Татвар төлөгчдөө шоронд чихэхээс өмнө албан тушаалтнуудаа ачихгүй юм уу, эрх баригчид аа!!!

Баячууд зодолдоход барлагийн биед цус үсэрдэг явдал энэ цаг үед өөрчлөгдөж “Улстөрчид эрх мэдэл булаалдахад иргэд, хувийн хэвшлийнхэн ял зэмийг нь үүрдэг” болж…

Монгол Улсын хөгжлийн стратеги ихдээ дөрвөн жил. Заримдаа хэдхэн сарын настай байх нь хэвийн үзэгдэл болсоор удлаа. Гутамшиг гэдэг энэ байх.

Улстөрчдийн гаргасан шийдвэр, мунхаг цүнх баригчдын ухамсрын хүрээнд монгол төрийн бодлого эргэлдэж, ард түмэнд таалагдах гэсэн гажуудлынх нь балагт энэ улсын хөгжил чирэгдэн, эцэстээ бизнес эрхлэх зүрх зоригтой, төсөл тендэрт оролцох жинхэнэ бүтээн байгуулагчид ширхэг ч үгүй боллоо.

Хэзээ, хэн нь гарч ирээд ялтны ширээ рүү чирч, ялын тогтоол унших бол гэх айдаст улсаараа автчихлаа.

Эрх мэдэлтний хүүхэд, амраг садан, ангийн андад нь өгсөн төсөл, тендэрийн ажлаа хөгжил, бүтээн байгуулалт гэж харсан, дүгнэсэн “сохор” улстөрчид олширлоо… Одоо ЗОГС!!!

Эрүүлээр харах ганц болтугай улстөрч үлдсэн бол НҮДЭЭ НЭЭ!!!

Монголд, улстөрөөс ангид иргэд, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болоод үйлчилгээ эрхлэх, шинийг бүтээх зориг тэмүүлэл бүхлээрээ зогсч, царцчихлаа… Сав л хийвэл барьж хорьж, цагдаж ялладаг харгислалаас чинь бүгд айн хөдлөхөө больчихлоо, эрхэм эрх баригчдаа!!! Дотоодын хөрөнгө оруулагчдадаа “зүүлгэсэн” цахим гав, хориг цааз, дэлгээтэй шоронгоос чинь гадны хөрөнгө оруулагчид эмээж эхэллээ… Дэлхийн энтэй сэтгэж, дэлхийн дайдад алхаж, хилийн гаднаас хөрөнгө оруулагчид олж ирдэг бизнесмэнүүдээ дотоодод нь хорьчихоор, дотоодод нь нэр хүндийг нь булшилчихаар энэ улсад хэн, юу хийх юм бэ…

Монгол Улсын эдийн засгийг өнөө хүртэл чирч, улсын төсвийн гол нөөцийг бүрдүүлж буй томоохон татвар төлөгчдөө бүгдийг нь “булшиллаа”. Нэр цэвэр, дайруулж, дэвслүүлээгүй ТАТВАР ТӨЛӨГЧ үлдсэнгүй. Хилийн чанадад, гадны хөрөнгө оруулагчдын өмнө нүүр бардам хэлцэл хийж, хөрөнгө татчих ширхэг ч бизнесмэнгүй болсон нь үндэсний ЭМГЭНЭЛ юм…

Бизнесмэнүүд, үндэсний хөрөнгөтнүүд, дотоодын хөрөнгө оруулагчид гэдэг тусгаар улсын хүчирхэг оршихуйн дархлаа гэчихэд хэтийдсэн болохгүй.

Дэлхийн улс гүрнүүдийн төрийн бодлого, Засгийн газрын шийдвэр нь хувийн хэвшлээ, татвар төлөгчдөө хамгаалахад, хальтирахад нь түшихээр боловсруулагдаж, алдаатай бодлогоос нь алдагдалд ороход хүрчихвэл нөхөн олговор олгож, өндийлгөхөд нь чиглэгдэж байна. Гэтэл манай улсын эрх баригчид тэс эсрэгээр ажиллаж, дотоодод байтугай гадаадад ч нэр хүндгүй болгон шившиглэж буй нь ГУТАМШИГ.

Төрд, төсвийн байгууллагад ганц өдөр ч ажиллаж үзээгүй бизнес эрхлэгчдийг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх ичиж үхмээр зүйл ангиар яллан хэрэгтний ширээнд суулгаж, эрүүл мэнд, амь насаар нь “наадах” хэвийн үзэгдэл боллоо.

Гэсэн атлаа төр, төсвийн бүтээн байгуулалтад урьсан, хэлцлийн ширээний ард дуудсан үе үеийн эрх баригч, шийдвэр гаргагчид нь огт буруутдаггүй, тэд нь сүнс сүүдэр мэт алга болдог арчаагүй жишигтэй.

