АН-ын дотоод тэмцэл аль хүрч зогсох бол…

Чулууг чулуу биш ус дийлдэг гэдэг. Ус хэдий мөлгөр ч хадыг элээдэг гэгчээр Л.Гантөмөр АН-ыг сэхээнээс энгийн тасаг руу шилжүүлэх аядаж байна. Гэхдээ олон нийтийн хувьд Л.Гантөмөр гэхээсээ МАН-ын генсэк Д.Амарбаясгалан АН-ыг алсаас хөдөлгөж байна хэмээн хардаж буйг энд дурьдахгүй өнгөрч яахин болно.

АН-ын албан ёсны дарга гэхээс өөрөөр тамга, гэрчилгээгүй Л.Гантөмөрийг хэний ч дохиуроор хаанаас ч хөдөлгөж болох, зүрх зориггүй кадр гэх ганц тодотгол дээр Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар санал нэгдэн “томилж” байсан гэгддэг.

Хоёр ч сонгууль дараалан дотооддоо өрсөлдөж ялагдал хүлээсэн, эцэст нь хоёр байтугай хуваагдан сөрөг хүчний сүр хүчээ гээсэн тэдний ар хударгаар МАН дангаараа төрийн эрх барьж, “жаргалдаа ташуурч” буйг бид мэднэ.

Хэт бөөрөнхий, төвийг сахисан байр суурьтай гэгддэг Л.Гантөмөр гурван сар гаруйн хугацаанд тамгагүй, гэрчилгээгүй явсан. Эцэст нь С.Эрдэнэ тамгаа, Х.Баттулга гэрчилгээгээ хадган дээр тавиад ирсэн ч тэрбээр өнөөг хүртэл Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж чадаагүй л байна.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн наадмын дараахан ажлын албаны даргаараа Э.Одбаярыг томилж, комедиан Н.Амаржинг өөрийн зөвлөхөөр дэргэдээ авчирсан түүний үйл хөдлөл, үг хэл бүрийг улстөр сонирхогчид анхааралтай ажиглаж байгааг хэлэх хэрэгтэй.

“Авъяаслаг монголчууд” шоунд орж олны анхаарлыг татах болсон Н.Амаржинг улс төрийн намтаргүй нэгэн гэх шүүмж өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд хөвөрч, АН-ын залуучууд нь эсэргүүцэх ч нөгөө талдаа цоо шинэ өнгө, дуу хоолой гэгдэх дэмжлэг ч мөн харагдаж байгаа юм.

Н.Амаржинд Э.Одбаяртай ижил жагсаал хийж, талбайд орилж явсан түүх байхгүй. АН-ын залуустай адил улстөрийн ямар нэгэн алба хашсан намтар алга.

Гэхдээ улстөр судлаач, олон улсад багшлах эрхтэй тэрбээр хоосон цүнх баригчдыг бодвол “Universal” англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш хүн юм.

Олон нийтийн уур амьсгал, нийтийн анхаарлыг татах авьяастай тэрбээр АН-д авралын од болон гийх ч юм билүү, хэн мэдлээ.

Одоо АН-д байр хэрэгтэй. Х.Баттулгын хатавчинд хэдий болтол хоргодох билээ?!

Гэхдээ С.Эрдэнийн шидсэн чулууг хөөж, Д.Эрдэнэбилэгээс байр нэхэмжлэн гэдсэндээ хөлөө жийлцэх нь хэр оновчтой байсан юм бол…

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбатын хэлснээр “сахал” хочит Д.Эрдэнэбилэг АН-ын байрыг авснаас болж нам нь бутарч, хоёр ч шатны сонгуульд ялагдал хүлээсэн юм байх. Тэрбээр “АН-ын байрыг Худалдаа хөгжлийн банкинд өгч, томсгох асуудлаар Н.Алтанхуяг гэрээ байгуулсан. Худалдаа хөгжлийн банкнаас байрныхаа төлбөрт авсан мөнгийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, Ц.Элбэгдоржид зарцуулсан гэдэг юм билээ. Тэгэхээр АН-ын залуусын ярьж байгаа “том бүлэглэл” нь Н.Алтанхуяг+ Ц.Элбэгдорж+Эрдэнэбилэг болж таарч байх шиг. Бид Д.Эрдэнэбилэгтэй тооцоо бодно” гэв.

