Үндсэн хуулийн “захиалагч” нь Х.Баттулга, Б.Баатар нар тул батлуулахгүй гэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн тэжээвэл толгой цусдана гэх сургамжийн утгыг бүрэн мэдэрч сууна. Түүний зараалд гүйсэн нөхөд гарсан ч, орсон ч чихийг нь хангинуулсаар…

“Бүгд Найрамдах Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын товч тайлбар” гэх онц ноцтой алдаа дагуулсан хуудас цахим орчинд тархаж олны бухимдлыг дээд цэгт хүргээд байгаа. Автор нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэж байгаа ч мань автор захиалагчаа хэвлэлийн хурал хийгээд зарлачихсан.

Эрдсэндээ, магадгүй захиалагчийн санаа ч байж болох л доо, тэрбээр шинэ хууль гээчийг түүхий нойтон сараачуутаа Элчин сайдын яамдад тараан том толгойлсон нь үнэндээ хэтийдсэн тавьтаргүйтэл байв.

Эл болчимгүй явдалд олон нийт Засгийн газрыг буруутгаж жагсаал цуглаандаа хүрдгийн даваанд Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалтай огтын хамааралгүй гэх мэдэгдлийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хийж галыг түр намжаамар болтол араас нь Н.Энхбаяр гарч ирэн “Шинэ Үндсэн хуулийг Л.Оюун-Эрдэнэ дэмжсэн юм хөөе” хэмээгээд түймэр дэгдээчихээд байгаа.

Уг нь олон нийтийн бухимдлыг намжтал шинэ төслийг хойшлуулъя гээд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар Н.Энхбаяртай хэлэлцсэн ч өнөөх нь нэгэн цагийн хаан заан явснаа санагалзан гөжүүдэлж, үгэнд нь төдийлөн орохгүй байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Арга ч үгүй биз.

Сошиал ханаралт дагаж ажилладаг шинэ цагийн эрх баригчдын жул араншинтай эвлэрэх Н.Энхбаярт амаргүй байгаа нь ойлгомжтой.

Тиймдээ ч шинэ Үндсэн хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнийн захиалгаар боловсруулсан гэдгийг захын нохой ч ойлгохоор тодорхой хэлчихсэн нь тэр биз. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ л нуух аядан оромцоглож байгаа болохоос захиалга аль эрт өгөгдсөн гэдгийг Г.Занданшатарын саваагүйтлээс иргэд хэдийнэ мэдчихсэн дээ.

Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард “Бүгд Найрамдах Монгол Улс” хэмээн бичиж олны эгдүүцлийг хүргээд, үүндээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяраа буруутган үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж сүржигнээд өнгөрснийг мартах цаг болоогүй байна. Гэвч тэр Б.Эрдэнэбаяраа ажлаас халаагүй, өнөө хэр ажиллуулсаар байгаа нь Монгол Улсын нэр, Үндсэн хуулиар оролдвол хүмүүс хэрхэн хүлээж авах нь вэ хэмээн олон нийтийн санаа бодлыг тандах зорилгоор өгөөш шидэн наадаж байсны баталгаа биз.

Үнэндээ 1992 оноос буюу “Бүгд Найрамдах” гуншин халагдсан үеэс багшилж, лекц уншиж яваа Г.Занданшатарыг санамсаргүй алдаа гаргалаа гэдэгт итгэх тэнэг байхгүй л дээ. Тэгэхээр тэр шинэ Үндсэн хуулийг таниулах ажлыг өөрийн хэмжээнд эхлүүлмэр болж, баасаараа нааддаг зөнөг шиг аяглаж байсан байх нь.

Хэдийгээр сонгуулийн өмнөх жил Үндсэн хуулиар оролдох эрсдэлтэй ч парламентын суудлын тоог нэмэх улайрал нь эрх баригчдыг зогсоохоос нэгэнт өнгөрсөн.

Тийм ч учраас Сар шинийн дараа ээлжит бус зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэх албан бус зартай зэрэгцэн “Нийт гишүүд тойрогтоо ажилла. Гадаад явахгүй. Зөвхөн дүүрэг хороо болон орон нутагт ажиллана шүү” гэсэн “намын” даалгаврыг Намрын чуулганы хаалт дээр нийт гишүүдэд өгүүлсэн хэрэг.  

