Тойрог булаах тактик буюу Мэхт мэхэндээ гээч болов уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн нь өрсөж УИХ-ыг тараах бол гэдэгт улс төрийн хүрээнийхэн мөрий тавьж эхэллээ. Одоогоор У.Хүрэлсүхийн магадлал өндөр байна. Түүний үүдийг сахигсад олширсон бол Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөө эл хуль байх болов.

Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөсөн тул Тамгын газрынхан нь бичиг цаасанд дарагджээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 36.1.2-т “Ерөнхийлөгч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол” парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хуулийн заалттай.

Мөн 36.5-д “УИХ өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна” гэх хатуу заалт ч бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын гишүүдэд холбогдох хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээ зарлачихсан.

Өмнө нь Улсын Ерөнхий прокуророос тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа УИХ-д өргөн мэдүүлж байсан ч парламентын гишүүд олонхоороо хамгаалж байв. Эцэстээ ийнхүү яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх нь. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл бүрэн эрхээс нь шууд түдгэлзүүлэх заалттай. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10.1.6-д “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд шүүхээс хилийн хориг тавьсан байгаа.

Дээрх нэр бүхий гишүүдийн араас Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, А.Адъяасүрэн нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэдгийг бид мэдэх болсоор хэтэрхий удлаа.

Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийн гэж ялгалгүй хууль бус үйлдлүүдтэй тэмцэж, хуудуутай нөхдийг хөөх хангалттай хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хөөгдсөн, хариуцлага тооцогдсон нэгээхэн ч нөхөр алга гэсэн үг. Тэр Ерөнхий сайд болж, эрх баригч намын толгойд суугаад жил гаруйн хугацаа болчихоод байхад шүү дээ. Попын шуурга дэгдээж, дэлбэлнэ гэж хашгирч, хоосон хонгио сийгүүлсээр байгаагаас өөр юу ч алга.

Тиймээс түүний эл хашгирааныг өдгөө намынхан нь бусдынхаа тойргийг булаах явган мэх байж хэмээн дүгнээд эхэлж.

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны гэх хэргээр нам доторх бүлэглэлүүдээ бөхийлгөж, нэр бүхий гишүүдийн мандатыг өөрсдийн тойрон хүрээлэгчдэд авч өгөх гэсэн Д.Амарбаясгалангийн атгаг санааг Л.Оюун-эрдэнэ гүйцэлдүүлж байгаа нь энэ гэлцэж байна.

Үнэндээ ч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа хэмээн зарлагдсан гишүүд дахин сонгогдох магадлал маш бага.

Архангайн гурвалаас гадна Говь-Алтайд Ш.Раднаасэд босоогоор байдаг нь Д.Амарбаясгаланд төдийлөн таатай байдаг ч үгүй биз. Ямартаа 2020 оны сонгуулийн өмнө Ш.Раднаасэдэд таван жилийн хугацаатайгаар намаас дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр хүртэл гарч байхав. Үндэслэл нь Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд гар дүрсэн гэх.

Энэ шийдвэр намын түвшинд яригдаж, баталгаажих зуурт Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт албан томилолтоор ажиллаж байсан сонирхолтой давхцал бий.

Тэрчлэн Ш.Раднаасэдийг авлигын хэргээр АТГ-т шалгуулсан хүн нь Д.Амарбаясгалан гэх шуум намынх нь дотоодод нууц байхаа больсон. Энэ талаар Ш.Раднаасэд “Энэ бүхэн Д.Амарбаясгалангийн хийж байгаа ажил” хэмээн мэдэгдэж байв. Энэ жөтөөрхөл даамжирсаар энэ удаад Ш.Раднаасэдийн дээлийг нь нөмөргөх санаархлаа Л.Оюун-Эрдэнийн гараар хийлгэж байна гэсэн шүүмжлэл Д.Амарбаясгаланг тойрохгүй байгаа юм.

Үүн шиг Өмнөговьд нэгээр гардаг Д.Бат-Эрдэнэ, Орхон аймагт босоогоороо үлдсэн Н.Алтанхуяг гэхчлэн нөхдийг иймэрхүү байдлаар л тойргоос шахахаас өөр арга ухаан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт үгүй байж гэлцэж байна.

Хумсаа нуусан муур шиг аяглах тэдний эл даажигналын цаад санааг ойлгосон гишүүд түрүүчээсээ бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл шидлээд, тойрогтоо нүүр бардам очих тактикийг барьж эхэлсэн нь энэ юм байх.

Үнэндээ Шүүх эрх мэдэл У.Хүрэлсүхийн гарт байхад бүрэн эрхээс татгалзаж, шалгууллаа гэвэл сүртэй ч, ёндоотой ч хэрэг биз.

У.Хүрэлсүхэд ч УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн сүрийг үзүүлэх сонирхол асар өндөр бий. Намын удирдлагуудын нь зүгээс түүний зүг нүүлгэж буй чулууны хоруу чанар дэндүү их тул тэрбээр асар ууртай байх болсон гэлцдэг. Ядаж байхад Иргэн Г.Ган-очир гэгчийн ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсан гэгддэг бөгөөд түүнд хорссон Д.Амарбаясгалан өчигдрөөс эхлэн Сонгуулийн Ерөнхий хорооны IT технологийн асуудлыг эрхэлж байсан хэлтсийн дарга залууг Ерөнхийлөгчийн эсрэг тавиад эхэллээ гэх мэдээлэл цахим орчинд эрчтэй түгэн, даарин дээр давс нэмсэн хэрэг болж байна.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!