С.Баярцогт АН-ыг удирдаж, Л.Гантөмөр ресепшн төдий суух биз

Ц.Элбэгдоржийн гарт АН бүрэн шилжив бололтой. Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын дунд жонглёрдож байсан тус намыг аль талд нь Л.Гантөмөр гаргаж тавих бол гэсэн хүлээлт улстөрийн хүрээнийхний дунд оньсого мэт байсаар эцэстээ хөзрийн модод дэлгэгдэн тодорхой боллоо.

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хуралдаагүй АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал хэдэнтээ хойшилж, товлосон цаг байрлалаа хоёр ч удаа өөрчилсөөр эцэст нь ийн хуралдсан болж “дүр эсгэв”.

Цоожтой хаалганы цаана С.Эрдэнийн гэх нөхөд хурал үймүүлж, чирэгдэж гарсан нь нөгөө талдаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар С.Эрдэнийг намаас “зайлуулах” тактикийг хамтран боловсруулж, шаардлагатай арга хэмжээг хэл үггүй авлаа хэмээн харагдсаныг нуух юун.

С.Эрдэнийг тоглоомоос гаргаж, цаашлаад улстөрөөс арчих “захиалга”-ыг МАН-аас өгсөн гэлцэх шуум хүчтэй байсныг ч энд хэлэх хэрэгтэй юм. Эдгээртэй зэрэгцэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банкинд байршуулсан, сайд асан Н.Батбаяртай хамтран мөнгө угаасан гэх үндэслэлээр түүний хэргийг прокурорт шилжүүлж буй мэдээлэл эрчтэй цацагдаж байгаа нь тэрбээр МАН-д, АН-д “хэрэггүй” кадр болсныг харуулсан хэрэг биз.

ҮБХ-ны хурлаар 15 дэд даргынхаа хоёрт нь С.Эрдэнийн хүмүүсээс оруулсан гэх боловч нэг нь аль хэдийнэ Х.Баттулгыг дагах болсон, нөгөөхийнх нь дуу хоолойг туниа муутай гөлөг гаслахын дайд ч хүрэх биш хэмээн үзсэн бололтой.

Товчхондоо АН-ыг эмхлэх шатрын хөлөг дээр Ц.Элбэгдорж хожлын нүүдэл хийчихлээ. Тэр С.Эрдэнийг “унтуулж”, Х.Баттулгад хэдэн “тойг” хаяж өгөв.

Түмний нүдэнд тус намын тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогт томилогдсон мэт харагдавч, үнэн хэрэгтээ АН-ын дарга нь тэр боллоо.

Лу.Гантөмөртэй хэн ч юу ч ярьсан байлаа гээд асуудал нь С.Баярцогтын “босгыг” давахгүй нь үнэн. АН-ыг зорих олны цуваа Л.Гантөмөрийг бус С.Баярцогтын өрөөг чиглэх нь зайлбаргүй юм. Намын гадна байтугай дотооддоо ч гишүүд нь Лу-г гэх нь юу л бол…

С.Баярцогтыг хаанаас нь ч харсан Ц.Элбэгдоржийн хүн. Л.Гантөмөрийг намын даргаар сонгох сунгаанд Ц.Элбэгдорж, Б.Хурц нар С.Баярцогтыг түлхсэн нь Х.Баттулгад барьсан өгөөш төдий байж. Х.Баттулга нь С.Баярцогт л биш бол хэн ч байсан яахав гээд Үндсэн хуулийн Цэц рүү цаас хүргэж өгчихөөд Л.Гантөмөрийн зүг паднусан дээр тамгаа тавиад алхчихсан бололтой юм.

Эцэст нь Л.Гантөмөр гэх “саравчин” дор С.Баярцогт сөрөг хүчний дарга боллоо.

Дэд даргаар Ч.Өнөрбаяр, ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяа нар томилогдсон нь дэд дарга нэрт бусад нөхдийг хэмжээнд нь барих С.Баярцогтын “volume” байж мэдэх.

