Бид багшийгаа ЗОХИОЛЧ болгож, багш биднийг ХҮН болгосон “хүйн” холбоотой

Төрж өссөн нутгийн минь 100 жил ирэх онд, төрөлх сургуулийн маань 90 жил энэ онд тохиож байна. Миний өссөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам ч, хүй цөглөж хүн болсон газар шороо минь Лүн толгой, тунгалаг Туулын хөвөө билээ.

Тухайн үед Төв аймгийн Лүн сум нь ойролцоох 5 сумын иргэдэд үйлчлэх нэгдсэн том эмнэлэгтэй, нарийн мэргэжлийн эмч нартай сум байсан гэдэг. Тэр утгаараа намайг төрүүлэхээр ижий аав минь Угтаалцайдам сумаас тус сумын эмнэлэг бараадан ирцгээсэн бөгөөд тэр нь ч оносон гэлцдэг.

Төрөөд л өвдөж, ангир уургаа амалж чадалгүй бүхэл бүтэн 6 сарыг Лүн сумын эмнэлэгт хүн болох, эс болохын заагт тарчилж, эцэстээ амь тасарсан хэмээгээд мооргт ороод эргэж боссон гэх түүх минийх.

Ойролцоох 5 сумаар тогтохгүй эрдэм чадал, суу алдар нь түгсэн, гайхалтай эмч нар болох тухайн үеийн Эмнэлгийн дарга, эмэгтэйчүүдийн эмч Саграйжав, хүүхдийн эмч Дөнгөт, мэс заслын эмч Дашдэндэв, бага эмч Батсүх, миний биеийг эх барьсан эмч Ганбүргэд, өвчтөн үйлчлүүлэгчдэдээ “дугуй цагаан” хэмээн хайрлагдсан сувилагч бүсгүй, эмийн сангийн эрхлэгч Туяа нар тэрхүү шаналант 6 сарыг аав ээжтэй минь хамт туулж, буй бүхнээ намайг хүн болгохын төлөө зориулсан юм гэдэг.

Эрдэм чадалтай эмч, мэргэжилтнүүдийн зэрэгцээ орчлонгийн учир шалтгааныг таньж мэдсэн, мөн л ойролцоох сумдадаа хүндлэгдсэн “Ажаа” гэх эрдэм төгс ламын ачийг ч мартаж үл болох.

Хүүхдийн эмч Дөнгөт “Хүн л болж байвал оноосон нэрээр яахав. ЭНХТУУЛ нэгдлийн нэрээр дуудаад эрлэгийн үүдийг хаачихъя” гэсэнтэй адил АЖАА лам ээжийн минь хуруун дахь ганц алтан бэлзгийг газрын хэвлийд хаяж, амийг минь сольсон гэж байгаа. Түүгээр үл барам 108 айлаас торгоны өөдөс гуйж дээл хийлгэн өмсгө гэснээр аав минь Лүн, Угтаалын таних танихгүй айл бүрээс алгын чинээ торго гуйн Угтаалцайдам сумын Талын уул багийн уран эмэгтэйчүүдээр оёулж байтал мөнөөх АЖАА лам гэнэт “108 өнгө бүрдээгүй байгаа бол эхлээд 54 айлынхаар өлгий хийгээд нөмөргө, хүүхэд буцах гээд байна” гэж байсан юм гэдэг.

АЖАА лам Угтаалцайдамд, өвчтэй би Лүн сумын нэгдсэн эмнэлэгт байхад яаж ч тэгж айхтар мэддэг байсан юм. Нээрэн л, эхлээд өлгий хийлгээд нөмөргө гэдэг өдөр нь тэнгэр боллоо хэмээн тэр аяар нь айлгаж байсан гэж байгаа.

Ингэж л хоёр сайхан сумын уул ус, зон олны хүчээр БИ гэдэг хүн энэ хорвоод уягдаж, хүмүүн заяанд хөлөө олон өндийсөн байдаг.

