Дахиад л Д.Эрдэнэбилэг. Түүнгүй улирал, түүнгүй сэдэв энэ улсад үгүй болж. Хамгийн новшийн, хамгийн муу, өөдгүй, бэртэгчин, бүх хорон ажиллагааны ард байдаг “мафийн толгойлогч”, үхвэл таарна, шоронд хатвал таарна гэмээр дүрийг түүнд тохож, бүх ард түмнээр хараалгасаар байгаа.
Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Хөгжлийн банкийг цөлмөгч хэмээн зүхэж, баривчилж саатуулаад хүртэл үзэв.
Харамсалтай нь өнөөх нь төрийн эрх барих түвшинд байтугай, доод шатанд ч ажиллаж байгаагүй болохоор улсын өмчит үйлдвэрийн газрууд, үе үеийн Засгийн газрын шийдвэр, тогтоолтой холбогдох асуудалд буруутган яллах нэн тэргүүний хүн биш болчихоод байгаа.
Оросын талд байсан 49 хувийг Монголд авчирсан хэмээн ялламаар байтал гай газар дороос болж цар тахал дэгдэн Оросынхны халаасанд ордог байсан 49 хувийн ашиг орлогоор улс даяараа тог цахилгаанаа даалгаж онигоо болсон. Ядаж байхад Оросуудын оролцоогүй болсон ГОК дээр, 100 хувийн бүрэн дүүрэн Монголын талын ашиг дээр “танц” эргэсэн Х.Бадамсүрэнг Хөдөлмөрийн баатар болгоод эрээгээ алдчихсаныг хэлэх үү.
Тэгэхээр Оросын талд байсан 49 хувийг чирч ирсэн явдал чинь буруу байсаан гэж чичлэх боломжгүй болсон биз…
Үүний дараа дампуурч хаалгаа барихдаа хүрсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг босгож өндийлгөсөн чинь “буруу”, гэм зэм юм гээд ялтан болгочих шахав. Гэтэл улсын өмчлөл, удирдлагад байхдаа дампуурсан хуучин үйлдвэр яг янзандаа, байсан байрандаа, ганц тоосго дутуугүйгээр яйжийтал “дампуурлын баримт бичиг” болон байж байдаг. Харин зүхээд байсан хувийн хэвшлийнхэн улсын дампуурсан үйлдвэрийн хог хаягдлаа овоолдог довцог дээр цоо шинэ технологи бүхий үйлдвэр босгочихсон, өнөөх нь бүрэн хүчин чадлаар ажиллаж “нүд” болов. Поп гэгддэг Л.Наранбаатар ядаж байхад даргаар нь очоод үйлдвэр маань хэвийн ажиллаж, улсдаа 600 мянган тонн цемент үйлдвэрлэн, үйлдвэрийн 39 жилийн түүхэнд байгаагүй рекорд үзүүллээ гээд орон даяар зарлачихсан.
Ингээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг газрын хөрснөөс арчаад юу ч үгүй болгочихсон “үхвэл таарна” дүр үгүй болов.
…За тэгвэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өөрсдийн хөрөнгөөр босгож улсад хүлээлгэж өгснийхөө дараа гаргасан зардлаа эргүүлж авна хэмээн гэрээнд заагдсан. Гэтэл хөгийн муу Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас зээл аваад үйлдвэрийг босгочихож гээд хардтал өнөөх нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дэргэд зайлшгүй шаардагдах авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станц барьчихсан байх жишээний. Үүгээр нь яллах ямар ч арга үгүй. Учир нь гэрээнд тэр зөвхөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг барина, дагалдах дэд бүтэц, авто болоод төмөр замыг ТӨР хийнэ гэчихсэн байдаг. Энэ заалтыг гэрээнд тусгасан тусгаагүй ТӨР нь хариуцдаг зарчим бүх улс оронд бий. Хүнд үйлдвэрийн бүтээн босголтыг өөр яалтай билээ. Гэтэл монгол ТӨР хөдөлдөггүй ээ. Аргаа ядаад хувийн хэвшлийнхэн Хөгжлийн банкнаас зээл аваад үйлдвэрийн дэргэдэх дэд бүтэц, авто зам, төмөр замын асуудлыг шийдвэрлэчихсэн. Авсан зээл нь эргэн төлөгдөөд бараг дуусчихсан. Тэгээд ч буруутгая гээд буруутгал болохгүй энэ хэрэг ингэсгээд чимээгүй болох нь зүй юм.
… Гэсэн хэдий ч сахал хочит Д.Эрдэнэбилэг сайн хүн, зөв иргэн байж хэрхэвч болохгүй. Тэр хадны мангаа хэвээр байх ёстой… Улс ардын аюулт дайсан байх учиртай юм байх.
Түүнийг “адгийн амьтан” болгож, яаж ийгээд яллуулах хүсэл хэн нэгэнд байгаа юм биш биз?!