С.Одонтуяагийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргын үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдсэнтэй зэрэгцэн АН-ын эмэгтэйчүүдийн “зодоон” хөшигний ард хэдийнэ эхэлсэн. Гэвч энэ холбооны даргын суудал Ц.Элбэгдоржийн өрөг дээр нэгэнт өрөгдсөн гэхэд хадуурсан болохгүй биз. Нөгөөтэйгүүр, Ц.Элбэгдоржийн гэх халхавч дор “Монгол масс медиа” группийн ТУЗ-ийн дарга, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад МАН-д элсч Монголын Үнэн сонины ерөнхий эрхлэгч, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон “News.mn” төслийн санаачлагч А.Амундраг АН-ын ерөнхий зураглалын “зохиогч”-оор ажилласан гэгдэж байна. Тэрбээр Х.Баттулгыг ч намаас шахаж, бие даалгах эцсийн хувилбар дээр унагана хэмээн эрх баригч намын генсэкт ам гарсан юм байх.  

Түүний сценариар АН-ын генсэкийн суудалд С.Эрдэнэболд орж ирэх аж.

Залуу, мэдлэгтэй, боловсролтой гээд олон имижээр нам дотроо гоё харагддаг тэрбээр наадмын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн ирэх онд Төв аймагт нэр дэвшихээр усалгаа хийж эхэлсэн нь илтэд харагдаж байгаа.

Ц.Элбэгдоржийн хувьд М.Энхболд, Сү.Батболд гэхчлэн МАН-ын нөлөө бүхий кадруудтай  МАНАН гэгдэтлээ ойр явсан, цаашид ч ойр явах тоглогч.

Тэрбээр МАН доторх MCS фракцтай ч хэл амаа ололцчихно…

Тэгэхээр 2024 оны сонгууль, түүний дараа байгуулагдах Засгийн газар ч тэдний зургаар явах нь тодорхой болов бололтой.

Л.Гантөмөрийн хувьд АН-ын дарга гэх хоосон нэрийн хуудас, С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг төөрөгдүүлэх ресепшн төдий нөхөр байж. Намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг нь олох чадваргүй түүнийг “юүлэх” сонирхол одоохондоо Эбэ-д байхгүй төдийгүй, тэрбээр эл хашин зээрдээрээ ирэх сонгуульд ингэсхийгээд оролцох биз. Ганц кноп нь хаа юм гэгддэг байр сууринаас холдуулалгүй барьсаар, Ц.Элбэгдоржийн халаасанд Л.Гантөмөрийн карьер дуусна гэдэгтэй олон ч хүн санал нийлж байгаа.

Тэгээд ч нам доторх фракцтайгаа эв түнжингээ олж, эрх баригч болно гэхээс илүүтэй одоогийн эрх баригчтай тохиролцон хамтарсан Засгийн газар байгуулах тохироотой С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарын хувьд АН-ын тамга тэмдгийг С.Эрдэнэ, Х.Баттулга нарт л биш бол хэнд бариулах нь сүйдтэй асуудал биш юм.

МАН-д М.Энхболд эргэн ирсэн… Түүнийг оролдсон, ухсан хэн боловч савлачих гээд амаргүй байгааг наадмын өдрүүдэд хангалттай харсан биз. Энэ нь М.Энхболд хүчтэйдээ бус, гуравдагч хөрш рүү давж тоглосон одоогийн удирдлагууд хойд, урд хөршүүдэд төдийлөн таалагдаагүйнх гэдгээр улстөрч сонирхогчид тайлбарлаж байна.

Тэгэхээр намрын налгар өдрүүд МАН-д ч дэгэнтэй, догонтой байх нь… Юун хурим найр, юун Солонгосоос оруулж ирэх утаагүй түлшний үйлдвэр…

Орчуулах »
error: Content is protected !!