Н.Багабандийг үдэж Ж.Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр сонгосон нь олны анхаарлыг татаж байна.
Ж.Таныг АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Жамбалдоржийн охин гэдгээр улстөрийн хүрээнийхэн мэдэх биз.
Олон улсын нэр хүнд бүхий сургуулиудыг дүүргэж, ажлын гараагаа Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын “Оюу Толгой” компаниас эхэлсэн энэ эмэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас ийнхүү гаргав.
Олны анхаарлыг огцом татаж буй Ж.Тана гэж хэн бэ… Түүний талаар монголчууд бид хэр мэдэх билээ.
Ямартай ч Жамбалдоржийн Танын нэрээр улсын бүртгэлд Тана глобал солюшинс, Бидний монгол мөрөөдөл гэх хуулийн этгээдүүд бүртгэлтэй байх аж.
Тана глобал солюшинс ХХК-ийн нь албан хаягт Гольф монголиа интернэшнл гэх компани давхар бүртгэлтэй нь анхаарал татаж буй юм. Захирал нь Жамбалдоржийн Маргад гэж байх агаад тэрбээр Чармс, Эдамон партнерс ХХК-иудыг эзэмшиж байна.
Ж.Тана “Бидний монгол мөрөөдөл” хуулийн этгээдийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэтэй хамтран эзэмшдэг.
2016 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан тэрбээр аав Ц.Элбэгдоржтойгоо “Элбэг эрдэнэ консалтинг” гэх компанийг байгуулж.
Тэдний Оксфорд кэмбрижийн төгсөгчдийн монгол дахь холбооных нь гишүүнчлэлд байх М.Сугар гэгч Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Р.Батсайхантай Прайм медиа ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд энэ талаарх сонирхолтой мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё.
Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнийн Монголын энхийг сахиулагчдын холбоонд бүртгэлтэй Б.Батболд гэж нөхрийн нэрээр олон ч хуулийн этгээд байгаагаас УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Митсолюшнс ХХК-ийн захирлаар ажилладаг гэх бүртгэл нь илүүтэй сонирхол татаж буй юм.
Тэрчлэн С.Эрдэнийн 2018 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглөж байсан Сор наран мед компанийн гүйцэтгэх захирал М.Солонго нь Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн даргаар 2017.05.16-нд томилогдож байсан бөгөөд Сор наран мед-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч Н.Бямбацэцэг нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хэлтсийн дарга. Тэрбээр энэхүү албан тушаалд 2016.10.24-нд буюу МАН засагласнаар томилогдож байсныг энэ зуурт саная.
Түүнчлэн Э.Эрдэнийн Бялхам-Ерөөл гэх компанийн нь хувьцаа эзэмшигч Б.Батболд гэж нөхөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн агаад энэхүү албан тушаалд 2020.07.01-нд томилогдож байсан гээд МАН олонх болж, төрийн эрх дангаар барих болсны дараахнаас Э.Эрдэнийн тойрон хүрээлэл ч ийнхүү албан тушаал ахисаар явааг харж болно.
Н.Багабанди нэгэн үе Н.Энхбаярын хандыг Ц.Элбэгдоржоор даруулж байсан үе бий.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой болмогц М.Энхсайхан Ерөнхий сайдын суудлаас татгалзан Ц.Элбэгдоржийг гарган ирж байв. Тухайн үед парламентад 50х50 хувийн суудалтай байсан Их эвслийн Засгийн газрыг Ц.Элбэгдоржоор удирдуулах хорыг Н.Багабанди, П.Очирбат нар хийсэн гэлцдэг. Харамсалтай нь, Ц.Элбэгдоржийн Засгийн газар удаан тогтоогүй.
Улмаар 2005 оны 8 дугаар сард болсон УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас М.Энхболд нэр дэвшсэн ч Ц.Элбэгдорж нэрээ татан намын гишүүдээ ангайлгаад зогсохгүй сайдын суудлаа ч М.Энхболдод өгч байсныг тухайн цаг үеийн үйл явдлууд гэрчлэх биз.
Түүнээс хойно буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дахин Төрийн тэргүүн болгохгүйн тулд Ц.Элбэгдоржийг М.Энхболд, Н.Багабанди нар илтэд шахуугаар дэмжиж байсан бөгөөд үүнд нь Н.Энхбаяр гомдол тээн үлдсэнээ хэнээс ч харин нуудаггүй юм билээ.
Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын дараахь бэлтгэл “шавь” нь У.Хүрэлсүх.
Түүний өгссөн шат бүрийн ард Н.Багабанди байх бөгөөд тэрбээр өнөөдөр Оюутолгойгоос өөрийн хүсэлтээр явсан мэт харагдавч үнэн хэрэгтээ төдийгөөс өдий хүртэл дарж ирсэн “өндөг”-өө ийнхүү үлдээгээд, өөрөө удирдлагын товчлуураа халааслаад гэрийн зүг алхмар болон гэлдэрч байна.
Үргэлжлэл бий…