Үйлдвэр ярихаар “САХАЛ” ярьдаг бүлэглэл бий болчихож, Ерөнхий сайд аа!!!

Л.Оюун-Эрдэнийн автортой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм нь аж үйлдвэржилт. Харамсалтай нь, аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох бодлогын эсрэг баг нь ажиллаад байх шиг арчаагүй, ашиг сонирхлын далд зөрчилтэй юм уу гэж хардахаар утга бүхий дайралт агуулсан мэдээллүүдийг МАН-ын, тэр дундаа Д.Амарбаясгалангийн гэгдэх нөхөд сошиал орчинд тасралтгүй түгээж буй нь хэтэрхий увайгүй, муухай харагдаж байгаа юм.

Ялангуяа, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийн өнөөгийн удирдлага, үйл ажиллагааны цаг үеийн доголдолд хэвлэлүүд шүүмжлэлтэй хандан асуудал босгож ирэх бүрт Д.Амарбаясгалан болоод түүний нөхөд сөрвөлзөн өндийж, өндөлзөх тоолондоо “сахал” хочит Д.Эрдэнэбилэг бол новш юм гэх нь халаг орилолдоно.

Энэ хашгичаан нь эцэстээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд МАН-ын генсэк нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Г.Дугаржав нарын өмгөөлөн хаацайлагч, тус үйлдвэрүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн юм биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж буй нь үнэн.

Учир нь эдгээр үйлдвэрүүдэд холбогдох гэрээ хэлцлүүд ярвигтай, илтэд хувийн хэвшилд давуу байдал олгохоор хийгдсэн бол тухайн үеийнх нь эрх баригчид, Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг барьж байсан дарга нартай нэн тэргүүний хариуцлагыг ярих учиртай баймаар. Адгийн тэнэг ч үүнийг ялган бодохтой биз…

Гэтэл тухайн үеийн Засгийн эрх баригчдын алдаа оноог эхлээд дэнслэхийн оронд муу л бол хойд зүгийн хар овоохой болсон хувийн хэвшил рүү, бизнес эрхлэгчид рүү чичлэн давшилсаар суудаг тань хэтэрхий муухай харагдаж байна, Д.Амарбаясгалаан!!!

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид чинь төрийн бодлого, эрх мэдлийн өмнө хэн ч биш…

Хэзээ хүссэн цагтаа хэнийг ч байсан барьж, хориод нухчин дарах чадалтай атлаа нэмээд нэр хүнд рүү нь ингэтэл халддаг муйхарлалтдаа цэг тавьбал яасан юм.

Хичнээн олон жил бизнес эрхлэгчдээ элдвээр нь зүхэх гэсэн юм. Буруу зөрүү худалдан авалт, төрийг хохироочихсон гэрээ хэлцэл байгаа бол гэрээнд харилцан гарын үсэг зуралцсан бүгдийг хамтад нь яллаад шийтгэчихээч…

Төр нь өөрөө зөвшөөрчихөөд, эцэстээ хувийн хэвшлээ ялладаг гэмээс чинь гадна дотнын хөрөнгө оруулагчид бүгд айж, үргэж байна.

Төрийн өмчит үйлдвэрүүд ажилласан шиг ажиллаж, цементийн болоод төмөр, арматурын нийлүүлэлтээ эрчимжүүлж, дотоод зах зээлээ даруйхан шиг хангаад өгөөч, попчдоор бус жинхэнэ бүтээгчдээр үйлдвэрийг удирдуулаач гэхээр л хогийн муу “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг утгагүй зүхэл чинь “өс хонзон” шиг харагдаад байна гэчихэд хол зөрөхгүй байх.

Эрдэнэт үйлдвэр Монголын мэдэлд 100 хувь ирснээр зөвхөн Х.Бадамсүрэн гэдэг нөхөрт холбогдох тансаглалын мэдээлэл өнөө хэр хэвлэлүүдийн хуудаснаас арилаагүй байна.

Охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102.385.101 төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн баримт нь нийтэд ил болж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авсан, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласан зэрэгт нь Засгийн газар ямар хариуцлага тооцсон бэ, Д.Амарбаясгалаан?!

Тэрчлэн өнөөгийн захирал Г.Ёндон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг Төрийн өмчит үйлдвэрийн газраар төлүүлсэн баримт дэлгэгдэж байсныг энд сануулъя.

Энэ мэт захирлуудын факт, үйлдвэрт учруулсан хор хохирлын асуудлыг хөндөхөөр мөнөөх л өмнө хойдох худалдан авалт, гэрээ хэлцэл ярьдаг өчүүхэн аргатай.

Бүхэл бүтэн ТӨРт улс байж, дангаар төрийн эрхийг он дараалан атгаж буй атлаа ганц хоног ч төр, төсвийн байгууллагад ажиллаж үзээгүй нөхрийг өөрийн дураар гүйж ороод улсын үйлдвэрийн хувь хувьцааг худалдаад авчихсан, гэрээ хэлцэлд цор ганцаар гарын үсэг зурчихсан зальт этгээд, дээрэмчин тонуулчин мэт ойлгуулан чичлэх чинь дэндүү ядмаг, хөөрхийлөлттэй юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай уулзсан уулзалтын уур амьсгал мөнөөх ганц хүнийг буруутгахад чиглэгдэж байсан нь эдгээр үйлдвэрүүдийн өнөөгийн удирдлагууд үйлдвэрээ мэддэггүй, арга чарга, ур чадвар нь хол дутагдсан нөхөд юм гэх ойлголтыг шууд өгч байна.

Үнэндээ ТӨРийн мэдэлд сүр дуулиантай очсон гурван үйлдвэр ашгаа өгөх битгий хэл хаалгаа барьж мэдэх нөхцөлтэй нүүр тулсан тул олон нийтэд шалтгаан тоочих төдий мэдээллээр аргацааж байна уу гэж харагдсан нь үнэн.

Тэгэхээр эдгээр үйлдвэрүүдэд шалгалт оруулж, тэр энэ улстөрчдийн хэлхээ холбоог тасчих цаг нэгэнт болж, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Улстөрчид, бүлэг фракциудын хүчирхэг оршихын үндэс нь САНХҮҮЖИЛТ… Магадгүй, эдгээр үйлдвэрүүдийн цаг үеийн мэдээлэл яригдмагц “сахал” ярьдаг сошиал бүлэглэлийн ард тус үйлдвэрүүдийн цоорхойг ашигласан “мөнгөний крант” мушгигчид суугаа ч юм билүү, хэн мэдлээ?!…

Орчуулах »
error: Content is protected !!