Яамд гэдэг бууж морддог БУУРЧийн газар биш

Хийж бүтээсэн, эхлүүлсэн ажил нь бусдад сайнаар нөлөөлж үргэлжлэх, бусдыг араасаа дагуулдаг хүнийг булган сүүлтэй гэж ярьдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа харин эсрэгээрээ хүн юм. Түүний хашсан албанд хүн тогтохоо больж, ёстой хараагдсан суудал гэдэг шиг болж.

Ямартаа яамандаа лам залж засал хийлгэе гэж хошигнож байхав.

Дөрвөн жилийн хугацаанд дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэх гэж буй энэ салбар уналтад орж харьяа, газар хэлтсүүд нь хөл толгойгүй болоод удлаа. Сайд солигдох бүрт харьяа байгууллага, алба хэлтсийн удирдлага солигддог жишгийг МАН тогтоосны үрээр төрийн залгамж халаа ч гэж үгүй болсон. Шинэ сайд ирэхээр би солигдох нь гарцаагүй хэмээн сэтгэлгүй хандаж, хийцгүйрсэн нөхөд тус яамаар дүүрэн.

Т.Аюурсайханы өргөдөлтэй зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилсон УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Оюунчимэг, М.Мөнхцэцэг нарын чимээнээр бүр ч утгаа алдлаа. Яг үнэндээ нэр бүхий гурвын хэн хэн нь энэ салбарт хэт жулдана.

Төв аймгийн “босуул” гэгддэг Н.Энхболд МАН-ын манаачаас хэтрэхгүй болсон нь үнэн.

Парламентад зургаан удаа сонгогдсон ч түүн шиг “бөөрөнхий”, өөрөөсөө өөр хэнд ч нэмэргүй улстөрч парламентын түүхэнд байхгүй биз. Суудлын бөглөөс, эрт үеийн хятад хүүхнүүдийн плакат шиг болчихсон нөхдөөсөө энэ нам зоригтойхон шиг салах цаг нэгэнт болсон. Юун САЙД…

М.Оюунчимэгийн тухайд Н.Энхболдоос төө дордоно уу гэхээс дээрдэхгүй. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэх хэлцийг байнга сануулдаг түүний хэм хэмжээнд ч МАН цэг тавих болсон. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг Сү.Батболдын тавиул гэдэг. Түүний дээр дахиад нэг Сү.Батболдын “зүтгүүр” ирчихвэл энэ яамны ажил утгаа алдах биз.

Олон жил давхисан морь өөрийгөө сойдог гэгчээр албан тушаалын орон гарах бүрт боломж хайж явдаг үлбэгэрүүдээсээ салж чаддаггүй МАН-ыг энэ дутагдал нь үргэлж ялагдал рүү хөтөлж байдаг нь үнэн.

Өөрийгөө хоёр дахь Ц.Нямдорж гэдэг М.Оюунчимэг сүүлийн өдрүүдэд “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр оролдон, өрсөлдөөний жамаар өсч өндийн чанаржиж байдаг бизнесийн зарчимд бүдүүлгээр халдаж буй нь түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгаалал гэх нэн том салбарын бодлогод туйлын жижигдэнэ гэдгийг хангалттай харуулчихлаа.

Цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн шаардлагыг нэгдүгээрт тавин ажиллаж буй сүлжээ дэлгүүрүүдийн энд хүрч чадахгүй бол бусад дэлгүүрүүд үүдээ бариг л дээ. Тэр М.Оюунчимэгт юуны хамаа… Эрүүл ахуйн шаардлага хангасан газраар үйлчлүүлэх ард иргэдийн эрхэнд улстөрч нэрт захын нэгэн халдаж, өөрийн хэр хэмжээгээр бүдүүлэгтэх эрхгүй юм.

Хүүгээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан гэх асуудал нь цар тахлын үед шуугиан тарьж байсан түүний улс төр дэх ургийн мод хүрээгээ тэлсээр байгаа.

Түүнийг сайдад зүтгүүлэх биш харин ч хөрөнгө орлогынх нь эх үүсвэрийг шалгаж, асуух цаг нэгэнт болсон биз.

Нийгэм гэхээрээ л мэдлэг, мэргэшлээс үл хамааран парламентын плакат гэгддэг Н.Энхболд,  Б.Саранчимэг, М.Оюунчимэг тэргүүтэн нь гүйж байдаг салбар биш юм.

Улс орныг хөгжил рүү хөтлөх үү, мөхөл рүү чирэх үү гэдгийг шийддэг чухал салбараар бүү тогло, бүү эзгүй байлга Л.Оюун-Эрдэнэ ээ. Аль салбарт хэнийг томилохоос хэр хэмжээ чинь харагдаад байдгийг бүү март!!!

Монгол түмэн шооч, хатуухан шүүмжлэгчид. Хийж гийгүүлсэн юмгүй атлаа хэдэн жилээрээ саарал ордны буг мэт болчихсон түшээдийг хананд өлгөдөг зурагт хуудаснаас дээрдэх юмгүй хэмээн нэрийдсэн нь хүлээж авч, засч залруулах л егөөдөл… Ийм нөхдийн дахин нэр дэвших эрх, мандатыг хуйгаар нь хурааж авах зориг шинэ үе гэгдэх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт байхгүй бол тэднээс ч өөр, илүү юм хүлээгээд хэрэггүй биз.

Орчуулах »
error: Content is protected !!