Наадмын нээлтээс урьтаж Т.Бадамжунайг сулласан нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Хэсэг бухимдсан масс баяр наадам, аймаг сумдын ойд сатааран чимээгүй болчихсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын хуралдааны үеэр уурсаж, шүүхийнхнийг илт буруушаан “Шүүх иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг” байдлаа зас хэмээн бухимдсан байдаг. Улмаар “Авлига” хорооллын асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг давж заалдахыг, тухайн үеүдийн газар олголтын асуудлыг нээлттэй болгохыг Н.Учрал сайдад үүрэгдсэн гэж байгаа.
Энэ эрчээрээ Барилга хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг “хяналтдаа” авч яам, нийслэл, дүүргүүдийн зөвшөөрлөөр эмх замбараагүй газар олгодог байдлыг зогсоогоод эхэлж. Үүнийг нь Т.Бадамжунай болон түүний тойрон хүрээллийн эрх мэдэл, дуу хоолойд хязгаар тавьсан явдал хэмээн намынхан нь хардаж байгаа юм.
Т.Бадамжунайгийн хүргэн Э.Анар 2016-2018 онд Нийслэлийн ерөнхий архитектураар ажиллаж байхдаа хадам эгч хадам эгч Бадамжунайн Даваагийн эзэмшил Голден лийф ХХК-д Хан-Уул дүүргийн XII хороо, Био комбинатын зүүн талд Туул голын эрэг дээр 37.3 га газар олгуулсан гэдгээс авахуулаад түмэнд асуудалд холбогдсоор ирсэн. Тэгэхээр Т.Бадамжунай болон түүний гэр бүл, тойрон хүрээлэгсдэд холбогдох хэрэг хэдэн арваар тогтохгүйгээс гадна хамтдаа холбогдогч болоод явчихгүйн тулд хамгаалан, хаацайлагсад ч бүлэг, сүргээрээ бөмбийлдөн суугаа гэчихэд хэтийдсэн болохгүй биз.
Т.Бадамжунайгийн наранд гарсан явдалд Л.Оюун-Эрдэнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч бухимдалтай байгаа гэдгийг ойрын хүрээллийнхэн нь хэлж байна. Үүнийг нь нотлох мэт баяр наадмын өдрүүдээр генсэкийн ивээлд явдаг гэх хэсэг бүлэг жиргээчид “Цаана чинь Т.Бадамжунай суллагдчихаж, уур чинь хүрэхгүй байна уу ард түмээн” гэх маягтай хатгаасууд шидэж байгаад аймаг сумдын ойн мэдээнд дарагдан чимээгүй болох шиг болов.
Уг нь М.Энхболд, Д.Амарбаясгалан нар Х.Баттулга, Д.Сумъяабазар тэргүүтнээр зуучлуулан сүрхий ганзага нийлсэн гэх хэдий ч генсэкийн хувьд үе үе сутайн суран хөхүүдийн аяг зан гаргасаар яваа бололтой.
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаан энэ сарын 17-нд болж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Б.Отгонсүхийг, “Тавантолгой төмөр зам”-ын удирдлагаар Н.Будбаярыг томилсон байх бөгөөд хэн хэнийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын цохоосоор томилсон гэгдэж байгаа.
Б.Отгонсүхийн хувьд яалт ч үгүй гэрлийн хурдаар албан тушаал өгсөж яваа эр. Өвөрхангайн угшилтай тэрбээр 2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж, 2015-2016 онуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Сайдын зөвлөх, 2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал, 2019 оноос Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч хэмээн өгсөн жонжуулсаар ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал болоод авлаа. Түүний эл өгсөлт бүрийн ард Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар байдаг гэх яриа эрх баригч намынхны дунд сонин, содон байхаа ч больж.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирал Н.Будбаярын тухайд “Морин эрдэнэ гал” төрийн бус байгууллагын гишүүнчлэлээс эхлээд олон ч хуулийн этгээдэд бүртгэлтэй, хүртээмжтэй нөхөр. Түүнийг шилдэг, үлгэр жишээч “цүнх баригч”-дын тод төлөөлөл гэх нь ч бий.
“Морин эрдэнэ гал” төрийн бус байгууллагад УИХ-ын гишүүн П.Анужингийн аав Р.Буд байдгийг морин спортынхон андахгүй.
Р.Буд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, 2016 оноос Зам тээврийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэртээ гарсан. М.Энхболдын дэмжлэгээр энэ хүртэл явснаа хэнээс ч нуухгүй гэдэг түүнийг Н.Будбаярын ар дахь олон түшицийн нэг гэдэг.