…Ирэх онд сайхан нутгийн минь 100 жилийн ой болох гэж байдаг. Харамсалтай нь замын зуугуулуудад өөрсдийгөө төлөөлөх итгэл өгч 30 жил тасралтгүй сонгосны хариуд автозам ч үгүй, арилжааны интернэт шугам сүлжээ ч үгүй лүглийж суугаа нь хайран.

Уг нь газар тариалангийн бүс нутгууддаа Засгийн газар нь хамгийн түрүүнд авто зам, харилцаа холбоог нь шийдээд өгдөгсөн бол хичнээн сайхан бэ?!… Орон нутгийн, тэр дундаа газар тариалангийн дундуурх зам дэржигнүүр ихтэй, асуудалтай байдгийг хэн хүнгүй хамгийн сайн мэдэх. Тариалан эрхлэлтийг дэмжих сантай атлаа тариалангийн бүс нутгуудаа дэмжих, хөгжүүлэх, хамгаалах бодлого огт байдаггүй нь “алтыг аваад авдрыг гээхтэй” адил анхаарах л асуудал.

…Энэ онд төрөлх сургуулийн минь 90 жилийн ой тохиож байна. Хоёрын хоёр сум орон, зон олонтойгоо нийлж намайг энэ ертөнцөд хүн болгон үлдээсэн бол өнөөдрийн БИ-г Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургууль, эрдэмт мэргэн багш нар минь бүтээсэн юм.

Сургуульд ордог жил элсэгч хүүхдийн тоо их байгаагаас 4 бүлэг үүсгэн анги хуваарилсан байдаг. Ээж маань Ц.Сосор багшийн гарт атгуулахыг хүссэн боловч авахаас татгалзсан юм гэдэг. Учир нь зулай дээр минь гишгэж төрсөн, миний ах С.Бямбажавхлангийн дэггүй, сахилгагүйгээс ядарч залхан, одоо дүүг нь өөр багшид өгөөрэй гэж. Хайртай ах минь хүний хорвоод тэгтэл удаан наслахгүй байсан болоод л сум орон, сурган хүмүүжүүлэгч багш нартаа нүдлэгдтэлээ үймүүлдэг хүү байсан байх даа.

Ингээд ахынхаа дэггүйгээс болоод би ээжийн хүссэн багшид “гологдон”, сургуулийн нэгдсэн хуваарилалтын дагуу О.Сундуй багшийнхаа шавь болж, өнөөдрийн бүхий л амжилт, амьдралын минь үнэ цэнэт бүхнийхээ эхлэлийг тавьж байлаа.

Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч, яруу найрагч багш маань “Үлгэр зохиох дуртай шавь нар минь намайг зохиолч болгосон” хэмээн дурсдаг бол, хичээлийг танхимаар бус байгальд, газар дэлхийдээ ойр байж хийдэг, заадаг байсан багш маань биднийг гайхалтай хамт олон болгож, сайн сайхан амжилт бүгдийн минь түлхүүрийг атгуулсан эрхэм дээд хүн юм.

Шалгалт шүүлэг авах, өчигдрийн үзсэнээ төсөөлөн буулгахаас бусад үед хэзээний л уул усаар дагуулан, Асгат, Нүдэнгийн рашаан гээд явчихдагсан.

Тогтож суухаараа хэдэн шавь нараараа чулуу таалцан, цэцгийн дэлбээ тоолонгоо тооны ухаанд сургаж, хөөрхөн шувуудын жиргээ, хөр цасны гялтагнаанд шүлэг үлгэр зохиолгон уралдуулж үгийн баялаг, үгсийн санг нь нэмж явж, миний багш.

Биеийн тамирын хичээлийн цагаар бүгдэд нь чарга чирүүлээд Цагаан үнээний фермийн урд уул руу өгсүүлчихдэгсэн. Улаа бутартал гулгуулж, гүйлгэж, өгсүүлж харайлгадаг байсан нь эрүүл чийрэг бие бялдартай болгох эрхэм нандин ухаан байж.

