5Ш ажиллагаа Ерөнхий сайдыг унагах “ерөндөг” болж болзошгүй

Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэд намынхан нь “хуруун хүүхэлдэй” гэх нэр хайрлачихаж. Түүнийг хэн нэгэн хуруундаа өлгөчихөөд улс төрийн тайзан дээр дуулуулж, уйлуулж суугаа гэсэн үг.

ТАВ гэх тоо Л.Оюун-Эрдэнийн хувьд ихээхэн учиртай тоо юм. 2016.07.05-нд УИХ-ын гишүүний тангараг өргөж байсан тэрбээр 2018 оны өвөл Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нарын хамт “Шударга 5” гэх найрал байгуулан жагсч байв.

“МАНАН дэглэм”-ийн эсрэг хэмээн уухайлж байсан тэд зорилгодоо хүрч шинэ МАНЖАНг байгуулан, байгуулсан хойноо бие биедээ ч зарчмын шаардлага тавьдаг мэт дүр эсгэн нэг, хоёрыгоо салган наан уйлуулж байна. Эцсийн дүр бүхний баталгаа болдог хойно Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын уйлалдаан херо Б.Баатарын найруулдаг жүжгийн хэсэг шиг “зохиомол” харагдах болсон нь үнэн.

Л.Оюун-Эрдэнэ 2019.02.02-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байсан бөгөөд энэ өдөр нь олны хэлдэгчлэн хар баасан гариг байв.

2021.01.25-ны өдөр 41 насандаа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ажиллах болж 2021.06.25-нд МАН-ын XI Бага хурал хуралдан МАН-ын даргаар сонгож байсан гээд түүний бүх зүйлд 5-ын тоо бий.

Тэрбээр 2018 оноос хойш тав дахь жилдээ шударга ёс номлож, эрх баригч намын толгойд сандайлан ямбыг нь эдэлж байгаа ч “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарладаг төсөөллийн индексээр нэг ч алхам урагшилсангүй. Ямба ЯЛ хоёр үргэлжид хамт явдаг хойно намынхан нь түүнээс ял асуух цаг тун дөхөж буй биз.

Тэр одоо “5Ш” ажиллагаа гээчийг зарлан үр дүнгүй, хоосон СҮРийг үзүүлж байна.

5Ш ажиллагаа Хятадын “Үнэгний ав”-тай утга, арга барил их л адилхан харагдаад байгааг нуух юун.

Гэхдээ БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачлан эхлүүлсэн авлигын эсрэг “Үнэгний ав” кампанит ажлыг 1976 оноос хойшхи хамгийн том, үр дүнтэй ажил хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг дууриадаг гэдэг шиг Ерөнхий сайд маань өөрийгөө хоёр дахь Си Зиньпин болж түүхэнд үлдэнэ гэж бодсон байх.

Түүний 5Ш ажиллагаа нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн гэх сүртэй нэртэй ч өнөөдөртөө Авлигатай тэмцэх газар, Эрүү болон Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхны өдөр тутмын хийдэг ажлыг л олонд ил болгоод буй мэт ядмагхан явцтай байгаа.

Ингэхэд нэрлэсэн нэг ч оргон зайлагчийг авчраагүй, эсрэгээрээ нэгийг алдчихсан хэмээн шүүмжлүүлж буй 5Ш ажиллагаа хэний санаачилга юм бол…

Ерөнхий сайд зөвлөхүүдээрээ баруунд боловсрол эзэмшсэн, шижигнэсэн залуусыг сонгон баг боллоо хэмээн анх попорч байсан. Тэгэхээр барууны боловсролтнууд шүүр, шанага, шулам, шушмаа гэх нь холгүй үгс, агуулга сонгоно гэдэг юу л бол.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө сэдсэн гэвэл анхны “Шударга5” гэдгээ 5Шувуу, 5Жиргээ зэргээр нэрлэчих байсан биз.

Ардчилсан хувьсгал гарах хүртэл марксист үзэл баримтлалаар явж ирсэн, 1966 онд XV их хурлаараа МАХН нэрээ Монголын коммунист нам болгочингоо алдаж байсан намыг удирдаж буй Л.Оюун-Эрдэнэ намын үзэл баримтлалаа дагасан бол Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн гэх биш “Эх үндсээр нь устгая”, “Эрх мэдэлтнүүдийг хумья”, “Эргэж зугтахгүй болтол олж ирье” гэхчлэн нэрлэж 5Ш бус 5Э ажиллагаа зурах байсан хэрэг.

Энэ мэтээс болоод даргыгаа намын бодлогоос ангид тоглож, хэн нэгний хуруун хүүхэлдэй болчихлоо хэмээн шүүмжлээд “хуруун хүүхэлдэй” гэж нэрийдсэн бололтой.

Эцэстээ ШҮГЭЛ ажиллагааг нь бодит шүгэл үлээх гэж ойлгоод хэн нэгнийг шүгэл үлээхэд хүргэхгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хууль эрхзүйн орчныг нь сайжруулахад анхаарч бодлого боловсруулах, хууль санаачлах, батлах ёстой нөхөр шүгэл цүнхэлж явцгаая гээд ТӨРийн ордонд шүгэлдэх оролдлого хийж хөгөө чирэв. Магадгүй эсрэгээрээ танхимын тэргүүн, намын даргынхаа 5Ш ажиллагааг ёгтолсон егөө ч байж болох юм. Тэгвэл хэн нэг сайд нь шүүр сугавчлаад, тортой шувуу тэврээд гарч ирэхэд гайхах зүйлгүй билээ.

5Ш-ийн нэг нь ШИЛЭН байх. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хууль санаачлан боловсруулж, УИХ-аар 2014.07.01-ний өдөр батлуулан 2015.11.01-нээс мөрдөөд эхэлчихсэн ажиллагаа л даа. Хуулийн төслийг нийтэд таниулан сурталчлах ажлыг Л.Оюун-Эрдэнийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх А.Амундра гүйцэтгэж байсан байдаг.

Харамсалтай нь, оны эхнээс шилэн данс хаалттай болчихсон. Шилэн данс руу нэвтэрч, төрийн байгууллагын орлого, зарлагыг хянах боломжгүй болчихоод байхад л улс төрийн намуудыг ШИЛЭН болгоно хэмээн попрох нь өрөвдмөөр хэрэг.

Монголыг хохироосон Ч.Сайханбилэгийг ШУВУУ ажиллагаагаар шүүрч авчирна гэх атлаа Оюутолгойн гүний уурхайн олборлолтын баярт оролцон үг хэлж явах жишээний.

Ийм л бодлогогүй, драмын сценариас халихгүй дэвж буй даргаасаа МАН-ынхан үхтэл ичиж, аргаа барахдаа боловсрол нимгэн пиарчдын хуруунд өлгөөтэй хүүхэлдэй гэж байхав.

Хуруун хүүхэлдэйг хоёр гуравхан жил ашиглаад сольдог гэж театрынхан ярьдаг. Тэгэхээр МАН-ынхан генсэкээсээ хол харж чаддаггүй “хуруун хүүхэлдэй”-гээ солих цаг удахгүй. Бүлэг фракцуудын сэм сэмхэн уулзалт ойртож, Засгийн газрын тэргүүн рүү бус Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга руу гүйлдэж буй нь ч тэр цагийн дохио биз.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 5 Төгөлдөршил ярьсаар эцэстээ өөрсдөө төгс төгөлдөр алга болсныг энэ зуурт санахад илүүдэхгүй юм.

Орчуулах »
error: Content is protected !!