Н.Будбаярын өөр нэг түшицээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг нэрлэж байгаа. Б.Цэнгэлийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны удирдлага гэх товчхон тодорхойлолтоор хаана данстай явдгийг нь төвөггүйхэн ойлгочихно. Ийм мэт түшицтэй нөхрийг Д.Амарбаясгалангийн нөлөөгөөр томилсон гэгдэж буй нь Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын учиг төдийлөн тасарчихаагүй байгааг харуулсан хэрэг биз.
Ер нь ч улстөрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байх биш дээ.
Үүнийг нэгэн үе хонь чоно болтлоо дайсагналцаж явсан М.Энхболд, У.Хүрэлсүх нар өдгөө хэрхэн тэврэлдэж суугаа дургүй хүрэм нөхөрлөлөөс нь хангалттай харчихаж болохоор байна.
Шүүх бол Төрийн тэргүүний эрх мэдлийн цар хүрээ, “сүр хүч”-ийн илэрхийлэл.
Тэр утгаараа Т.Бадамжунайг гадуур шалгах болсон явдалд Ерөнхий сайд тэгтэл уурсан бухимдаа биз. Хэдийгээр У.Хүрэлсүх шүүх байгууллагад нөлөөллөө бүрэн тогтоож чадаагүй байгаа ч тэр бол ТӨРИЙН ТЭРГҮҮН. Түүний хэрхэн тоглож, хэрхэн нүүхийг Н.Багабандиас гадна Ц.Элбэгдорж заан зөвлөж яваа нь үнэн.
МАН-ынхны хувьд наадмын энэ өдрүүдэд бүлэг фракц, эрх мэдлийн нөлөөгөө төрсөн, тэлсэн аймаг сумдынхаа 100 жилийг хэрхэн тэмдэглэж буйгаар илэрхийлэн, харагдах хэлбэрийн дарамтыг нэг нэгэндээ үзүүлж яваа бол АН-ынхан ажин түжин наадаж байна.
Дарга Л.Гантөмөр нь тамга, гэрчилгээ атгаснаас өөр шидгүй бүлтэлзэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын дунд хавчуулагдсан халиуны зулзага болж.
Ц.Элбэгдорж АН-ын хуучцуулыг цуглуулж, нэгтгэх ажиллагааг хийж байгаа бол Х.Баттулга шинэ гарц эрэлхийлж эхэлжээ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгч байхдаа мөнхийн суудалд хүрсэн мэт аархаж, тэр энэ нөхөрлөлөө гээсний горыг амсч, дээр нь нэмээд тойрон хүрээлэгсдээс нь эр эмгүй ялын тогтоол уншуулж яваа нь түүнд тэгтэл ойртож, итгэж болохгүй гэх түвэгтэй байдлыг үүсгэсээр буй нь үнэн.
Уг нь наадмын өмнө тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, генсэкээ батламжлах учиртай байсан ч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үл ойлголцлоос болж хойшилсон.
Үүнтэй зэрэгцэн тэнд ч энд ч тал алдалгүй дохилцож чаддаг, Ц.Элбэгдоржийн гэхээсээ Лу.Болдын санхүүгийн дэмжлэгт гэгддэг С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Ц.Баатархүү нарын залуус нэгдэн “АН-ын Их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулсан нь анхаарал татаж байгаа.
Тэднийг АН-ын гэхээсээ МАН-ын дуулгаварт боловсон хүчнүүд гэдэг таагүй нэр хоч нь намынх нь дотоодод төдийлөн амжилтад хүргэдэггүй бөгөөд энэ удаад ч эрх баригчдын даалгавраар ийм хөдөлгөөн байгуулчихвуу гэх хардлагад хүргэж байна.
Их шуурганы өмнөх нам гүм гэдэг шиг наадмын өдрүүдийн улстөр иймэрхүү ая дантай байх агаад Хантайшир уулын аймгийн 100 жилийн баяр наадмын дараагаас нэлээд ширүүсэх хандлагатай гэдгийг намуудын эх сурвалжаас өгч байгаа.
Ялангуяа Хэнтийн 100 жилийн ойд сүрэг, бүлгээрээ бараалан очиж баяр хүргэж байсан улстөрчид, шууд дамжуулна хэмээн сүр бадруулан машин машинаар хөл дарсан Үндэсний телевизийнхэн ч Говь-Алтайн баяр наадамд бараа сураггүй байгаа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын бухимдлыг дээд цэгт хүргээд буй бололтой.
Үргэлжлэл бий…