Тэрбайтугай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг түр хугацаагаар хориглох санаачилга гаргаж, захирамж хүртэл гаргуулаад авсан нь эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр хэрхэн чичрэн улайрч буйг илтгэх биз.

Гэхдээ өөрчлөлт нэрийн дор огт ондоо, цоо шинийг шургуулж батлуулахаар Н.Энхбаярын гарт бариулчихсан гүйлдэж байгаа нь нэг л хуурмаг, зальжин шинжийг агуулж, олноороо баярлан завгүй байх өдрүүдээр батлахаар зүтгэлэх нь чоно борооноор гэтдэг новшийн үйлдэл шиг таагүй харагдаж буй нь үнэн.

Уг нь 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр парламентаас Ерөнхийлөгчийг сонгох, хоёр танхимтай болох гэхчлэн өнөөгийн яригдаж байгаа өөрчлөлтийн талаар МАН, АН хоёр тохиролцсон гэдгийг бүгд мэднэ.

Харамсалтай нь МАН ярьснаасаа буцаж, тохирсон заалтуудаа хойш тавиад зогсохгүй Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгох гэх мэт огт өөр зүйл заалт тусгаад АН-ыг мурьснаар өнөөдрийн гэмт хүн гэлбэлзэх шиг байдалд хүрчихээд байгаа биз.

Нөхцөл байдал ярьснаасаа хэд дахин өөрчлөгдөн хувирч байгаагаас болж Д.Лүндээжанцан нарын туршлагатай гишүүд ч ам нээхээ больсныг харж байна. Тэр үед өнөөдрийн өөрчлөлтүүдийг бүрэн хийх боломж байсан ч намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Х.Баттулга болоод ах нь гэх херо Б.Баатарын зүгээс нэгмөсөн шинэ Үндсэн хууль батлачихаач гэсэн санаа орж ирснээр бүх асуудал хойш тавигдсан гэдэг.

100 ямаанд 60 ухна гэгчээр 3 сая иргэнд хоёр танхим, 108 гишүүний шаардлага байхгүй гэх улстөр судлаачид дийлэнх олонхи байгаа.

Гэвч эрх баригчид бусад намын төлөөллийг ч сонгогдох магадлалаар нь дэгээдэн “шинэ хуулиа” дэмжүүлэх ажиллагаа явуулсаар байна. Нийслэл гэх нэрээр улс доторх улс байгуулах тухай ч төсөлд бий.

Сургалт судалгаа нэрт пиарын төвдөө 2 тэрбум, түгжрэлд 420 саяар нь төсөвлөдөг Улаанбаатар хотын захиргаа 1.5 их наяд төгрөгийн өртэй. Улсаар бол дефолт зарлах хэмжээнд хүрчихсэн. Д.Сумъяабазарын автортай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлуулаад ч өнгөтэй өөдтэй болсон зүйлгүй тэд энэ удаад барьцаа ахиулж, Үндсэн хуульд хотын агуулгыг тодотгож оруулахаар тохиролцлоо. Нийслэл IPO босгож, илүү их хөрөнгөн дээр танц эргэдэг болох юм гэнэ.

Ийнхүү улс орон, иргэнээ гэхээс илүүтэй нам улстөрийн хүчин, эрх баригчдын хүсэл мөрөөдлийг хангасан төслийг УИХ-аар дэмжүүлэх зорилгоор МАН-д дагаар орсон МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн хэд хоногт Г.Занданшатарын өрөөнөөс салахаа больсон.

Одоогоор нам доторх У.Хүрэлсүхийн байр суурь ганхашгүй, бат бэх хэвээр байгаа. Нүүрс, төмөр зам гэхчлэн түүнд чиглэсэн улс төрийн тоглолт ихтэй байгаа ч тэр одоохондоо тээгэлдээд уначихаагүй байна. Өнгөндөө Х.Баттулга руу чиглэсэн мэт харагдах дайралтууд үнэн чанартаа У.Хүрэлсүх рүү байсхийгээд шидлэх Л.Оюун-Эрдэнийн “сум” гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр Г.Занданшатарыг ч нясчиж суугаа юм.