“Тийм үзэсгэлэнт байгальд, тэр хөөрхөн шувуухай тэгээд цаашаа хаачсан бол”… та нар юу гэж бодож байна, бичээрэй, таагаарай, төсөөлөөрэй л гэнэ… Төсөөлж таамаглах, хийсвэрлэн сэтгэх чадамжийг ингэж суулгасан багшийнхаа А заасан анхны шавь нар нь болсон бид бүгд өдгөө маш сайн яваа. Нэгэндээ тохиосон зовлон, жаргал бүрт хамт байж, нэг хүн шиг, нэг бүл шиг нандин чавхдаст хөглөгдөн, анги шиг анги, нөхөд шиг нөхөд болон ижилдээ өтөлж явна аа.

Багш минь танхимаар хичээл орсон ч 4+1 хэд вэ гэсэн түвэгтэй асуултаар булдаггүй байж билээ. Түүний оронд сандлын хөл, ширээний хөл хэд вэ тоолоорой, дээр нь хэдэн тавцан тавиад сандал, ширээ болчихов оо… гээд л. Хүүхэд нэг бүрээр оньсого зохиолгодог байсан нь юмны шинж чанар, хэлбэр дүрсийг тогтоолгох мяндсан ухаан байсан байгаа юм. Ийм л торгон, арга зүйн нандин чадамжтай багш минь биднийгээ дунд ангид орох жил тэр үеийн Улсын Багшийн их сургууль руу оюутан болон элсч, түүнээсээ цааш зохиолч гэх эрхэм алдрыг тэргүүндээ залаад утга уянгын талбарт бүрнээ хөл тавьсан даа.

Бага ангиа ийн дүүргэсэн биднийг газарзүйн багш Б.Батцэнгэл тосч авч байлаа.

Түс тас, хурц шийдэмгий багш минь их гоёмсог эмэгтэй… Зэгзгэр гоё биеэ гайхуулах гэсэн мэт үргэлж цээж тэнэгэр, нуруу цэх алхдаг Б.Батцэнгэл багш маань ар гэр, амьдрал ахуй, хүүхэд нэг бүрийн нүүрний инээмсэглэл, нүдний гунигийг ч гаргаахгүй мэддэг аатай адтай, чамбай, “айхтар” нь дэндсэн нэгэн гэчихэд хэтрүүлсэн болохгүй дээ. Багшийн минь энэ анхаарал, халамжтай байдал биднийг улам бүр нэгнээ гэх, өчүүхэн зүйлд ч алдаа эндэлгүй ажиллаж, нэгдэж сурахад нэлээдгүй суурь болж өгсөн юм. Тэр их хичээл, тэр их ачааллын хаагуур нь амжуулчихдаг байсан юм, бүү мэд. Асуудал гарсан хүүхэд бүрийн аав ээж, ар гэрийн нэгэнтэй хэзээний уулзаад татлаа түлхээг нь сонсчихдог байж билээ.

Биднийг харин 8-р ангиа дүүргэх үед орос хэлний багшаар шилжиж ирсэн н.Сүрэнхорлоо гэх сайхан эмэгтэй дааж авлаа.

Ихээ тайван амгалан, баргийн зүйлд бухимдаад байдаггүй багш минь завсарлагаа бүрээр тамхи татна. Хаа нэгтээ харахад тамхинд орчихсон ганц нэг ангийн хөвгүүдтэйгээ нийлээд баагиулж суугаа харагддагсан. Хүүхэд үймүүлэх хэрэгтэй, дур зоргоороо байх ёстой, үзэл бодлоо хэний ч өмнө эмээж нугдайлгүй илэрхийлдэг байх ёстой зэрэг чөлөөт хэв маяг, эрх чөлөө нэвт үнэртүүлсэн энэ сайхан багшийн удирдлага дор шилжилтийн насаа өнгөрүүлсэн бид азтай шавь нар.