Түүний мэдэгдлээр бол Д.Эрдэнэбилэгт худалдсан мөнгөөр нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэж байх шиг байгаа юм. Тэгэхээр ердийн арилжаанд оролцсон бизнесмэн яахаараа ч тус намын томоохон бүлэглэлийн “толгойлогч” болчихдог юм, үл ойлгогдоно. Улмаар АН-ын 200 мянган гишүүн намынхаа газрыг автал тэмцэнэ гэж байгаа. Тэгэхээр 2013 оны сонгуульд зарцуулсан мөнгөө өнөөдрийн ханшаар тооцон буцаан төлж байж л газрын маргаандаа орох бололтой юм.

Ямартай ч намрын чуулгантай зэрэгцэн АН-ын залуус “Д.Эрдэнэбилэгийн эсрэг” гэх буурай уриан дор бужигнаан үүсгэх бололтой…

А.Цэрэнбатын тухайд өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн талд ажиллаж, Х.Баттулгын эсрэг бухимдалтай дуугарч явсан нэгэн. Энэ өнцгөөс харвал С.Эрдэнийн хүч суларч, эцсийн сумаа тавьж буй нь тэр юм болов уу даа.

Татвар төлөөгүй гишүүдийг намын Үндэсний бодлогын хорооноос хасах шийдвэрийг Л.Гантөмөр гаргаад байгаа. Үүнийг Х.Баттулгаас С.Эрдэнэд хаягласан “ил захидал” хэмээн улстөрийн хүрээнийхэн тодорхойлж байна. Тэр бүү хэл, АН-аас С.Эрдэнийг хөөх тактик гэж үзэх хэсэг бүлэг бий бөгөөд үүнд нь сөргөсөн С.Эрдэнэ намын байр, Д.Эрдэнэбилэгийг зүхсэн хэвлэлийн хурал хийлгэлээ гэлцэж буй юм.

АН-д энэ мэт амаргүй өдөр, амаргүй асуудал дэндүү их.

Ойрын хугацаанд Үндэсний бодлогын хороо нь хуралдаж УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор бодлогын хорооны гишүүдээ ч нэмэх эсэхийг шийдэх юм байх. Ерөнхийдөө АН-ыг бүрдүүлэгч олон фракцийн эрх ашгийг хангахын тулд зөв хуваарилалт, аль аль талцлыг тэнцвэржүүлэн баригч генсэк, дэд дарга нарыг сонгох асуудал яахын аргагүй толгойн өвчин л дөө. Ядаж байхад толгойн өвдөлт шиг даргатай болчихсон болохоор хэрхэн зөв давж, зөвлөлдөн урагшлах нь оньсого, таавар…  

АН-ын генсэкээр Х.Тэмүүжин, Ц.Баатархүү нар өрсөлдөх шуум бий. Гэсэн ч тэдний аль аль нь МАН-ын генсэкт таалагдахгүй байгаа гэх хоржоонт мэдээлэл цахим орчинд нисэн, буун цацагдаж буй нь сонирхолтой.

Дэд дарга нарын тухайд бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын нэрс яригдаж байгаа.

Энэ бүгдээс илүүтэй нь Үндэсний бодлогын хорооны хуралтай давхцуулан Л.Гантөмөрийг огцруулах акц өрнүүлэхээр Х.Баттулгын зүгээс бэлтгэл ажлаа базааж байгаа төдийгүй үүнд нь МАН-ын генсэк Д.Амарбаясгалан тусалж байна гэх цочир мэдээлэл эрчтэй яригдаад эхэллээ.

Х.Баттулгын тухайд шинэ нам байгуулаад явах сонирхол бий ч амжилт олохгүй.

Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийг бараадан, Д.Амарбаясгаланг тойгдон өнөөг хүрч яваа. Магадгүй Л.Гантөмөрийг огцруулах нэр дор сонгуулийн тойрог хуваарилалт, намын нэрийн жагсаалт, ҮБХ, намын дэд даргын суудал дээр давуу эрх эдлэх сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Эс бөгөөс Л.Гантөмөрийг огцруулах акц өрнүүллээ гэхэд Алтангадасаас өөр дэмжих фракц олдохгүйгээс гадна Л.Гантөмөрөөс өөр хүн тус намын дарга болчихвол Х.Баттулгад улам л хүндрэлтэй болно. Дэмжиж магадгүй гэх Алтангадас ч “женко”-г гэх нь юу л бол?!

Нэгэн цагт Х.Баттулга, З.Энхболд нар Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, намын даргын суудлаас чирч буулгаж байсан гашуун түүхийг Алтангадас нь мартчихаагүй л байгаа байх.

Орчуулах »
error: Content is protected !!