НИК-ийг хувьчилж авсан асуудлаар Ж.Оюунгэрэл агсныг хуулийн байгууллагынхны ширээн дээр хаяж өгч олон жил боорлосон. Авсныг нь зүхээд байснаас өгснийг нь ил гаргаагүй. Эцэст нь оффшор данстай өөдгүй муу олигарх хэмээн нийгмийн сүлжээнд шидэж бах таваа хангацгаасан.

Үнэн хэрэгтээ Ж.Оюунгэрэл агсан зөвхөн 2014-2018 онуудад гэхэд л “Петровис” группээсээ  402 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээс 93.833.687.771 төгрөгийн татварыг нас барахынхаа өмнөх онд төлж байсан томоохон татвар төлөгч, бүтээн байгуулагч байв. Ганцхан оных нь татвар л 950 хүүхдийн 7 сургууль, 190 км авто замыг шинэчлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө гэдгийг эрүүл ухаантай хэн ч тооцож дөнгөнө. Харамсалтай нь, ийм том татвар төлөгчөө алдсандаа Төр нь байг гэхэд Татварын алба нь эмгэнэл илэрхийлсэн бил үү?!

“Алтжин”-гийн Г.Алтан гэх шижигнэсэн эмэгтэй өнөөдөр мөн л бидний дунд алга.

Тэрээр “Жаст” группийн захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан, хуурамч бичиг баримт үйлдэж их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр шалгагдаж байв.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгасан ч Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласны улмаас эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг чаддаг, мэддэг улсаас нь авч чадалгүй байсаар хорвоог орхисон. Энэ хэрэгт мөн л бизнес эрхлэгчдийг буруутгаж, яллаад байгаа болохоос буруутай алхам хийх боломжийг нь олгосон эрх баригчид, шийдвэр гаргагчид мөн л сүнс сүүдэр мэт сураг чимээгүй.

“МАК”-ийн Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон. Түүний хувьд дээрх хүмүүсийг бодвол албан тушаал хашиж байснаараа буруутгагдсан ч энэ нь шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт болсон хэмээн түмэн олноороо шүүмжлэлтэй хандаж байгаа.

Өнөөдөр “Монполимет”-ийн Ц.Гарамжав гэх томоохон татвар төлөгчийг ханшийн зөрүүнээс болж нийгэм даяар адлахад хүргээд байна.

2002-2007 онд Монголбанк Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хайлааст, Эрдэс, Эрэл, Тайга инвест, Алтандорнод Монгол, Монгол газар, Монполимет зэрэг 10 гаруй  компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн. Эндээс Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31.6 сая ам.долларын ашиг олсон гэдэг. Ашигтай ажилласныхаа дараахан 2007.04 сард Монголбанк компаниудтай байгуулсан гэрээгээ цуцалснаар мөнөөх үл ойлголцол дагуулсан 10 тэрбумын маргаан дэгдэж, өнөө хэр үргэлжилсээр байна. Уршигт нь Монголын маань бас нэгэн томоохон аж ахуйн нэгж, татвар төлөгч нийгмийн хог шаар болтол адлагдаж буй нь гашуун үнэн.  

Өдгөө Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийг луйварчин, адгийн новшоор нь дуудан хорьж цагдахдаа тулж байна. Эрдэнэтийн 49 хувийг авчирсных нь төлөө буруутгаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”-н хувьчлал, концессийн гэрээгээр адлан, эцэст нь гав зүүж гарч орох эрхийг нь хязгаарлахаар зэхчихлээ. Мөн л энэ улсын толгой, томоохон татвар төлөгчдийн нэг… Гэтэл элэг солиулахаар донор хүлээн, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадагш явсныг нь мушгин гуйвуулж, мэдээлэл дутмаг олны дунд хөсрийн яс мэт хаяж боорлуулаад эхэллээ. Хувьчлал, худалдан авалт, гэрээ концессийг эзгүй төрийн эзэнгүй өрөөнд өөрөө гүйж ороод үйлдчихсэн мэт хулгай зэлгийч, луйварчин шулаачнаар нь дуудаастай. Төрийн өмчийг хариуцаж, шийдвэр гаргаж байсан эрхтэн дархтан, шийдвэр тогтоол үйлдэгчид нь бүгд сүнс сүүдэргүй алга болчихсон. Тэднийгээ олж, хамтад нь хариуцлага ярих байтал, муу л бол хойд зүгийн хар овоохой болсон хувийн хэвшлээ гадна, дотоодод бизнес эрхлэхийн эцэсгүй болтол “ялласан” хэвээр… Хөрөнгийг нь хураана, барьцаанд үлдээсэн мөнгийг нь залгина… Гутамшиг биш үү, эрх баригчид аа!!! Ямар өлөн, ямар ичгүүргүй шийдвэрүүд вэ!!!

