Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын хоршил улс төрд дахин хүчээ авч мэдэхээр байна. Нэгэн үе М.Энхболд нэгдүгээр хүний дайтай эрэмбэлэгдэж, Х.Баттулга дагаж намирч явсан нь үнэн.
Гэвч дундуур нь Хүрэлсүх нэрт хар муур харайснаар хэн хэн нь бадар барих шахаад тогтсон.
М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад мад тавиулаад зогсохгүй У.Хүрэлсүхэд хамаг эрх мэдлээ алдсаны хариуд Үндсэн хуулийн Цэцээр Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийг нь хаалгуулж хэн гэдгээ харуулсан юм. Тухайн үедээ Цэцийн дүгнэлтэд У.Хүрэлсүх нөлөөлсөн гэлцдэг ч үнэндээ тэр энэ хүртэл нүүж чадахгүй л дээ.
2016 онд МАН олонх болмогц Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан анхны Ерөнхийлөгч П.Очирбатын оронд Д.Одбаярыг оруулж ирсэн хүн нь М.Энхболд байв. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад танхимд нь Хууль зүй, дотоод хэргийн нь сайдаар Д.Одбаяр ажиллаж байсан бөгөөд сүүлд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эсэх маргааныг Д.Одбаяр даргалж, унагасныг тохиолдол гэж харвал өрөөсгөл юм.
Уг нь Цэцийн гишүүн болох Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг томилуулсан хүн нь Х.Баттулга гэдэг ч тэдний нөлөө Д.Одбаярын алхны цохилтыг давж гараагүй нь бодит үнэн.
Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нөхөрлөл түргэн хоол шиг хялбархаан муудчихсан.
Одоо харин “Майдар”-ыг эхлүүлсэн Х.Баттулга, “Манзушир”-ыг оролдоод орхисон М.Энхболд нар эргэн нэгдэж, хамгийн түрүүнд У.Хүрэлсүхийн эрх мэдэлд шанаа өгөхөөр ганц нэг ажил эхлүүлээд буй бололтой.
МАН дахь У.Хүрэлсүхийн нөлөөллийг, Н.Энхбаярын эрхлэлттэй таслан зогсоох нь тэдний нэн тэргүүний алхам биз. М.Энхболд Н.Энхбаяртай сайнгүй харилцаатай ч Ц.Элбэгдоржтой ойлголцол ойр.
Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр хэлсэн “М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нэг болсон. Энэ бүлэглэл М.Энхболдыг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялуулаад, Ц.Элбэгдорж 2020 онд Ерөнхий сайд болохоор тохиролцсон” гэх Х.Баттулгын мэдэгдэл нотолж буй юм. Уг нь Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар бол 1990 оноос нөхөрлөсөн андууд ч тэд холыг туулж чадалгүй хоёр тийш болсон. Харин Ц.Элбэгдорж, М.Энхболд нар 2014 оноос хойш гар нийлж ажиллах болсон төдийгүй энэ нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын нөхөрлөл эхэлж байх үетэй таарснаар хоёр талаас эн тэнцүү сөрсөн базаа хийх боломж болсон биз.
Ер нь М.Энхболд Ц.Элбэгдоржтой ойр гэдгээ өөрөө хэлээд өгсөн гэхэд хилсдэхгүй.
2018 онд УИХ-ын даргын суудлаас буухдаа М.Энхболд “АТГ-ын удирдлагыг намайг томилсон, би удирддаг, миний хүн гэдэг байдлаар ярьдаг. Намайг Улаанбаатар хотод, Засгийн газарт ажиллаж байхад энэ хүн Замын цагдаагийн газрын дарга, орон нутагт ажиллаж байсан, таньдаг мэддэг хүн мөн. Гэхдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж өмнөх Парламентын бүрэн эрхийн хугацааны үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтээ оруулаад, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороонд цохолт хийгээд, ХЗБХ нь асуудлыг хэлэлцсэний эцэст АТГ-ын даргаар томилсон байдаг шүү” гэж байв.
Тэрбээр мөн “Улсын ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилж байсан мэтээр Ц.Нямдорж ярьсан. Д.Дорлигжавыг ерөнхий прокуророор томилогдоход би намын дарга, УИХ-ын дарга байгаагүй. Шадар сайдаар ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан уу гэвэл дуусаагүй байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр хүний өргөдлийг нь аваад Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн” гэснийг ч илүүц тайлбар төдий байсан гэж харвал гэнэн явдал болно.
Одоо харин АН-ын даргаар Л.Гантөмөрийг батлуулсан нь М.Энхболд Ц.Элбэгдорж Х.Баттулга нар зоогийн ширээний нэг талд гарчихсан байгааг харуулж буй хэрэг биз.
Саахалтын газраас шороо цацлан уйлж суусан С.Эрдэнэ тамгаа тэврэн гүйж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц АН-ын хамгаалалтын албаны дарга шиг хаа ч цуг үзэгдэх болсон нь МАНАН дахин хүүшилж, энэ удаад илүү хүчтэй, илүү хянуур болон айсуйг харуулж байна. Үзэгдэх байдлын дарамт гэдэг шиг харагдаж буй нь үнэн.
Б.Хурц АН-ын тугны өмнө үе үе гарч ирж буй нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг дахин задалж, Ц.Нямдоржийн олон долоон үгэнд цензур тавих цаг ойртсоныг анхааруулах мэт…
Х.Баттулгыг яггүй зуумтгай гэдэг. Тэрбээр У.Хүрэлсүхтэй хамтран Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэрхэн “ялласан”-ыг түүний эрх мэдэлтэй байх үеийн үйл явдлууд гэрчилнэ. Тавантолгойн ордын гэрээтэй холбоотойгоор үүссэн гэх тэдний хоорондын ангал эргэж анихааргүй болтол задарсаар тийн төгссөн байдаг.
Дараагийн “дартас” нь Н.Номтойбаяр байв. Гэхдээ Х.Баттулга гэхээсээ У.Хүрэлсүхтэй илүү жөтөөрхөлцөж явсан тэрбээр намаасаа хөөгдөөд зогсохгүй хорих ял сонссон.
Удаах нь М.Энхболдын гарын хүн гэгддэг Ж.Эрдэнэбат. Түүний араас Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан гээд багагүй жагсаалт хөвөрнө. Улмаар шүүхээс ял сонссон хүмүүсийн олонх нь Х.Баттулгатай дайсагналцсан төдийгүй, цөөнгүй зарим нь У.Хүрэлсүхийн уурыг хүргэгчид байсан гэдэг.
Одоо харин У.Хүрэлсүхийн ээлж ирж буй буюу тэрбээр урьд тарьсан үйлийн “үр”-ээ хураах цаг дөхсөн бололтой.
Ирэх сонгуулийн намуудын квотууд ч чамбай өрөгдөж, МАН-ын генсэк дээр төвлөрсөн алтайчуудын бүлэглэл аль аль намын толгой лидерүүдийн анхаарлыг татаад эхэлж. Харилцаа холбоо, цахим хөгжил нэрээр маш чухал дата мэдээллүүд дээр өөрийн хүмүүсээ байршуулсан гэх Д.Амарбаясгаланд эртхэн анхаарал хандуулахгүй бол тун удахгүй хэн нэгний толгой дээр аюулын харанга дэлдэж мэдэх нөхөр гарцаагүй мөн хэмээн эргэн ирэгсэд үзэж байна.
Үргэлжлэл бий…