Анги даасан багш нараас гадна ерөнхий эрдмийн хичээл бүрийг минь гайхалтай хүмүүс зааж байлаа.

Тэр эрхэм хүмүүсгүйгээр өнөөдрийн бие хүнээ, өнөөдрийн хүрсэн амжилтаа төсөөлөхийн аргагүй юм. Монгол хэл, уран зохиолын багш П.Оюунбилэг гэж галтай цогтой, ёстой аянга шиг нижигнэсэн багшийн гараар орсон хэн бүр өнөөдөр алдаа мадаггүй бичдэг, утга найруулгын өндөр түвшинд хэлэх үг, хийх ажлаа төлөвлөдөг нэгэн болсон байх. Цагийн юм цагтаа, ЗА гэсэн бол ЁОгүй байх хариуцлага ч П.Оюунбилэг багшаас суулгасан нандин чанар. Багш минь өдгөө сумынхаа Засаг даргын Тамгын газрыг удирдаж байгаа. Төрийн алба түүний эрхэм чанарыг бөхөөж мөлийлгөөгүй, харин улам ч шударга шулуун, хурц дайчин болгосон байгааг харж, сонсч яваа.

Өчүүхэн бибээр мааз, шооч зангийнхаа хэлтэрхийг орос хэлний багш Я.Дүгэрээс авсан гэж боддог. Багш минь хичээлийг мөн ч элдэвтэйгээр заана шүү дээ. Хүүхэд нэг бүрийн аяг занг андахгүй, асуултад яг л өөрт нь тохирч ойлгогдох хэлбэрээр хариулт өгнө. Тэр нь тэгээд хэзээ ч мартагдахгүй шүү дээ. Уурлаж бухимдан асуудалд хандахаасаа илүүтэйгээр ёгт, ёж утгаар илэрхийлчих нь хүчтэйхэн дэлсэхээс илүүтэй хүнд буудаг байсныг багш өөрөө мэддэг ч байсан юм уу даа, үгүй юм уу. Эрэгтэй хүн атлаа ихээ дээгүүр харцтай Я.Дүгэр багш тээр дор хаясан хогийг харчихсан АВААЧ  гээд л хашгирч байгаа дуулддаг. Жижигхэн зүйлд ч чин сэтгэлээ зориулдаг багшийн минь чанар одоо ч хэвээрээ. Өтөл буурал болсон ч хотын гудамж дахь хогийн савны өнгө үзэмж, замын боржурт байсхийгээд зориулан цацлах төсвийн үрэлгэн байдалд хүртэл сэтгэлээ чилээн үгээ хэлж явах…

Хүн төрөлхтний эрт эдүгээгийн түүх, нийгмийн ухааны асуудалд дурлуулсан хүн бол П.Дашгэлэг багш маань. Хүн төрөлхтний тэр их түүхийг он цаг дараалалтай, ширхэг чулуу, өвс навчтай нь мэдэх багшийн мэдлэг үнэхээр гайхалтай. Багш минь тэр их түүхийг хүүхэд ахуйн хүлээж авах хэр хэмжээнд минь тааруулж хичнээн сонирхолтойгоор ярьж өгдөг байсныг одоо ч мартаагүй байна. Бас л түс тас, шижигнэсэн, цагийн юм цагтаа хэмээн шаарддаг ширүүхэн бөгөөд шазруухан багш нарын нэг байсан даа.

