Пап мордмогц эрх мэдлийн төлөөх ИХ нүүдэл эхлэх нь

Эрх баригчид АН-аас дутахгүй бужигнаж байна. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэх үг энэ өдрүүдэд тэдэнд яг ононо. Ямартаа “Намрын улс төрийн эхэнд хотын дарга Д.Сумъяабазарыг унагаж, том талбай дээр тоглолт хийнэ. Шударга үнэн гэж улс төрд байдаггүй бөгөөд нүүрсний хэрэгт хутгалдсан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар зүгээр суугаад дөнгүүлэх хүмүүс биш. Өргөж тэтгэж явсан нялхастаа нохой шиг хөөгдөөд явсан М.Энхболд өмгөнөж босоод зодоон өдөөнө” хэмээн Х.Мандахбаярын гэгддэг хэвлэлүүд бичсэний төлөө үүнийг нь Д.Амарбаясгалангийн байр суурь гэж хүндээр хүлээж аван уйлалдсан бүлэглэлүүд генсэкээ унагахаар мэр сэр цугларсан гэлцэхэв.  

Улстөрд хэн нэгний үг үйлдлийг бүлэг, фракцийнх нь байр суурь гэж үзэх хандлага дийлэнх учраас буруутгах аргагүй. Тэгэхээр “Х.Мандахбаяр бол Д.Амарбаясгалан юм” гэж хардаг, ойлгодог нөхдөд эл тойм, мэдээллүүд Д.Амарбаясгалангаас Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж тавьсан сум гэж харагдах нь зүй юм.

“Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү” хэмээн бухимдаж байсан Т.Аюурсайхан Шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж буй нь олон хүнд битүүгээр өгсөн сануулга шиг сонсогдож байгааг хэлэх хэрэгтэй. Тэрчлэн нүүрсний сонсголыг Х.Нямбаатар сайд ахлахаар болсон нь түүнд тун таатай байгаа биз.

Нөгөөтэйгүүр намрын чуулган эхлэх дөхсөн энэ үед Булган аймгийн цагдаагийн ажилтан гэнэтхэн шүгэл үлээгээд, Цагдаагийн газрын дарга нь Л.Энх-Амгалан сайдын дүү болж таараад ажлаасаа чөлөөлөгдөж буй явдлыг тохиолдол гэж үзвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Улмаар эндээс сэдэвлээд Л.Энх-Амгалан сайдын улс төрийн ургийн мод дэлгэгдэн, нийгмийн сүлжээнд зууш болон шидэгдсэн нь МАН-ын дотоод дахь зөрчил нэлээд хурц байгааг харуулсан явдал гэчихэд ташаарсан болохгүй юм.

Харин сайд Ж.Сүхбаатарын “Би Монгол Улсын сайд. Д.Сумъяабазарын орлогч, эсвэл хамтрагч биш. Түгжрэлийн сайд гэж хүмүүс намайг хэлээд байна. Энэ асуудал Д.Сумъяабазарын бүрэн мэдлийнх. Би 420 тэрбум төгрөгт огт хамааралгүй. Би нэг ч төгрөг шийдэх боломжгүй” хэмээх арьсаа хамгаалсан мэдээллээс Д.Сумъяабазарын хотын дарга байх тоолуур зогсох дөхсөнийг, жил бүрийн 420 тэрбумын үргүй зардлын хариуцлагаар хаанахын ч хаалга “татаж” мэдэхээр байгааг харж болж байна.

Ер нь Л.Оюун-Эрдэнийг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэж, Засгийн эрх барьсан 3 жилийн тайлангаа тавихыг намын гишүүд нь шаардаж буй энэ цагт Д.Сумъяабазарыг эхлээд буулгах нь хугацаа хожсон зөв нүүдэл мөн гэж үзэх хэсэг бүлэг бий нь бий. Гэхдээ Д.Сумъябазарын тухайд ингээд буучихвал эргээд маш ихийг зарж байж эргэн ирж чадвал чадна, үгүй бол их улстөрөөс үүрд явахаас өөр замгүй тул тэр аниргүйхэн “харих” нь юу л бол…

Тийм ч учраас түүнийг сүүлийн хэд хоногийн турш Л.Оюун-Эрдэнийн эсрэг шидэгдэж буй Хөгжлийн банк, ЖДҮ, Төмөр зам болоод Монголбанкныхны асуудал, Нүүрсний гэх олон хэрэг сэгэлж хаячихаад алийг нь ч шийдээгүй арчаагүй Ерөнхий сайд гэх сошиал “зүхэл”-ийг санхүүжүүлэгч хэмээн хардаад буй биз.

Үүнтэй нэлээд төстэй утга агуулга бүхий “Засгийн газрын ажилд ард түмэн онцмуу дүн тавьж байгаа, энэ Засаг хэтэрхий их хөөстэй тоон мэдээлэл өгч байгаагаас өөр зүйлгүй” гэх шүүмжлэлийг Х.Мандахбаярын гэгддэг мэдээллийн хэрэгсэл тэргүүн нүүрэндээ тавьсан нь МАН-ын Удирдах зөвлөлийн дотоодод түймэр тавиад байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Тиймээс нүүрсний гэх хэргийн шүүх хурал хойшилж, сонсгол нь Х.Мандахбаяр, Д.Амарбаясгалан нараар тогтохгүй Уул уурхайн сайд байсан Д.Сумъяабазарт ч зориулсан хувилбараар ширүүхэн явагдаж магадгүй бололтой.

Тэгэхээр энэ намрын улстөр чинээндээ тултал дүрэлзэж, эрх баригч намын удирдах түвшинд хэд хэдэн “бөмбөг” тэсэрч мэдэх нь.

Арга ч үгүй биз…

Хэн илүү харж, хэн ончтой нүүсэн нь ирэх онуудын их улстөрийн жолоог атгах нь тодорхой тул яахин найр наадам хэсч, намрын айраг шимэн зугаацаж билээ.  

Орчуулах »
error: Content is protected !!