Манай улсын татварын бааз хэдхэн баганатай. Хэзээ ч нуран унаж мэдэх дорой, эмзэг.

Харамсалтай нь энэ мэт замаар тоотой хэдхэн, толгой болсон томоохон татвар төлөгчдөө үнэн худал нь үл мэдэгдэх хэргүүдэд ял тулган нугаслах нь хэрээс хэтэрч, хэн нэгний захиалга мэт зугуухнаар “үхүүлж” буй нь аймшигтай юм.   

Цагаан будаанаас илүү хоолгүй, сийрсэн малгайнаас өөр хувцасгүй шахам байсан япончууд хөнгөн үйлдвэрээ, дараа нь хүнд үйлдвэр, цаашлаад автомашин, электроникийн үйлдвэрлэлээ дэмжсээр өдгөө тэргүүлэх гүрнүүдийн нэг болчихлоо. Тэдэнд иргэд нь, бизнес эрхлэгчид нь үнэтэй учраас хар тамхины хэрэгт гүтгэгдэн Монголоос хөөгдсөн иргэнийхээ нэр төрийг сэргээлгэн, японы ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байгаа…

Савангийн дуурийг нь нүд салгалгүй үздэг БНСУ гэхэд дэлхийн 10 гол экспортлогч орны нэг болсон. Телевизор үйлдвэрлэлээр дэлхийд нэг, хөлөг онгоц үйлдвэрлэлээр хоёр, бэлэн хувцас, гэр ахуйн цахилгаан бараа болон бөс бараагаар гуравдугаарт жагсч байна. Төмөрлөг, хий, машины үйлдвэрлэлдээ ч онцгой анхаарч, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тулах цэг нь болж байна.

Үндэсний хөрөнгөтнүүддээ тулж боссон АНУ-тай ярих ч юм биш.

Гэтэл бид тамын тогооноос толгой илүү гарснаа татан унагаж уйлалдсаар дэлхийн шившиг боллоо, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хувийн хэвшлээ чичилж, татвар төлөгчдөө шоронд чихэхээсээ өмнө үе үеийн шийдвэр гаргагчид, гарын үсэг зурж, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад эхлээд хариуцлага оноодог, тэдний гэм бурууг түрүүлж шийддэг болчих. Эс бөгөөс гадны хөрөнгө оруулагчидтай гэрээ контракт ярьдаг, дэлхийн тавцанд мөрөө гаргах нэр нүүр дүүрэн бизнесмэнгүй болчихлоо, бид… Бүгдээрээ “ялтан”, бүгдээрээ итгэж үл болох гэмт хэрэгтнүүд боллоо!!!

Хүн алж, хүрээ хот тоносон биш… Хувийн хэвшлийнхэндээ төмөр нүүрээ түрүүлж харуулахаасаа өмнө хэлцлийн ширээний ард сууж, алдаагаа хамт засч, алдагдлаа цуг үүрээд босох нуруутай бай, эрх баригчид аа!!!

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэх худал лоозонд чинь ДЭЛХИЙ ч итгэхээ болиод удаж байна.

Бизнесээ авч үлдэхийн тулд төрд шургалахаас өөр арга үлдээгүй хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хэлж байсныг өдгөө аргаа барсан иргэн бүр ярьж байна, Д.Амарбаясгалан дарга аа!!!

Түүний “Энэ улстөрчид чинь дээрэмдээд зүгээр суулгахгүй байна. 2013 онд миний бизнесийг дээрэмдэх гэж АН-ын улстөрчид намайг 60 хоног ганц худагт хорьсон. Зүгээр байгаа хүнийг шууд хорьдог. Би тэднээс тэнэг юм уу. Надаас ухаан муутай улсууд намайг дээрэмдэхээр хэний ч уур хүрнэ биз дээ. Би энэ ухаан муутай хүмүүсийг тэжээх гэж бизнес хийж байгаа юм уу. Тиймээс би бизнесээ хамгаалах гэж Их хуралд орж ирсэн юм” хэмээж байсныг хэн ч мартаагүй байна.

Б.Дэлгэрсайханы нэгэн цагийн энэ бухимдал өдгөө хэн бүрийн цээжинд асч, төв талбайд жагсаадаггүй юм бол цахим жагсаал, сошиал эсэргүүцэл эхлүүлнэ хэмээн хувийн хэвшлүүд нэгдэж эхэлснийг эрх баригчид эрхбиш анзаарч л буй байх…

Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг дээ!!!

Орчуулах »
error: Content is protected !!