Биеийн тамирын багш, аавын минь эрхэм нөхдийн нэг Г.Шаравнямбуу багшийгаа дурсахгүй байхын аргагүй. Багш минь бага ангийн О.Сундуй багшийн маань аргачлалын өөр нэг хувилбараар хичээл явуулчихдаг байж билээ. Гүйлгэж, дасгал хийлгэн чардайлгахгүй. Хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн аль нэгийг дуугүйхэн шидчихнэ. Харин хэнийг нь ч хойш суулгахгүй шүү дээ. Бөмбөг шидсэнтэйгээ адилхан бүгд талбайд гарах ёстой гэнэ. Үнэн хэрэгтээ бөмбөг хөөсөн олон тоглолтын ард багаар ажиллах, хурдтай самбаатай байх, хор шартай байх, тэмцэх чадвар суух гэхчлэн олон сайхан чанарыг бидэнд өгч байж. Хөлс нусандаа хутгалдан гүйлдэх биднийг багш анзаарахгүй байгаа шиг санагддаг ч яг үнэндээ шилмэл, шилдгүүдийн дундах тэмцээн, спорт өдөрлөг болоход ТЭР, ТЭР гээд яах аргагүй эвсэлтэй, эв дүйтэй нөхдийг нь нэрлээд дуудчихдаг чамбай нэгэн байсан юм. Багш минь нэг өдөр шат уруудах гэж байснаа зогтусан Орос хэлний билет шалгуулахаар Я.Дүгэр багшийн үүдэнд, сургуулийн коридорт эгнэн суучихсан байсан биднийг харуутаа Я.Дүгэр багш руу үг дуугүй яваад орчихдог юм байна. Төд удалгүй гарч миний дэргэд ирснээ Дүгэрийн яг өмнө талын эгнээнд, цонхон талаасаа 4 дэхийг аваарай, тэнд 14 дүгээр билет бий гэчихээд явчихаж билээ. Г.Шаравнямбуу багшаасаа ч айж, Я.Дүгэр багшаасаа ч айн байж 14 дүгээр билетийг сугалан ОНЦ дүнг жаахан зальжингаар авчихаж байсан минь миний дурсамжинд өдгөө хамгийн нандинаар үлдсэн байдаг юм. Хайртай, эрхэм багш нарын минь нэг Г.Шаравнямбуу нь тэртээ олон жилийн өмнө бурхны орноо одсон аавын минь анд нөхөр шүү дээ.

Миний бие хэдийгээр эмэгтэйлэг, хээнцэр чамин араншингүй ч хамгийн гоё эмэгтэйг Хөдөлмөрийн хичээл ордог н.Өлзиймаа багшаасаа олж хардаг байлаа. Хөдөөх, орон нутгийн багш атлаа арьсаа ямар сайхан арчилж, тэр урт үсийг хичнээн гоёмсог сүлжиж орооно гээч. Цэвэрч нямбай, ёстой л аядуу зөөлний туйл багшсан. Охид бүрт хөх зүү зөв барихыг, урагдсан ханзарснаа нөхөж цойлдоод өмсөхийг заахын зэрэгцээ эмэгтэй хүн биеэ хэрхэн сайхан авч явахыг үргэлж хэлж, зөвлөж суудаг, өөрөө хэлсэн ярьсныхаа бүрэн төгс үлгэр дууриалал нь болсон багш байж билээ.

Би хэл уран зохиол, түүх нийгмээс гадна газарзүй болоод геометрийн хичээлд нөхцөлгүй дурладаг байв. Олон ч хүүхдийг математикт дурлуулж, хэдэн арваар нь санхүү банкны салбарт хөл тавиулсан Б.Цэцэгээ багш минь геометрийн хичээл ордог байлаа. Дүрс тооцооллын аргыг уран нарийн ухаж ойлгуулж, энэ шинжлэх ухаанд шимтүүлсэн багш минь Хөдөлмөрийн н.Өлзиймаа багшийн нэгэн адил бүсгүй заяаны гоё, эрхэмсэг, донж төгөлдөр нэгэн байсан юм. Хэдийгээр миний бие хэл, утга зохиолын салбарыг сонгон амьдралын замналаа хөөсөн ч эзэмшиж, эрхэлсэн ажил, асуудал бүртээ геометр аргачлалаар хандан, үг үйлдэл бүртээ тооны цаадах тоог харсаар чамлахааргүй амжилтын эзэн болж яваа.

