэгцээнд 151 сая, ашиглалтын зардалд 152 сая төгрөгийг зарцуулж буй нь анхаарлыг чинь татахгүй байна уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалаан?!

422.72 метр квадрат талбайн ам метрийг 29.900 төгрөгөөр тооцож, сар бүр 12.6 сая төгрөгийг түрээсийн төлбөрт төлж буй нь хэтийдсэн зарлага биш үү…

Ихэнх түрээсийн оффисууд түрээсийн төлбөртөө ашиглалтын зардлаа шингээгээд авчихдаг гэдгийг захын чавганц мэднэ дээ, уг нь. Гэтэл түрээсийн төлбөрт дээрх мөнгийг төлж буй атлаа дахиад ам метр бүрийг нь 30.000 төгрөгөөр тусад нь тооцоод сар бүр 12.6 сая төгрөгийг ашиглалтын зардал нэрээр гаргаж байгааг “төсвийн хулгай” биш биз хэмээн хардахаас аргагүйд хүрч байна.

Ядаж байхад энэхүү зардал нь 2022.05.10-2023.04.10-ны хугацаанд Я.Энхжаргал гэх хувь хүний данс руу шилжсээр 152 сая төгрөг болчихсон байгаа нь анхаарлын гадна үлдээх асуудал биш юм.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК нэрт үйл ажиллагаа нь эхлээгүй энэ газрын ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал 199.0 сая төгрөгөөр тогтоогдсон. Бариад хийсэн ажилгүй атлаа цар тахлын үед 463 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан, Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын зардлыг 60.2 сая төгрөгөөр, хувьцаа эзэмшигчдэд 51.4 сая төгрөгийн цалин олгохоор баталсан гээд тоо томшгүй мөнгө урсгасаар атал Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь нүдэн балай, чихэн дүлий суугаа нь халагламаар.

Уг нь энэ төсөл Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан, хөгжлийн урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдсан боловч одоо байгаа царай нь цаашид ч цаасан дээрээ үлдэхээр харагдаж буй нь нууц биш.

Амжилттай хэрэгжиж, ажил хэрэг болбол Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай бүрэн хангаад зогсохгүй жил бүр улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Улмаар Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, Оюутолгойн уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг ханган, гадагшаа урсаж буй 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой гэж байгаа. Харамсалтай нь, өнөө хэр цаасан дээр оршоод зогсохгүй, бодит компани мэт татвар төлөгчдийн нүдийг хуурч, төсвөөс шимэгчлэн “амьдарч” буй нь гадагш урсаж буй 120 сая ам.долларын урсгалыг зогсоохыг хүсэхгүй байгаа хэн нэгний захиалга мэт харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Бүхэл бүтэн хоёр жилийн өмнө буюу УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт 2.1.1-д Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, өмнөд бүсийн стратегийн орд газрууд болон үйлдвэрлэл, технологийн парк, Оюутолгойн зэсийн уурхай болон өмнөд бүсийн уул уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахаар заасан байтал өнөө хэр өндийж чадалгүй цаасан дээрээ үлдсэн энэ компани хэтэрхий их хардлага дагуулж байна, Ерөнхий сайд аа!!!

Төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендэрт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх, үүргийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгчихсөн.

Түүгээр зогсохгүй төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, үйл ажиллагааны нь зардлыг хариуцан, Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даатган хариуцуулчихаад байхад шижигнэтэл ажиллаж чадахгүй байгаа нь гүйцэтгэх захирал Г.Тэнгэртэй холбоотой гэж үзэх үү?!

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг нь аль 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор батлаад өгчихсөн байхад одоо юу хүсч, юу хүлээсэн юм бол… Хоёрхон улирлын ард сонгууль болно… Ард иргэдийн хамгийн түрүүнд нэхэх ажлын нэг нь яалт ч үгүй “Тавантолгой дулааны цахилгаан станц”. Гэтэл гүйцэтгэгч болоод санхүүжүүлэх эх үүсвэрийн сонгон шалгаруулалтыг ердөө 2 сарын өмнө зарласан нь хэтэрхий удаан, хэтэрхий хойрго байгаагийнх гээд дүгнэчихэд хатуудсан хэрэг болохгүй байх.

Нэн чухал, хариуцлагатай тус төслийг хариуцаж буй Г.Тэнгэр гэгч чухам хэн юм бол… Түүний хурд, түүний чадамж энэ том тосөл дээр чамлагдаад буй юм биш биз?!

Ерөнхий сайд асан С.Баярын үеэс МАН-ын Гадаад харилцаанд “гүйдэг” байсан гэдгээр улстөрийн хүрээнийхэн гадарлах энэ эр УИХ-ын дарга Г.Занданшатарыг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад намынхаа Удирдах зөвлөлд багтан орж шүүмжлүүлж, чичлүүлж явсан.

Тэр цагаас Г.Занданшатарын “сүүдэр” гэгдсээр Сү.Батболдын Засгийн газраас гарах үед Б.Болорын оронд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байсан байдаг.

Элчин сайдаар илгээхээр улс сольж зүтгүүлээд ч бараагүй гэх имиж түүнийх.

Ядаж байхад сонгуулийн одгүй.

2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар, “Өгөөж”  компанийн эзэн С.Түмэнгэрэл нартай хамт МАН-аас нэр дэвшээд өвдөг шороодож байсан тэрбээр сүүлд, 2019.04.25-нд Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар томилогдож байв.

Эл албан тушаалд томилогдохдоо 81977.31 мянган төгрөгийн жилийн орлоготой байсан нөхөр Тавантолгой дулааны цахилгааны станц ТӨХК-ийн захирал болсон жилээ 338646.18, дараа жил нь 736561.55 мянган төгрөгийн орлоготой болж огцом хөрөнгөжсөнийг нь АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Гэр бүлийн орлого нь ч, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, хадгаламж дахь хөрөнгө, авлага, зээл нь ч үлэмж өссөн үзүүлэлттэйгээр хувийн орлого зарлагадаа чамбай анхаарч яваа энэ эрийн ямар ажлынх нь чадвар, чадамжид итгэн Тавантолгой дулааны цахилгааны станц гэх том төслийг хариуцуулсан юм бол гэдэг сонирхолтой.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний яам, Эрдэнэс Тавантолгой гээд Тавантолгой дулааны цахилгаан станц төслийг хариуцаад хийчих газар уг нь мундахгүй.

Гэтэл төрийн алба данхар, төсөв хүрэлцэхгүй гэж халаглах атлаа жигтэйхэн өндөр төсөвтэй төрийн өмчит компани байгуулж ирээд татвар төлөгчдийн мөнгийг үргүй хийсгэж буй нь   энэ Засгийн газрын бодлогын алдаа яалт ч үгүй мөн юм.

Орчуулах »
error: Content is protected !!