УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх эсэх бужигнаантай зэрэгцэн Д.Сумъяабазар, С.Амарсайхан нар бие бие рүүгээ “чулуу” нүүлгэлцсэн өдрүүд өнгөрч байна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт гэхэд л хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах санал гаргаснаар өнгөрөгч долоо хоног дууссан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор 2012 оноос эхлэн ажиллаж байгаад 2020 оны Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хуралдаа ирдэггүй, ажил хийдэггүй хэмээн хатуухан шүүмжлэв.
Нэг ардчилал клубын гишүүнчлэлтэй Т.Батцогт Монголын цахим спорт тоглоомын холбоо төрийн бус байгууллагыг Д.Пүрэвдаваагийн хамт эзэмшдэг гэдгийг олон нийт мэдэх биз.
Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг Э.Хатанбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэхээр мань эрс зүүн дүүргээс өндийж, хэтэвч зорилгоо нэгтгэсэн бололтой юм.
Т.Батцогтын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг ХХК нь 100 хувь өөрийнх нь эзэмшил биш агаад Улсын бүртгэлд И Эм Си Эйч инженеринг – Мон тун фарм гэж бүртгэгдсэн байдаг. Захирал П.Тунгалаг нь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон түүний баз УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан нартай тун ойр гэдэг.
Тэрбээр Сайны төлөөх өөрчлөлт төрийн бус байгууллагын гишүүн бөгөөд үүгээрээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ч холбогдоод явчихдаг нэгэн аж.
Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар хэзээнээсээ хонь, чоно мэт байсаар ирсэн ч сүүлийн үед үл ойлголцол нь хэр хэмжээг давчихаад буй бололтой.
С.Амарсайхан Х.Баттулгатай худ ургийн холбоотой. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монголын тэргүүн хатагтайн суудлыг “нөхөж” байсан охин Б.Намууны нөхөр О.Тэнүүн нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү.
Шарк танк нэвтрүүлэгт оролцож буй түүнийг Шадар сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг талаар нэг хэсэг хэвлэлүүд мэдээлж байсан.
Харин Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Дагвадорж нь Х.Баттулгын “явуулын станц”. Хамгийн ойрын шадар цэрэг нь гэж хэлж болно.
Ийнхүү Х.Баттулга гэх цэг дээр огтлолцдог тэд юуны улмаас арцалдан хэмлэлдэж явдаг юм бол. Тэдний үл ойлголцлыг маш эрт цагаас эхэлсэн гэдэг.
Санах гээд үзье…
С.Амарсайхан нефтийн үйлдвэрийг 1995 оноос судалж, 2000 онд эхлүүлэхээр хил дээр бүх тоног төхөөрөмжөө аваад ирсэн байхад нь тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр хилээр нефтийн тоног төхөөрөмж оруулж ирэхийг хориглочихсон гэдэг. Энэ талаар тэрбээр нефть импортлогч нөлөө бүхий компанийн лоббигоор дотооддоо нефтийн үйлдвэр бариулахгүй гэж 450 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг царцаан том төслийг минь үгүй хийсэн. Тэгээгүй бол жилд 1 сая 500 мянган тонн шатахуун үйлдвэрлэх үйлдвэр аль эрт босчих байлаа гэж байв.
Сүүлд, 2007 онд технологийн салбарт үйл ажиллагаа явуулах гээд мөн 30 сая ам.доллараар шатсан. Юнителийг оруулж ирэхийн тулд С.Амарсайханы төслийг унагасан хэмээн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Улмаар энэ бүгдээс болж эргэж буцалтгүй их улс төрд хөл тавьсан гэгддэг.
Ингэхдээ тухайн үеийн хотын фракцтай сөргөлдөн улс төрийн имижээ бүрдүүлж, Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр НИТХ-ын төлөөлөгч, хотын дарга, цаашлаад УИХ-ын гишүүн, Шадар сайд болчихоод байгаа.
Тиймээс хотын фракцийг сулруулж унагасан ялалтыг У.Хүрэлсүхэд гэхээсээ С.Амарсайханд хаяглаад байдгийн учир тэр биз. С.Амарсайхан ч “Би хэдэн нөхдөө цуглуулаад гарын үсэг зуруулсан. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, түүний дараа Су.Батболдыг огцруулах ажил тэндээс эхэлсэн” гэж байв. Улмаар М.Энхболдын үед олгогдсон олон ч газрыг цуцалж, нийтийн эзэмшлийн болгох шийдвэрийг гарган шуугиулж явсныг уншигчид мартаагүй байх.
