Хорих анги дотор хүн амины хэрэг гарчихаад байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа хэдий хүртэл ажилласаар байх гэсэн юм бол… Ер нь ялтанд ч хүний эрх байдгийг энэ газрынхан мэддэггүй бололтой. Хүнийг хүн гэж боддоггүй, эгээ л зааз хүлээж буй мал шиг харьцдаг шийдвэр гүйцэтгэгчид дахин нэг хүний амь нас, амьдралын өдөр хоногуудаас хороосон бодит жишээ бидэнд байна. Тэдний хөлдүү, хүйтэн, харгис араншингийн золиосонд хоёрхон сарын өмнө эрүүл саруул, элдэв асуудалгүй явсан нэг иргэн нарт хорвоогоос буцчихаж мэдэхээр эрүүл мэндийн асуудалтай болчихож.
Одоогоос 10 гаруй хоногийн өмнө дамжин өнгөрөх 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэний амьд явах эрхэд ноцтойгоор халдаж, өтгөн шингэнээ цаг тухайд нь гадагшлуулж байх эрхийг зөрчиж буй харгис үйлдлийн талаарх мэдээлэл сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулж байсан. Тэрчлэн эм тарианы хангалтаа шалтгаан тодорхойгүйгээр тасалдуулснаас Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэдийн эмчилгээ ч тасалдсан талаар өмгөөлөгч бүсгүй өөрийн нүүр хуудастаа бичиж байв. Харамсалтай нь, буруу булхайдаа уучлал гуйж залруулахын оронд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс шүүмжлэлт мэдээллүүдээ устгуулж байсан ШШГЕГ-ын удирдлагуудын алдаа оноо нь хүний эрүүл мэнд, амь насанд учирсан бодит хохирол, хорих ангид гарсан хүн амины хэрэг сэлтээр баримтжигдлаа.
Өмгөөлөгч эмэгтэйн үйлчлүүлэгч бөөрний дутагдалтай, эрүүл мэндийн эмгэгээсээ болж ойр ойрхон шээдэг байсныг үл харгалзан, Цагдан хорих 461-р ангийн эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд өдөрт гуравхан удаа шээлгэж байснаас болж яллагдагчийн зүүн бөөрний үйл ажиллагаа зогсч, улмаар шээс хуримтлагдаж байснаас болж өдгөө баруун бөөр ч зогсох эрсдэлд орчихоод байгаа аж.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиант мэдээлэл гарсны дагуу яллагдагчийг Мөнгөнгүүр эмнэлэгт сүр дуулиант харуул хамгаалалт дор аваачиж үзүүлэхэд бөөрний үйл ажиллагаа нэгэнт зогссон гэх онош гарч… Ийм онош тавигдсан байхад ямар нэг эмчилгээ дур мэдэн хийх нь хүний амь нас хохироож болзошгүй эрсдэлтэй гэдгийг нарийн мэргэжлийн эмч бүхэн хэлж байна. Гэтэл Хорих ангийн эмч нар юу нь мэдэгдэхгүй эмчилгээг үргэлжлүүлж, эмч нарын зөвлөгөөний хурлаар артерийн даралт нь 160-ыг зааж байхад 140 гэж тэмдэглэ гэхчлэн харгислаж байсан нь аймшигтай.
Мэдлэг мэдээлэл, ур чадвар дутуугийн дээр, нэмээд харгис хэрцгий ийм эмч нар бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн гэдэг ой гутам… Тэдэнд эмчлэх эрх бий юү, О.Амарсанаа дарга аа!!!
Бөөрний дутагдлын эцсийн шатанд цусны даралт ихсэх хорт хам шинж бий болж гиперрениний механизм давамгайлж цусны сийвэнгийн ренин 2-3 дахин ихсэж рениний өндөр идэвхжил бүхий гипертензи үүсч, даралт бууруулах эмээр зохицуулах боломж алдагддагийг наад эмч нар чинь огт мэддэггүй юм байна.
Тэрчлэн үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал ингэтэл доройтон, амьдрах наснаас нь өдөр хоногууд хоргодож буйд тэвдсэн өмгөөлөгч нар нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Н.Жанчивнямбуу нарт Цагдан хориог өөрчилж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах эрхийг олгооч гэх хүсэлтийг удаа дараа тавьсаар байсан ч үл ойшоосоор өдгөө нэг иргэний амь насыг үхэл сэхлийн заагт авчирчихаад байгаа нь зүхэл ч багадмаар харгислал юм.
Цагдан хоригдож байгаа иргэн хуульд заасан зарим эрхээ хязгаарлуулж байгаа болохоос эрүүл мэндийн үйлчилгээ авах, бие засах зэрэг наад захын эрх нь амиа өгөх хүртэл зөрчигдөж буйд дорвитой арга хэмжээ авч чадахгүй, тайлан мэдээ төдийхөн бэлтгэсээр суух уу, Хүний эрхийн үндэсний комисс!!!
Өнөөдөр амиа, амьдралаа эцсийн шатанд хүртэл хохирчихоод буй эл яллагдагч гэх эрхмийг Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдоход хүргэсэн баримт нотолгоо төдийлөн байхгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Энэ нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учиртал цагдан хорьж, алиатах шаардлагагүйгээр гадуур шалгаж болох байсан гэсэн үг юм.
Тэгэхээр хүнээ, иргэнээ боддоггүй, өөрсдийгөө зааз гүйцэтгэгчид гээд ойлгочихсон гэмээр прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдэд өм цөм цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эрчтэй, эрчимтэй явагдаж буй ШҮҮР ажиллагааг хууль цаазын салбараас эхлэхгүй бол энд хэлмэгдүүлэлт, хэрэг наймаалцал, авлигал, харгислал гээд хүний ертөнцөд байж боломгүй бузар булай бүхэн дэлгэрч, залруулж дийлэмгүй алдаанд орж байгаа юм биш биз.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусдыг ялладаг газар биш.
Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх үүрэгтэй энэ газрын удирдлагуудыг нэн даруй өөрчлөхгүй бол эргэлтээр ирсэн ар гэрийнхнээс ч өмхий хамхай нь сагасан модон жорлонгоо харамлаж, цоожтой бүргэд хаалга хийчихсэн байгаа нь дэндүү шившиг биш үү, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Нандинболор оо!!!
ЦЕГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар байсан нөхөр ямар лифтээр өгсөхөөрөө ШШГЕГ-ын хорих ял эдлүүлэх албыг удирдаад, хүний эрх гээчийг хөсөр гээгдүүлчихсэн явдаг юм… Нэхэн сурвалжлах л асуудал…
Үргэлжлэл бий…