Улстөрчид тойргийн усалгаандаа чимээ аниргүйхэн гараад багагүй хугацаа өнгөрч байна. Ирэх жилээс 126 гишүүнтэй парламент ажиллаж эхэлнэ. 152, 108 гэх хоёр тооны дунд олон нийтийг бухимдуулж байгаад энгэрийн халаасандаа байсан 126-г гаргаж шидээд батлуулаад авсан.
Байдаг л бохир технологийн жижигхээн заль гэчихэд буруутахгүй л байх.
Төрийн ордны баруунтаа орших Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дарга мэдэлдээ авч, Тамгын газраа нүүлгэх ажиллагааг ойрын өдрүүдэд хийж байна. УИХ-ын Тамгын газар болон референтүүдийг ийнхүү нүүлгэн шилжүүлж буй нь мөнөөх 126-гаа шингээх гэсний хэрэг биз.
Халдашгүй дархан эрхтэй гишүүдийн тоог нэмснээр хуулийг 39 бус 64 гишүүн баталдаг болж, улмаар нэг нөхөр 2-3 байнгын хороонд давхардаж ордог завхрал арилж буй сайн талтай. Тэрчлэн 11 гишүүнтэйгээр УИХ-д бүлэг байгуулах эрхтэй болдог байсан нь тэр хэрээрээ өссөн босготой болж байгааг хууль санаачлагчид нь тайлбарлаж байна лээ.
Ямартай ч 126 гэх тоонд шинжлэх ухаанч тайлбар бол байхгүй. Үүний 48 нь намын нэрийн жагсаалтаар сонгогдох бол 78 нь тойргоос шигшигдэн орж ирнэ.
Дээд шүүхэд улс төрийн 35 нам бүртгэлтэй. Нэг нам 48 хүний нэр дэвшүүлэхэд 3-6 метр саналын хуудас болно гэсэн тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан байгаа юм. Тиймээс хүн биш нам дугуйлна.
Намын нэрийн жагсаалтаар эрэмбэлэгдэх 48 гишүүний тухайд эр, эмээрээ сөөлжих байдлаар дугаарлагдана. Намын жагсаалтын дугаар бүр өндөр үнийн дүнтэй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Жагсаалтаар нэр дэвшигчид намдаа хандив өгч болно. Хандивын хэмжээг тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлаас илүү гаргахгүй гэж зааж өгсөн. Аудитын газраас тойрог бүрээр сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож өгдөг. Энэ дээд хэмжээнээс хэтрэхгүй гэсэн үг. Өмнөх сонгуулиар 250-500 сая төгрөгийн хооронд байсан. Гэхдээ энэ дүн багасна гэж үзэж байгаа” гэснээс үзвэл жагсаалтын дугаарлалтын өртөг нь “хандив” нэрээр хэдийнэ заагдчихсан бололтой.
Намын нэрийн жагсаалтаар хэн эрэмбэлэгдэхийг намын дотоод дахь хороо эцэслэнэ.
Үүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Намын жагсаалтаар нэр дэвшигчийг нам нь бус нам дотор буй намын хороо гэсэн нэртэй хуучин удирдах зөвлөлийн 7 хүн дэвшүүлэх үү, эсэх гэхчлэн шийдэх юм уу” хэмээн бүлгийн даргадаа эгдүүцлээ илэрхийлж байсан.
Ерөнхийдөө намын нэрийн жагсаалтад багтах нэрсийг ил зарлах ч сонгогчид хүн биш нам дугуйлна.
АН-ынхны тухайд намын нэрийн жагсаалтаа тэрбумаар үнэлсэн гэх яриа бий төдийгүй Монголын асуудлыг Кремлд шийддэг гэдэгчлэн АН-ын жагсаалт МАН-ын гантиг ордонд зурагдаж байна гэсэн жиг жуг өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй.
Ямартай ч намуудын нэрийн жагсаалтыг МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Л.Гантөмөр гэхчлэн дарга нар өнгөлж, араас нь эмэгтэй, эрэгтэй гэх байдлаар сөөлжүүлнэ гэж байгаа.
Эрх баригч намын хувьд Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын хооронд ойлголцлын “хэлэлцээр” эрчимтэй өрнөж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн зүгээс шинэ хүмүүсээр жагсаалтыг дүүргэх сонирхлоо босго болгоод барьчихсан.
Улстөрийн жижиг намуудын тухайд эвлэлдэхгүй бол дангаараа Төрийн ордны босго давах боломж хомс.
Жагсаалтаар санал авах босгыг санал өгсөн сонгогчдын дөрвөн хувь болгож бууруулсан мэт харагдавч намууд тойрогт 39 нэр дэвшүүлж байж сонгуульд оролцох эрхтэй болно. Тэгэхээр дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас УИХ-ын сонгуульд оролцох боломжтой нам гарч ирэх нь юу л бол.
Тойргийг жижиглэж жиргэх үү, томсгож зүсэх үү гэдгийг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэнэ. Ирэх хоёрдугаар сарын 1-н гэхэд тойргийн асуудал эцэслэгдэх хуулийн зохицуулалттай. Тэр болтол эрх баригчид хөдлөшгүй үр дүнт тандалт судалгааг явуулсаар байх биз.
2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, ялагдал хүлээсэн гашуун түүх МАН-д бий. Тиймээс тойргийг жижиглэх байдлаар хөлөө ашиглана хэмээн ажиглагчид үзэж байгаа. Эрх баригч намын хувьд хөл сайтай, хөл нь захын жижиг дэлгүүрт тал талханд тавигдсан өрүүдийг нь тэглэх зэргээр ходоодтой ажиллачихдаг гэгддэг тул тойргийг хэсэгчлэн жижиглэж жалга, довондоо үзэх нь ашигтай гэх байр суурьтай. Энэ нь сүүлийн хоёр ч сонгуулийн үйл явдлаас ажиглагдаж байна.