Ингэж хардах хардлага, сэртхийх сэжүүр өнгөрөгч даваа гаригт нийслэлийг зорин ирж хэвлэлийн бага хурал хийсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумдын Засаг дарга нар, тэдний дагуулж ирсэн малчдын байр байдлаас төрсөн нь нуух зүйл биш. Тэд Аурам металс ажиллаад, уул ус ухаад эхэлчихвий гэж болгоомжилсонтой адил тэднийг ч хэн нэгний захиалгаар ирэв үү гэж хардах эрх хэнд ч бий. Тэглээ гээд гомдож гоншигноод, шүүх цагдаа болоод гүйвэл ичгэвтэр явдал болох биз. Учир нь мань малчид “Д.Эрдэнэбилэг холбогдох лицензийг 26 сая ам.долларын барьцаанд тавьсан” гэж ирээд, гартаа барьсан ганц ч баримтгүй атлаа гүтгэсэн шүү дээ. Сэтгүүлчдэд үзүүлчих баримтгүй атлаа хэвлэлийн хурал зарлаад, бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж болох уу… Д.Эрдэнэбилэг тэднийг эргүүлээд шүүхэд өгвөл юу болох билээ, бодох л асуудал…
Тус сумдын нутагт Аурам металс, Caina investment Mongolia гэх хоёр компани лиценз эзэмшдэг бөгөөд аль аль нь өдийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч явуулах эсэх тодорхойгүй байгаа. Үүний Аурам металс компани нь Худалдаа хөгжлийн банкинд лицензээ барьцаалаад хэдэн жилийн өмнө зээл авч байсан ч зээлээ төлж чадаагүйн шалтгаанаар барьцаалбар нь барьцаалагчийн нэр рүү шилждэг зарчмаар Д.Эрдэнэбилэгийн нэр дээр ирсэн гэгддэг.
Үнэн чанартаа эдгээр компаниуд үйл ажиллагаагаа эхэлбэл Д.Эрдэнэбилэгийн нэр дээрх Аурам металс-аас илүүтэй Caina investment Mongolia нь мал болоод малчдын амьдралд ихээхэн асуудал учруулна гэдгийг Орон нутгийн байгаль орчны байцаагч нар хэлж байгаа юм. Учир нь Caina investment Mongolia компани нутгийн хамгийн их хужир шүү мараатай үзэсгэлэнт хөндийд лиценз эзэмшдэг юм байх. Ийм атал тус сумдын Засаг дарга нар, малчдын төлөөлөл гэх хүмүүс Д.Эрдэнэбилэг рүү дайрч, түүнийг лицензээ өөрөө өөрийнхөө банкинд өөрөө барьцаанд тавьж өөрөө өөрийгөө хохироож байх тул Цагдаагаар шалгуулахаар ирлээ гэх үл ойлгогдом, авцалдаа муутай мэдээллийг өгсөн.
Банкны барьцаанд тавьж “үхмэл” болчихсон лиценз хэзээ хэрхэн ашиглагдах тодорхойгүй, түүнээс болж орон нутаг, малчдад ямар нэг хохирол учраагүй байхад хахирган хаврын цагаар, төллөх мал ахуйгаа орхиод Д.Эрдэнэбилэгийг зарлан зүхэж, цагдаад өгнө хэмээн мэдэгдэх ямар шаардлага байсан юм бол… ХАРДАХ л өнцөг.
Үл ойлгогдом шаардлага нь тэднийг хэн нэгний гар хөл, захиалгаар яваа юм биш байгаа гэх хардлагыг зүй ёсоор төрүүлж байгаа нь үнэн.
Хэрвээ Д.Эрдэнэбилэг банкаа хохироосон бол малчид биш банкны хөрөнгө оруулагчид, бусад хувьцаа эзэмшигчид нь хуулийн байгууллагад аль хэдийнэ өгөөд асуудлаа шийдчих байсан биз.
Тиймээс эл хардлагатай зэрэгцэн тэдний ард Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга О.Алтангэрэл болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра нар байгаа юм биш үү гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад эхэлчихэж.
Яагаад, яах гэж… Тэд энэ асуудалд ямар хамаатай юм бол…
Д.Эрдэнэбилэгийг муухай харагдуулах, малчид чирч ирэн “донгодуулах” ямар шалтгаан байгаа гэж…
Тэгвэл батлах боломжгүй ч, хардагдахад хүргэсэн шалтаг шалтгааныг нь хайгаад үзье л дээ.
Хэрвээ О.Алтангэрэл, А.Амундра нар байсан гэж үзвэл Д.Эрдэнэбилэгийн эсрэг удаа дараагийн кампанит ажлыг Худалдаа хөгжлийн банкны жижиг хувьцаа эзэмшигчид хийлгэж байсан байж болох уу?!
Учир нь энэ хоёр залуу хоёулаа тус банкны жижиг хувьцаа эзэмшигчидтэй дараахь сэжүүр, сэжмүүдээр холбогдоод байдаг аж. Энэ нь тэднийг тийн хардагдахад хүргэдэг байж болох.
Тухайлбал, О.Алтангэрэлийн нэрээр Легалгрупп, Шинэ өвөрхангай төсөл, Миний-Өмгөөлөгч, Иргэний хамгаалалт, Сайнцагийн залуус, Хуульчдын манлайлал, Уул уурхайн эрдэс баялгийн бизнес эрхлэгчдийн холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо, Нүүдэлчний дөрөө, Ирээдүйг дэмжих алтангэрэл сан зэрэг нэлээд аж ахуйн нэгж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй.
