Ц.Элбэгдоржийн бүлэглэл намуудын дотоодод “шуурга” дэгдээв үү?!

Алаагүй баавгайн арьс булаалдан АН арцалдаад эхэлж. Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах эсвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан спикер алх цохисноор сонгуулийн тогтолцоо тодорхой болно. Үүний дараа намын нэрийн жагсаалт батлагдах учиртай. Гэтэл жагсаалтад багтахын тулд намуудын дотоодод хэдийнэ зодоон нүдээн эхэлчихсэн бололтой.

Гэхдээ бүлэглэл хоорондын тэмцэл гэвэл илүү онох байх.

Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нэг нь гэрчилгээ, нөгөө нь тамга барьж ирснийхээ хариуг Л.Гантөмөрөөс нэхэхийн хажуугаар Ц.Элбэгдорж хойморт заларчихсан эрх мэдлийн тэн хагасыг зурж буй бололтой. АН-ын дарга Л.Гантөмөрийн дэргэдэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хүн бүхэн Ц.Элбэгдорж хэмээн хардаг нь үнэн.

Б.Хурцыг Лондонд хоригдож байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зангараг заан эх оронд нь авчирсан явдал ингэж харах эхлэл болсон биз.

Тэрчлэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг зөвлөхийг нь шүүхээс ялласны дараахан “Ц.Элбэгдорж бол хуйвалдаант төрийн үндэслэгч” хэмээгээд “МАНАН гэдэг зүйлийн цаана Ц.Элбэгдорж бий. Энэ хүн Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Эндээс өөрийн үгэнд орох, барьцаанд нь үлддэг хүмүүстэй нийлж Монгол төрийг самарч эхэлсэн. Хоёр дахь хүн нь М.Энхболд” гэх цочим мэдэгдлийг хийж байв.

Ер нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын харилцааг улстөрийн хүрээнийхэн андахгүй.

Ямартаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил танхимынхаа хоёр сайдыг томилуулахаар оруулж ирэхдээ “Яасан ч айхтар бяртай хүн юм тэр Т.Бадамжунай. Яасан ч олон хүнээр нөлөөлүүлдэг нөлөөтэй юм” хэмээн бухимдаж байхав.  

Тэгэхээр АН-ын дарга Л.Гантөмөрийн дэргэд Ц.Элбэгдоржийн пиар бантанг олон жил зуурч явсан А.Ганбаатар зөвлөхөөр ажиллаж, Ч.Өнөрбаяр Хэрэг эрхлэх газрынх нь даргаар, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар С.Эрдэнэболд нар ажиллаж буй нь олон хүний дургүйцлийг төрүүлж байгаа хэрэг.

Тэр бүү хэл, Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүлийг томилох тохироо хөшигний ард хийгдэж, намын нэрийн жагсаалтад Ц.Баатархүү, О.Баасанхүү, О.Магнай, О.Алтангэрэл, Э.Долгион, Б.Түвшин, Б.Ганхөлөг, Х.Тэмүүжин нар жин даран орж ирж байгаа нь дайран дээр давс нэмэх гээч болж байна.

Тиймээс урин цаг ирчихээд байхад жанжны талбай хөл хөдөлгөөн багатай, жагсаал цуглаангүй байгаагийн шалтгаан нь Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нарын буян гэлцэхийг тэнэмэл үг гээд орхивол өрөөсгөл хэрэг болох биз. Тэд ойрын үед байсхийгээд уулзалдаж байгаа бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Б.Хурц нар ч хэл амаа ололцсон гэгдэж байгаа.

Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нарын хэн хэнд нь улс төрийн “орогнол” нэн чухал энэ үед ийнхүү зүтгэлэхийг буруутгах ч аргагүй.

Х.Баттулга Ц.Элбэгдоржийг, Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг хүлээн зөвшөөрч чадахгүйтэй адил Л.Гантөмөр Эбэгээс нүүр буруулж, Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нар М.Энхболдоос тэгтэл холдох нь юу л бол.

Тэгэхээр сүүлийн үест цацагдаад буй М.Энхболдын үед хамгийн их газар олгогдсон, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр оюуны хулгай юу, Л.Гантөмөр Боловсролын зээлийн санг тэглэсний учир, Сү.Батболд Д.Сумъяабазартай нийлж циркийг “Имарт” болгох нь зэрэг мэдээллийг санамсаргүй гэж үзэх боломжгүй юм.

Сү.Батболд өнгөрсөн долоо хоногт иргэдтэй уулзахдаа “Намын нэрийн жагсаалтад багтаж нэр дэвшихгүй” гэдгээ мэдэгдсэн нь олон утга давхар чирсэн. Юун түрүүнд Дундговь руу байсхийгээд давхидаг болсон түүний хувьд энэ нь тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн хэрэг биз.

Түүний фракц намын нэрийн жагсаалт болон тойргийн квот дээр 30-40 хувь авахаар зүтгэсэн ч боломж хомс гэх хариу сонссоноосоо хойш асуудал үүсгэж эхэлсэн гэдгийг намын дотоод дахь эх сурвалжаас хэлж байна.  

Тэрбайтугай Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах кампанит ажил өрнүүлнэ гэх шуумыг тус фракцтай холбон тайлбарлах нөхөд ч байгаа юм. Ирэх сонгуульд Л.Оюун-Эрдэнэ гэх даргатайгаар орж, улмаар ялалт байгуулчих юм бол нам доторх бүлэглэлүүдийн хойч ирээдүй тийм ч таатай байхгүй гэх явуулга Сү-гийн фракцид харьяалагддаг ганц нэг эмэгтэйчүүдийн амнаас унасан нь эл хардлагын эхлэлийг тавьсан биз.

Ямартай ч АН-д Ц.Элбэгдоржийн бүлэглэл хүч түрэн орж ирсэн нь хүний өөрийн бүх намын дотоодод үл ойлголцлын шуурга дэгдээгээд буй нь энэ бололтой.

Орчуулах »
error: Content is protected !!