Харин Д.Сумъяабазар хотын фракцийнхны дэмжлэгээр өнөө хүртэл яваа нэгэн.
Түүнийгээ батлах мэт М.Энхболдыг хотын даргын зөвлөх гэх сэтрээр дэргэдээ байлгаж, намынхныхаа эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргэж байгаа нь үнэн. М.Энхболд ч элсний нүүдэл шиг чимээгүйхэн ахиж Д.Амарбаясгалангийн тавиул гэгддэг нөхрийг явуулаад УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг хотын Ерөнхий менежерээр томилуулахаас нүүдлээ эхэлсэн.
Гэхдээ үүнээс ч өмнө, 2020 оны Орон нутгийн сонгуулийг далдаас удирдан чиглүүлсэн хүн нь Миеэ гэлцдэг.
Уг нь Д.Амарбаясгалан Орон нутгийн сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөхгүй гэдгээ илэрхийлж, намын хэвлэлийн албыг Нийслэлийн намын хороонд тусалж болохгүй хэмээн үүрэгдсэн гэдэг. Гэсэн ч арыг нь зохицуулж, албыг нь хөшигний араас М.Энхболд удирдсаар орон нутгийн сонгуулийг амжилттай давуулсан бөгөөд Д.Сумъяабазар шарандаа УИХ-ын гишүүнээс татгалзан, хотын даргын суудалд хорсолтойхон суусныг бид мэднэ.
ХААН банк тойрсон томоохон “зодооны” хажуугаар Д.Сумъяабазар Миеэгомбо гуайн хүүтэй хэрхэн хөтлөлцөж гүйснийг бултаараа харсан.
Хотын фракцийг, тэр дундаа Миеэгийн босгосон пирамидыг нураах тийм ч амар биш л дээ. Нийслэлийн бүх шат дамжлагад үлдээсэн “гар хөл” нь бий. Түүний хамгийн том, хэзээ ч уучилшгүй “дайсан” нь С.Амарсайхан. Ядаж байхад хэн хэн нь нефть, эрчим хүчний салбарт дарцгаа хатгачихсан.
Тайваньд төвтэй Трафигура компани Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ачаар Монголын мөнгөний баяжмалыг өдгөө ч зөөсөөр байгаа. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараагаас голлох гүйлгээ хийгдэж эхэлснийг тухайн үеийн шилэн данснаас харж болно. Тус компанийн хүн гэгддэг А.Амундра ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр дэргэд нь ирснийг санаандгүй тохиолдол гэж харвал өрөөсгөл биз.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2021 онд 17 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн нь “Трафигура”-гийн Э.Жононбаярын ээжийнх нь компани болж таарсан баримтууд бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн цөм нь “Трафигура” бөгөөд “нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилтот төслөөр дамжуулан түншлэл үүсгэн дэмжлэг үзүүлэх” гэх гоё тайлбартай өнгөлөн далдлалтынх нь талаархи мэдээллийг жичдээ хүргэнэ.
Тэрбайтугай дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа бүтээгдэхүүнийг үнэ нэмэхгүйгээр оруулж ирэн худалдаалах шаардлагыг нефть импортлогчдод Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тулгуулж, Ашигт малтмал, газрын тосны газраас аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулна гэх хүртэл сүрдүүлж байсан тэнэглэлийн цаана А.Амундра болон Трафигура гэлцэх мессэжийн учир утгыг ч дараагийн дугаарт тодруулан мэдээлэх болно.
Өөр нэг онц ноцтой мэдээлэл бидэнд ирсний нэг нь, Д.Сумъяабазар С.Амарсайхан нарыг ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой дамжуулах ажлын асуудлаас болж гэдсэндээ хөлөө жийлцэн, мөн чанараа гээтэл муу муухайгаа дуудалцахад хүргэсэн гэлцэж байна. Энэ талаархи мэдээллийн нарийн учрыг ч тухайлан судалж хамтатган хүргэнэ.