Айлаас эрэхээр авдраа уудал Г.Занданшатар аа, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын эхэнд Япон улсыг зорьсон ч амаа таглуулж, нүүрээ ширлээд буцсан талаар танхимын нь гишүүд жиг жуг хийж эхлэв.

Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар 2023.03.01-05-ны өдрүүдэд арлын оронд албан айлчлал хийсэн түүнийг ганзага хоосон ирснийг бүгд мэднэ.

Айлчлалын эхний өдөр тэрбээр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй уулзсан. Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг дурьдаад, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгахаар онцолсныг албан мэдээнээс харчих биз.

Харин хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгах гэдгийн цаана Японы талаас Суруга Монгол корпорацийн хэрэгтэй холбоотой асуудлыг нухацтайхан дайсан гэх мэдээллийг айлчлалын баг бүрэлдэхүүнд багтсан нөхдөөс ам алдав бололтой.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Японы тал “Суруга Монгол” корпорацийн гүйцэтгэх захирал Цүкэаки Хара агсанд хар тамхины хэрэг хилсээр тохож, эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэх хэргийг нэн даруй эцэслээд зогсохгүй албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Цүкэаки Хара нь улсдаа нэртэй бизнесмэн бөгөөд нэр төр нь цагаадалгүй явсаар насан эцэслэсэнд тус улсын иргэд бухимдалтай байдаг аж.

Иймд түүнийг тухайн үеийн Монгол төрийн эрх барих дээд байгууллагын нөхөд, хуулийн байгууллагатайгаа хамтран хэрэгт гүтгэж, өмч хөрөнгийг нь дээрэмдэн хөөж гаргасан гэж үзэж буй тул эл хэрэгт Монгол Улсын Хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар нь албан ёсоор уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээх учиртай гэсэн бололтой.

Түүгээр зогсохгүй дээрх хэрэгт нэр холбогдсон этгээд өдгөө Засгийн газарт салбар хариуцсан сайдаар ажиллаж байгаад эмзэглэж явдгаа ч илэрхийлээд амжсан юм байх.

Бантаж, нүүр хийх газаргүй болсон УИХ-ын дарга Г.Занданшатар хариуд нь “Энэ хэрэгт Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн сайд ихээхэн анхаарал хандуулж байгаа” гэдгээс илүүг хэлж чадалгүй гараад айлчлалын бүрэлдэхүүнд “Б.Чойжилсүрэн багтаагүй нь яамай” хэмээн алга хавсраад өнгөрсөн гэлцэж байна.

Ийнхүү УИХ-ын даргын Японд хийсэн айлчлал онцлоод дүгнэчих үр дүнгүй, өмнө хойдод үйлдэгдсэн үйлийн үрийн гогцоонд ээрэгдээд буцсан бололтой…

Үүнээс сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ыг зорьсон. Тэрбээр сайдуудынхаа талыг, тойрон хүрээлэгч нь гэгддэг томоохон бизнесмэнүүдээ дагуулаад явсныг бид мэднэ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, “М Си Эс” группийн Ж.Оджаргал, “Таван богд” группийн Ц.Баатарсайхан, “Моннис” группийн Б.Чулуунбаатар, “Шунхлай” группийн П.Батсайхан, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нарыг багтаасан тус групп ч Г.Занданшатарын айлчлалаас дээрдээгүй юм.

Монголын тал Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйгаа дурьдаад энэхүү бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урьж үзэв. Аялал жуулчлалын салбар ч Солонгосын хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа цэлийтэл нээж байна гээд барсангүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний гуйсан, урьсан санал бүрт БНСУ-ын тал судална аа, баярлалаа гэхээс өөр хариулт өгөөгүй.

Үнэндээ дотоодын хөрөнгө оруулагчдаа өөдийн бараа үзэхээргүй болтол “гөвж”, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч болов хорьж цагдан “шоронжуулж” яваа улсад гадныхан итгэх үү?!

Ёстой гонжийнжоо, голионы баас гэдэг хэлцийн сонгодог жишээ болох байлгүй.

Улс төрийн тогтворгүй нөхцөл, эмзэг эдийн засагтай, эрх баригчид нь өмнөхөө үгүйсгэсэн залгамж халаагүй бодлого, шийдвэртэй. Ядаж байхад сүүлийн үест өс хонзонгийн сэдэлтэй гэмээр улс төр, бизнесийн үйл ажиллагаа илтэд явагдах болсон нь гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчдыг айлгаж, гараа хэтэвчтэйгээ хумихад хүргэчихээд байгаа.

Жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, татвар татаасын өмнө өвдөг сөхөрсөн тоон мэдээг Статистикийн газраас харж болно.

АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын 2022 оны хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдэгдэлдээ “Монгол Улсын шүүхийн шийдвэр удаан хугацаагаар хойшлогддог, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сунжирдаг, татварын алба гэх мэт захиргааны хяналтын байгууллагууд улс төрийн хамааралтай шийдвэр, эсвэл улс төртэй холбоотой монголчууд оролцсон хэргүүд дээр арга хэмжээ авдаггүй. Бизнесийн бүх шатанд урьдчилан таамаглах аргагүй дарамт бийгээс гадна татварын маргааныг шийдвэрлэх үйл явц хэт удаашралтай байдаг нь шууд бусаар өмчийг албадан хураах эрсдэл болдог” гэсэн нь гадны хөрөнгө оруулагчдыг шийдвэрээ дахин нэг эргэж хараарай гэсэнтэй агаар нэг дүгнэлт юм.

Тэгэхээр эрхэм эрх баригчдаа, айлаас гуйн арчаагаа алдаж явахаар алдаагаа залруулаад авдраа уудал… Дотоодын хөрөнгө оруулагчид, томоохон татвар төлөгчидтэйгээ хэлэлцээрийн ширээнд суун хэл амаа ололц!!!

Зөвлөх нэрт амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн бэртэгчингүүдээсээ салж чаддаггүй юм гэхэд шуналын үнэр ханхлуулсан төсөл, хөтөлбөрүүдээс нь ангид тогло… Болсон болоогүй айлчлалаас чинь илүүтэй дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд чинь хөрөнгө босгоод ирэх төсөөлшгүй нөлөөтэй, чадвартайг мэдэх үү. Тэднийгээ хэн нэг улстөрч нэртэй өс хонзонгийн үүр уурхайнуудаас л хамгаалаад, хаацайлаад өгчих. Хөрөнгөтний нийгмийг алгассан ч улс үндэстний хүчирхэг байдлын дархлаа болсон хөрөнгөтнүүдээ хамгаалах хуультай болгочиход болохгүй нь юу байна…

Тэгсэн цагт дотоод байтугай гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө гүйгээд, гуйгаад ороод ирэх нь зайлбаргүй юм, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Орчуулах »
error: Content is protected !!