Ийм сайхан багш нар, тэр сайхан сургуулийнхаа тухай дурсахад захирал багш З.Сунравыг дурьдахгүй байхын аргагүй. Ямар их эрч хүчийн ундарга, сэтгэл зүтгэлийн охь захирал багшаас минь ханхалдаг байсан гэж санана. Сургуулийнхаа хүүхэд бүрийг нэртэй устай нь мэддэг эсэхийг мэдэхгүй ч намайг бол овогтой юутай нь бүтэн дуудчихдаг л байсан даа. Өөрөө үргэлж яаруу сандруу, салхи шуурга шиг шуугиж явдагтаа тэрүү, зарим үед ГАНТУУЛаа гээд орилж байдагсан. Аж ахуйч, хөдөлмөрийн амт шимтийг буй биеэрээ үлгэрлэж явсан эрхэм захирал минь Сургуулийнхаа багш, ажилтнуудын хүүхдийг авдаг сургуулийн дэргэдэх тусгай цэцэрлэгийг энэ улсын хэмжээнд анх удаа байгуулсан гавьяатан байх шүү. З.Сунрав захирлын үед сургууль маань дэргэдээ дотуур байрны гал тогоонд хэрэглэх хүнсний ногоог өөрсдөө тариалчихдаг, мал мах бэлтгэх мал аж ахуйтай байсан санагдаж байна. Тэр үед хүүхэд байсан болохоор тэрийн бүрийд нарийн ширийнийг төдийлөн сайн мэддэггүй, анзаардаггүй байж…

Өдгөө төрөлх сургууль минь 90 жилээ тэмдэглэх тул хашаа будна, цонхоо солино, үүд довжоогоо цэгцлэнэ гээд хандив цуглуулж байгаа. Хэрэв энэ үед З.Сунрав захирал минь байсан бол ийм зэргийн юм гуйх байсан болов уу гэж зурвас зурвасхан бодож буйгаа нуух юун.

Ийм гайхалтай эрч хүч, эрдэм оюуны ундарга болсон багш нарын шавь байх хувь тохиол, тийм сайхан нутгийн үржил шимт хөрсөн дээр мөлхөн мацан хүн болсон би азтай нэгэн.

Сумынхаа хөгжил, сургуулийнхаа дутууд цучил нэмж дийлэхгүй ч цэцэрлэгийн жаахнуудад хэр хэмжээндээ таарсан дэм болж яваагаа энд дурьдахад илүүц үг болохгүй биз.

Сумын цэцэрлэгийн барилга байгууламжийн төсөв хөрөнгө гацсанаас болж галлагаатай гэрт нялх бяцханууд халууцахдаа халууцаж, бээрэхдээ бээрэн бийр харандаа барьж суугаад эмзэглэхдээ нутаг усандаа ирэн очин амьдрахаар худалдаж авсан байраа цэцэрлэгийн барилга баригдтал үнэ төлбөргүй ашиглаарай хэмээн Сумынхаа Захиргаанд түр хугацаагаар хүлээлгэн өгчихсөн байгаа билээ.

Сум, сургуулиа энэ нутгийн унаган үрс удирдаж байгаа…

Туршлага болоод нам, улстөрийн нөлөөллийн дутуугаас алдаа оноо их харагдах ч тун удахгүй төв сайхан нутаг, төрөлх сайхан сургууль минь өнгө засан өндийх цаг удахгүй буй за.

Эрлэгийг хуурч “ЭНХТУУЛ нэгдэл” хэмээгдсээр эцэстээ оноогдсон нэрээ болгосон

Сандагдорж овогтой ЭНХТУУЛ

Орчуулах »
error: Content is protected !!