Л.Оюун-Эрдэнэ тэгтэл хүссэн тогтолцооны өөрчлөлтөө хийлгээд авлаа. Хэдийгээр 100 хувь түүний хүссэнээр батлагдаагүй ч чамлахаар чанга атга болов.
У.Хүрэлсүхийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг хөдөлгөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах акц өрнүүлэн байж нүүрсний гэх тодотголтой хэргийг хав дарууллаа хэмээн дээр доргүй ярьж байгаа.
Алин ч байлаа гээд тэд тохиролцоонд хүрснийг илтгэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч дэмжлээ.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн зовлон дуусах биш, дөнгөж эхэлж байна гэчихэд буруутахгүй.
Намын нэрийн жагсаалтын 48-д хэн хэн эрэмбэлэгдэх вэ гэдгээс эхлээд түүний толгойн өвчин тасрахгүй биз…
Хүн биш нам дугуйлах өөрчлөлтийг сонгуулийн хуульд хийж өгнө хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ам алдсан. Энэ тохиолдолд нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон этгээдүүд жагсаалтаар эрэмбэлэгдэх боломж хумигдаад тэдний оронд Ховд аймгийн Засаг дарга Х.Болормаа, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цахим харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн О.Батнайрамдал нарын нэр яригдаж байгаа юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Шарк танк”-ийн О.Тэнүүн буюу Шадар сайд С.Амарсайханы ахынх нь хүү гэх байдлаар Д.Амарбаясгалангийн хүрээлэл орж ирнэ.
Үүний нөгөө талд өөр нэг хувилбар яригдаж буй нь Сү.Батболдын фракц Д.Амарбаясгалантай эвссэн хар зураг. Үүн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо ч бий.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө М.Энхболд, Сү.Батболд нарыг дуудаж уулзсан байдаг. Зуу татаад салцгаагүй гэсэн үг. Харамсалтай нь тэдний уулзалт хашир өвгөдийг намын Удирдах зөвлөлөөс хөтлөлцөн хөөгдөхөд хүргэсэн гэдэг. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэгчлэн энэ явдал нь М.Энхболд, Сү.Батболд нарыг илүүтэй ойртуулж, нэгтгэсэн байж мэднэ. Намын эвдрэл, эвцэлдүүлэлтийн гол найруулга Д.Амарбаясгалангийн өрөөнд хийгддэг гэдгээр эл үзэгдлийн буруутнаар Х.Баттулга, Д.Амарбаясгалан нар нэг хэсэг буруутгагдаж байсныг энд санахад илүүдэхгүй. Д.Амарбаясгалангийн өнөөдрийг хүртэлх бүх тоглолтын сценарийг Х.Баттулга зурж, херо нарт эмзэг цэгээ тас атгуулсан эрх баригч намын генсэк эр тэдний үг үйлдлээс огт зөрөхөө больсон гэх хар шуум намын дотоодод байсаар байгаа нь ийн хардагдан, буруутгагдахад хүргэж байсан биз.
Л.Оюун-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр далайлгасан асуудлыг намжаан “хэлэлцээр”-ийг нааштайгаар шийдүүлсэн хүн нь ч Д.Амарбаясгалан гэдэг. Тэрбээр У.Хүрэлсүхтэй ойлголцолд хүрч асуудлыг намжмал байдалд оруулаад зогсохгүй тогтолцооны өөрчлөлтийг ч батлуулж, намын нэрийн жагсаалт болон тойргийн мандат хуваарилалтад 20х30 гэсэн харьцаагаар оролцох боломжийг Төрийн тэргүүнд санал болгосон гэгдэж байгаа.
Гэхдээ түүний халаасан дахь хөзрөөр Сү.Батболдын фракц 30х45 гэсэн харьцаагаар хэдийнэ илүүрхэж, Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыгаа илгээлгэчихсэн байгааг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Энэ зуурт М.Энхболд ч өндийн генсэкийн ардах асаалттай танк болон хүчижсэн.
Төсөвт тодотгол хийх шаардлагагүй хэмээн сар хүрэхгүй хугацааны өмнө мэдэгдэж байсан Сангийн сайдын байр суурь орвонгоороо эргэсэн байгааг фракц хоорондын тохиролцоо гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ.
Сү.Батболд, М.Энхболд нарын хэн хэн нь МАН-ын Удирдах зөвлөлд “буг” гэгдэтлээ суун, ноёлж явсан эрх мэдэлтнүүд. Тэд өдгөө генсэкийн гэрийн тоонон дээр “өвөг дээдсийн сүр хүчгүйгээр чи хаа хүртэл гүйх гээв” хэмээн сууцгааж буй тул ирэх сонгуулийн ерөнхий чигийг зурах харандаа, баллуур нь Д.Амарбаясгалангийн гарт байгаа нь үнэн юм.
Ерөнхий сайд асан С.Баяр “Манай намын хэд яах бол гэж би санаа зовж байсан. Нуух юун. Гэтэл АН хойш татаад 126, 60:40 гэж зүтгүүлж, зөвшилцөлд тулгана гэж даанч бодсонгүй. Толгой байна уу, АН-аа. Жондойж хоцор” хэмээн бухимдсан байгааг цахим хуудаснаас нь харчихад гэмгүй.
Тэрбээр наанаа даргатай, тамгатай, гэрчилгээтэй тусгаар нам мэт харагдавч үнэн чанартаа АН нэрт МАН, МАН дүрт хий биетүүд тэнд гүйлдэж буйг ийн илэрхийлсэн бололтой.
Арга ч үгүй биз.
Намын даргын эзгүйд хуралдаж УИХ дахь бүлгийн гишүүд нь Л.Гантөмөрийгөө буулгах эсэхийг хэлэлцээд эхлэхээр хэн тэднийг “НАМ” хэмээн харах билээ.
Уг нь эл нам босвол энэ улсад хэрэгтэй. Харамсалтай нь, нас барсан иргэний нэр дээр тэтгэвэр тэтгэмж бодогддог байсан гэдэг шиг АН-ын нэр дээр “айлын хүүхдүүд” тоглоод байх шиг харагдана.
Ядаж байхад лидер биш лойдор нөхрөөр дарга тавьчихсаныг хэлэх үү, энэ нам эргэн ирж эрх барих хэмжээнд өндийнэ гэдэг ёстой нохойн жогорхой гээч болов бололтой.