АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) энэ сарын 28-нд хуралдана. Хэд хэдэн удаа хойшилсон ҮБХ товлосон өдрөө хуралдах эсэх эргэлзээтэй ч сонгуулиас урьтаж гишүүдээ бөөгнүүлэн генсэкээ тодруулах шаардлага эл намд бий.
Сөрөг хүчний орон зай Монголын улс төрд үгүйлэгдэж байгаа ч АН бусдыг сөрөхтэй манатай байгаа нь үнэн. Ядаж байхад ямар ч олон фракцитай юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын жишиг гэж тодорхойлдог энэ олон толгой нь өнөөдөр тэдэнд хамгийн их лай ланчиг болж байна.
ҮБХ-ны хурлын сургаар фракциуд нь хөдөлгөөнд орж, хөдөөгүүр дээлтэй, дээлгүй, тугтай туггүй харайлдаж явна.
АН-д жин дардаг фракц бол МоАХ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг эл фракц Л.Гантөмөрийг АН-ын дарга болоход томоохон үүрэг гүйцэтгэсэн. Үүнийхээ хариуг дориухан авахыг хүссэн ч Ц.Элбэгдорж тэргүүтэн түүний хэр хэмжээг тогтоочихоод хөдөлгөхгүй байгаа.
Ядаж байхад Х.Баттулгыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх хийх болсноос хойш МоАХ-ны анхдагчид нь талцаж эвдрэлцээд даргын суудлаа хүртэл булаалдан, хэсэгчилсэн хуралдаанууд хүртэл хийгээд амжсан. Тэр бүү хэл, анхдагчдаас нь Л.Болд, Ж.Батзандан нарын “ШИНЭ” нам буюу “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг дэмжиж ажиллахаа мэдэгдэж байсан удаатай.
Х.Баттулгын хувьд АН-ын генсэкээр П.Галиндэвийг зүтгүүлэхээр Л.Гантөмөрт шахалт үзүүлээд байгаа. П.Галиндэв 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвшиж байсан нэгэн. Харин С.Ганбаатарыг нарийн бичгийн даргад санал болгож байгаа юм байх. С.Ганбаатарыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МоАХ-ны дэд даргаар томилсныг уншигчид мэдэх биз.
Алтангадас фракцийнхны хувьд АН-д амь бөхтэй оршсоор байгаа. Нэгэн үе намынхаа их хуралд хэт олондож явсан үетэй харьцуулахад хүч суларсан ч МоАХ-ны дэргэд жулдахгүй. Тиймээс Н.Алтанхуягийг чиглэсэн улстөр сүүлийн үед эрчимжиж, АН-ын байр сэлтийг үгүй хийсэн өөдгүй эр гэхчлэн дайрах болсон. Гэхдээ үнэн хэрэгтээ АН-ын байр байсан газрын гэрчилгээг гартаа оруулчихвал О.Цогтгэрэл нь байр барьж, буудал болгочихъё гэж Х.Баттулгатай үгсэн тохирсон гэх яриа АН-ын дотоодод тархаад байна. Тэрбайтугай, О.Цогтгэрэлийн барих байрнаас Х.Баттулга, МАН-ын генсэк Д.Амарбаясгалан хүртэл нэг, нэг давхрыг авахаар “зурсан” гэлцэнэ. Гэхдээ энэ мөрөөдөлд нь Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэн саад болоод буй юм байх. Тэрбээр АН-ын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа болохоор Лу.Гантөмөр, О.Цогтгэрэл нарын үйл хөдлөлд ихээхэн саадтай байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Алтангадас фракциас АН-ын генсэкийн суудлын тухайд Я.Санжмятав гэх хөзрийг дэлгэж, энэ нь МАН-ынханд ихэд таалагдаж буй гэнэ.
Тиймээс Л.Гантөмөр бусад фракцтайгаа тохирч чадвал Я.Санжмятавыг Ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжих магадлал өндөр төдийгүй Х.Баттулга ч Я.Санжмятавын талд гар өргөх боломжтой хэмээн харагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Х.Баттулгыг намын дарга болно гэж хийсч явахад Я.Санжмятав дэргэд нь дарцаглаж явсныг хэн хүнгүй мэдэх биз.
Харин С.Эрдэнийн тэргүүлсэн “Шонхор” фракц үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. АН-д дээрх хоёр фракцийн дараа эрэмбэлэгдэж байсан “Шонхор”-оос З.Энхболд тэргүүтэн өрх тусгаарлаж “Хангарьд”-ийг байгуулснаар тус бүлэглэлийн хүч нэлээдгүй суларсан. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ эцсээ хүртэл эл намд амь бөхтэй оршиж, албан тушаалын хуваарилалтаас хоцрохгүй л яваа нэгэн. Тэрбээр Я.Санжмятавыг тэтгэвэртээ суу, залуучууддаа боломж олго хэмээн хэмээн ширээ шаасан сураг бий.
Түүний бухимдлыг зөөллөж аргадахдаа “Шонхор” фракцид АН-ын дэд даргын суудлыг Л.Гантөмөрийн зүгээс амласан гэгдэж байна.
З.Энхболдын “Хангарьд” фракцийн хувьд Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-тай өнгөн дээрээ тусдаа мэт тоглолт үзүүлж, албан тушаалын хуваарилалтад салбарлан орж, шахаа үзүүлээд гаршчихсан гэхэд хилсдэхгүй. Энэ жаягаараа ҮБХ-ны хурлаар АН-ын генсэк асан И.Мөнхжаргалыг түлхэх юм байх.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь”, М.Тулгат нарын “Од”, Ц.Жадамбаагийн “Морьтон”, Увс аймгийн гаралтай гишүүдийнх нь “Анчин”, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарын “Соёмбо”, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН гээд олон фракци дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй ээ гэлцэн зүтгэж байна.
Тэд Л.Гантөмөрийг дэмжсэнийхээ хариуг ҮБХ-ны хурлын үеэр авна гэдгээ дор бүрнээ илэрхийлсээр байгаа.
АН Засагласан 2012-2016 онд “Одоогийн Засгийн газрыг таван фракц хувааж авсан нь Монгол Улс таван Засгийн газартай ажиллаж буй мэт асуудал болж байна” хэмээн тухайн үеийн АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг ярилцлага өгч байв. Тэрбээр төрд гарсан нөхөд улс орны байтугай намын бодлого ч ярьдаггүй, зөвхөн өөрийн фракцийн эрх ашгийн төлөө л ажилладаг хэмээн хатуухан шүүмжилж байлаа.
Өдгөө эл байдал бүр дордож 20 шахам фракцийн хэл ул, хэрүүл шуугиан дунд Үндэсний бодлогын хороо нь хуралдаж чадахгүйд ч хүрч мэдэхээр байна. Ядахад яр гэгчээр нэг туган дор багтаж шингэхгүй байгаагаа илэрхийлэн Х.Баттулга тэргүүтэн ХӨХ туг намируулан хөдөөг зорьж, хэзээ хэрхэн эргэж ирэх нь тодорхойгүйгээр гараад шидчихлээ.
Харин үүнийг нь үл ойлгон үлдсэн бусад фракцийнхан МоАХ-г намаасаа хөөгөөд ҮБХ-гоо зарлан хуралдуул хэмээн Л.Гантөмөрийгөө шахаад, шаардаад эхэлсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.