Легалгрупп ХХК-ийн хамтран эзэмшигч Жамбаа Оюунсайхан нь түүний ээж гэдгийг уншигчид мэдэх биз. Тэрбээр ээжээрээ овоглодог, ээж нь өрх толгойлсон эмэгтэй гэдгийг удаа дараагийн ярилцлага, мэдээлэлдээ өгсөн байдаг.
Тэгвэл ээж Ж.Оюунсайханы нь нэр дээр Юү Эф И глобал, Наймдахь ухамсар ХХК бүртгэлтэй.
Тэрбээр Юү Эф И глобал ХХК-ийг Санхүү эдийн засгийн их сургуулийн хувьцаа эзэмшигчид болох Р.Амаржаргал, Д.Батжаргал нартай хамтран эзэмшдгийг Улсын бүртгэлийн холбогдох мэдээллүүдээс харчихаж болно.
Р.Амаржаргал Санхүү эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга бол Д.Батжаргал нь Худалдаа хөгжлийн банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг.
Тэгэхээр О.Алтангэрэлийн хувьд Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Д.Батжаргалтай өөрийн ээж Ж.Оюунсайхан гэх эмэгтэйгээр хөнгөхөөн холбогдчихож байгаа нь энэ. Ядаж байхад Уул уурхайн эрдэс баялгийн бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоод О.Алтангэрэлийн нэр дээр байдаг нь хамгийн түрүүнд хардагдах өнцөг болсон биз.
Тэрчлэн О.Алтангэрэлд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг, Сү.Батболдын эхнэрийн дүү гэх Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нар ажил, амьдралын дэм болон ойр байдаг гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Тэднийг “Миний өмгөөлөгч” ХХК, “Эрхэмжконсалтинг” ХХК, Нэгдсэн монгол залуус төрийн бус байгууллагууд нэгтгэдэг юм байх.
“Нэгдсэн монгол залуус” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга нь Хөгжлийн банкны хэлтсийн дарга Ц.Амартүвшин. Тэрбээр 2017.04.28-нд Шивээ овоо ХК-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаад 2019..07.03-нд Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Улмаар 2021.11.15-нд Хөгжлийн банкинд хэлтсийн даргаар ажилд орсон гээд эргэж сурвалжлах сэжүүр их тул үүнийг түр орхиё.
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг УИХ-ын гишүүн Сү.Батболд гэж намынхан нь шууд хардаг, харддаг.
Малчид гэж өөрсдийгөө танилцуулан хэвлэлийн хурал хийсэн хүмүүсийн өгсөн мэдээлэл дотор лиценз бүхий газарт хэдэн жилийн өмнө 3 цооног ухаад ажил зогссон гэж байгаа.
Тэгвэл учир мэдэх геологичдын “Сү.Батболдын “дагуулж” ирсэн Солонгосын компани Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт олборлолт хийхээр оролдон хэсэг газарт цооног гаргаж байгаад хатуу хөрстэй тулж орхиод явсан. Асар их мөнгөтэй солонгосчууд байсан шүү” гэж барим тавим ярьдгийг энд татан дурьдахад илүүдэхгүй биз.
Ямартаа ч хэн, хэзээ, хэрхэн онгичих нь тодорхойгүй лиценз-д хэдэн малчин гэнэт яагаад санаа тавив. Сумдын Засаг дарга нар хүртэл ажил албаа орхин нийслэлийг зорьсны учир юув гээд сонирхон ухах сэжүүр их.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра мөн тэдний ард байсан гэх шуум юунаас үүдэн гарав?!
Түүнийг Худалдаа хөгжлийн банкны өөр нэг жижиг хувьцаа эзэмшигч В.Ганзоригтой яагаад холбов…
Шунхлай группийн Медиа групп компанийг удирдаж байх үеэсээ В.Ганзориг нь А.Амундратай бүхий л түвшинд хамтран ажиллаж ирсэн гэгддэг ч Голомт банк, Бодь группийн шошгот А.Амундра Худалдаа хөгжлийн банк, тэр дундаа Д.Эрдэнэбилэгийг муу муухай харагдуулах кампанит ажлыг удирдсан байж болзошгүй гэх шуумд яагаад холбогдчихов. Түүнд Д.Эрдэнэбилэгийн орыг залгах туйлын их хүсэл байдаг гэдэг мэдээлэл цахим орчинд үзэгдэж эхэлсний учир юу билээ… Арай Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед үндэсний хөрөнгө оруулагчдын нэг Д.Эрдэнэбилэгийг нэг өдөр ч амар тайван байлгахгүй шалгаж, түнхэж байгаагийн цаад шалтгаан үүнтэй холбоотой юм биш биз…
Энэ олон асуулт, асуудал хариултаа хайж байна. Ээдрээ гогцоо, хардлага сэрдлэг бүрийн шалтаг, шалтгаант суурийг бид эрэн хайж эргэн мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо