Эрдэнэс Монголын С.Наранцогт Засгийн газраа “хуурчихав” уу?!

Намбарын хүүг намтай юутай нь бужигнуулчихаад МАН-д дагаар орсон гэгддэг Г.Дугаржав Шүүр ажиллагааны эрчийг ихээхэн сулруулаад байгаа гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрбайтугай Н.Энхбаярын эсрэг ажиллаж байсан шигээ ёсзүйгүй ажиллагааг Л.Оюун-Эрдэнэ дээр явуулж намын дотоод дахь үл ойлголцлыг нэмсээр ирсэн хэмээн буруутгагдаж байна.

Эл буруутгал хэрхэн дэгдэж, хэрүүлийн алим болон өнхөрч буйн учрыг олох үүднээс албан мэдээлэлд анхаарал хандуулаад үзье.

Төрийн өмчит компаниудын толгой болох Эрдэнэс Монгол ХХК-ийн 2023.04.17-ны өдрийн 01/285 тоот Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд хүргүүлсэн С.Наранцогтын гарын үсэгтэй удирдамжаас эл бүх асуудал эхтэй бололтой.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагаа болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж дараагийн хүнийг томилогдтол түр орлон гүйцэтгэгчээр үлдээх асуудлыг эл удирдамжид дурьдсан байдаг аж.

Тэгэхээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хэдийнэ шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэсэн үг байх нь.

Түүний оронд төрийн албаны болзол шаардлагыг хангасан хүнийг үйлдвэрээс нь шат ахиулан мэрит зарчмаар томилох учиртай. Харин энэ ажиллагаа өнөө хүртэл хийгдээгүй зогссоны улмаас дээрх асуудал намын дотоодод үүсчихээд буй нь энэ аж. Товчхондоо, Эрдэнэс Монгол компанийн шинэхэн захирлын бяр, ухаан дутаж байгаагийн шинж биз.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Авлигатай тэмцэх газарт хандаж байсан нь түүнийг явуулах хангалттай үндэслэл. Албан бичигт Г.Дугаржавын уул уурхай, барилгын салбар дахь бизнесийнх нь талаар тодорхой фактуудтай дурьдсан байдаг.

Түүний нэрээр улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд гэхэд Дукатрайн, Дэлгэрхаан солонго, Ананд биотехнологи, Рояалпауэр, Торгоны зам академи, Халал журмын хороо, Инвестмент девелопмент корпорэйшн, Уан партнерс ҮЦК гэх хуулийн этгээдүүд бүртгэлтэй байх аж. Дийлэнх нь аялал жуулчлал, барилга болоод уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

БНСУ-ын хөрөнгө оруулалттай Дэлгэрхаан солонго ХХК-ийг Г.Дугаржаваас гадна Гадаад харилцааны яамны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Эрхэмбаяр, Р.Эрдэнэбат нар хамтран эзэмшдэг аж. Р.Эрдэнэбат нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг И Би мед, Монос эрдэнэ монголиа гэх хуулийн этгээдтэй. Тэгэхээр үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн татгалзахаас яалтай.

Г.Дугаржав өөрийн хүүхдийн хамт Ананд биотехнологи ХХК-ийг Хятадын Сичуаны Биотехнологийн Шилдэг Зэргийн Бүтээгдэхүүний компанитай хамтран эзэмшдэг нь дайрин дээр давс нэмэх гээч болсон бололтой.

Дугаржавын Ананд-Очирын нэрээр Хөвсгөл байгаль тур компани бүртгэлтэй бөгөөд хамтран эзэмшигч нь Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв байгаа нь Эрдэнэс Монгол компанийн захирал С.Наранцогтод нөлөөлдөг нөлөөлөл нь гэгдэж байна

Тэрчлэн Г.Дугаржав хожим нэрээ хасуулж Дугаржавын Индрагийн эзэмшилд очсон Рояалпауэр гэх ХХК бий. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй уг компанийн хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байсан С.Отгонбаяр нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хопе энд пауэр, Жигүүрхонгор гэх хуулийн этгээдүүдийн эзэн.

Мөн Г.Дугаржавын Удирдах зөвлөлийн тэргүүнээр нь бүртгэлтэй Халал журмын хороо төрийн бус байгууллагын хамтран эзэмшигч Ч.Ганзориг нь барилгын ГЗЭН гэх компанитай гээд яах аргагүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс яаралтай холдуулах ёстой хүн болчихоод байгаа юм.

Г.Дугаржаваас гадна хүүхдүүдийн нь хамтран эзэмшлийн Торгоны зам академи түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор ороод ирж байна.

Энэ бүгдийг Засгийн газрын түвшинд хэлэлцээд шүүр ажиллагаагаар шүүрдэх болсон ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт гээч нөхөр Г.Дугаржавыг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх шийдвэр гаргасан болоод түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилж, Ерөнхий сайдыг “хуурчихаад” байгаа юм байх.

Нүглийн нүдийг гурилаар хуурна гээч үлгэрийн шинэ кэйс энэ биз.

Засгийн газраа “хуурсан” гэгдэх С.Наранцогтын энэ үйлдлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн шилэн дансны гүйлгээний ихэнх нь хувь хүний данс руу шилжсэн байх дуулиантай холбон тайлбарлах хэсэг бүлэг бас байна.

Өөрөөр хэлбэл, Заяа бээс, Бээс босс гэх хоёр өөр компани руу гүйлгээ хийгдсэн харагдах атлаа цаанаа С.Мягмар гэх ганц эзний халаас руу урссан мөнгөний урсгал С.Наранцогт руу чиглэгддэг байж болзошгүй гэх хардлагыг намынхан нь хэлж байгаа юм. Тэгэхээр энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх болно.

Ямартай ч ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас бүтэн хоёр сарын өмнө чөлөөлөгдсөн атлаа өнөө хэр гүйцэтгэх захирлын түр орлогч нэрээр барилгын сезоны улирал дуустал сууж буй Г.Дугаржавын асуудал анхаарал татсан хэвээр байгаа юм. Тиймээс тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллийг анхааран судлах нь зүй ёсны хэрэг болоод байна.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!