Г.Занданшатарын анги 73 гишүүнтэй болов. Ж.Мөнхбат хүсэлтээрээ явсан бол Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг ангийнхан нь бахируулсаар Прокурорт хөтлүүлээд явууллаа.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Нэр бүхий гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг боломжийн хугацаанд оруулж ир гэдэг саналыг өглөө” гэж байсан.
Өнөөдрийн УИХ ч ингэж шийдэж.
Тэд УИХ-ын тухай хуулийн 9.7-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно” гэх заалтыг урьтал болгон матрын нулимс унагасан гэчихэд хатуудахгүй.
Прокурорын зүгээс үндэслэлгүйгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал тавиагүй л байж таарна.
Тэгэхээр мань эрс ангийн нөхдөөсөө “Баяртай” гэх үг сонсоод, парламентын босгыг хэцүү нэртийн босгоор сольж болзошгүй байдалтайгаар ордноос гарлаа.
Тэдний тавилан хэрхэхийг Прокурорт үлдээгээд улстөрийн нөхцөл байдал руу өнгийе. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэчъяадан хүссэн тогтолцооны өөрчлөлт хийгдэхгүй нь тодорхой боллоо. Түүний хүсэлт гурвын гурван гишүүний суудлыг залгиж байж зогсох учиртай байж.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч Г.Занданшатарын тэргүүлсэн парламент хийх эрх зүйн чадамжгүй болов. Тэдэнд өнөөдрийн түдгэлзүүлсэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг эргэж иртэл Үндсэн хуулийг ухах эрх байхгүй гэсэн үг.
“Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа олон хүн байхад нэр цохсон нь улс төрийн явуулга” хэмээн бүлгийн хурал дээр бухимдсан Т.Аюурсайханы үг хатуухан сонсогдсоныг ч хэлэх үү…
Тэгээд ч өнөөдрийн үйл явдалтай зэрэгцээд УИХ-ыг тараах тогтоолын төслийг АН-ын гишүүдээс санаачлаад, бэлтгээд эхэлчихэж. Зөв ч биз… МАН-ын нэлээдгүй гишүүн дэмжиж буй нь юу юугүй 51 гишүүний гарын үсэг хүрчихэж мэдэхээр айдсыг Л.Оюун-Эрдэнэд өгч, дахиад л бөөн бөөн уулзалт товлон нойргүй хоноход хүргэв бололтой.
Угаасаа ч энэ удаагийн парламент дахь МАН-ын гишүүд намын даргынхаа ухсан нүхэнд унаж, нэр хүнд нь шалаар нэг болчихоод байгаа болохоор үлгэн салган гишүүн гэж явснаас үтэр түргэн тараачихаад дараагийн ажилдаа оръё гэж хүсэх нь зүй юм.
Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн хамгийн анх нэр заан “хэрэгтэн” хэмээн цоллосон А.Адъяасүрэн бүрэн эрхтэйгээ даахалзаж, бусдынхаа байх байхгүйг хэлэлцэж буй нь МАН-ын гишүүдийн аазгайг хөдөлгөө биз.
УИХ тарахад 51 гишүүний гарын үсэг хангалттай.
УИХ-ын тухай хуулийн 36.1.1-д УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол гэх заалт бий. Мөн хуулийн 36.4-т Энэ хуулийн 36.1, 36.2-т заасан шийдвэр гарснаас хойш УИХ 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэсэн байгаа.
Тэгэхээр АН-ын гишүүдийн санаачилж буй УИХ-ыг тараах тогтоолын төслийг гишүүд дэмжвэл хоёр сарын дотор дараагийн сонгуулийг товлон зарлана гэсэн үг.
Парламент хугацаанаасаа өмнө тарах нь улстөрийн үр дагаврын хувьд уршигтай ч эрх зүй, ёс зүйн чадамжгүй парламент түүнээс илүү хортой гэдгийг учир ухах хэн бүхэн мэдэх биз.
Тэгээд ч Монголын парламентын түүхэнд гишүүдээ хамгаалж чадалгүй Прокурорт хөтлүүлэн гаргаж буй арчаагүй дарга Г.Занданшатараас өөр байгаагүй юм. Түүнд спикер хийх чадвар даанч алга. Ямар нүүрээрээ гадаад дотоодод Монголын парламентыг төлөөлж явах билээ, АЛХаа орхиод дуугүйхэн буучих нь зөв зам болох биз.