Удахгүй Монголбанкийг “дэлбэлнэ” гэж хахирган дуугаар орилоод таг болсон Л.Оюун-Эрдэнийн Г.Занданшатарт хаягласан анхааруулга аль нэг тийш шийдэгдээгүй байгаа нь Үндсэн хуультай холбоотой хүлээгдэж буй нь тэр биз.

Юмыг яаж мэдэхэв гэхдээ Г.Занданшатарын зүгээс төвбанкны удирдлагуудыг бөөгнүүлж ирээд банк бус санхүүгийн байгууллагатай нөхөд нь зам мөрөө эртхэн хөө гэх “зөвлөмж”-ийг өгсөн гэдэг.

Гэхдээ өт хүртэл биедээ хүрэхээр атирдгийг сануулж, Л.Оюун-Эрдэнийн автортай 10 их наядын хөтөлбөрийн 3 хувийн хүүтэй зээлийг яаралтай судлах ажлын хэсэг байгуулаад хариу факт бэлтгэх үүргийг Б.Лхагвасүрэнд хариуцуулсан гэж байгаа. Улмаар эл ажлын хэсэг Л.Оюун-Эрдэнэд холбогдох нэлээдгүй но илрүүлсний “буянаар” Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны зээлдэгчдийн гэх хэрэгт яллагдагчаар татлаа гэсэн сүржин асуудал намжчихаад байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Тэрчлэн Н.Энхбаярын автортай төсөл гацаж, Н.Учралын гэх тодотголтой Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан зэрэг нь МАН доторх зөрчил үргэлжилсээр байгааг харуулсан хэрэг болохоос ард нийтийн саналыг эрх баригчид хүндэтгэн сонсоод, хүлээзнээд буй уярам явдал биш юм.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авах магадлал бага.

Үүнтэй зэрэгцэн тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан НАМЭХ гэнэт хуралдаж, тухайн өдөр нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хуулийг дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах байдлаар зохицуулсан байгааг хэлье” хэмээн сийгүүлсэн нь эрх баригчдын зөрчил нэлээд хурцдаж буйг харуулж байна.

Тэрчлэн эмэгтэйчүүдийн хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байхад Төрийн ордонд УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг дараагийн сонсголд гэрчээр дуудаж байсныг тохиолдол гэж харвал хэтэрхий гэнэн дүгнэлт болно.

Л.Оюун-Эрдэнийн тулах цэг болсон Ч.Хүрэлбаатарыг ийм цаг үед онилсон нь даруулгатай тоглохыг анхааруулсан хэрэг биз.

АН ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр талд хуваагдан хагарал нь нэмэгдсээр байна. Лу.Гантөмөр нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дэмжлэгтэй бол С.Эрдэнийн талын Д.Ганбат Төрийн тэргүүний автортай.

Л.Гантөмөрийн тухайд Л.Оюун-Эрдэнийн халаасан дахь Үндсэн хуулийг намын тойрон хүрээлэгчдээрээ дэмжиж батлуулах тохироотой ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд түүний аманд тийм ч амархан багтчихгүй нь хяслан юм.

Тэд Лу.Гантөмөрийг дэмжих байтугай эсрэгээрээ хэдийнэ У.Хүрэлсүхтэй нэг талд гарч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг огцруулах акц өрнүүлнэ гээд гарын үсэг цуглуулах ажил эхэлчихээд байгаа. Үүнээс хамгаалж олны дэмжлэгийг авахаар Сар шинийн дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг тараах бэлтгэл ажилд Засгийн газар орсон гэх бөгөөд улмаар Хөгжлийн банкны зээлдэгчдийн хоёр дахь сонсгол нэрээр нэлээдгүй гишүүнийг бойкотлож эхэлсэн гэдгийг намын дотоод дахь эх сурвалжууд хэлж байна.

Нэгэн үе нэгнээ үзэхгүй зүхэж байсан Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга нар Л.Оюун-Эрдэнийг “бэрс” гаргачихаар зүтгүүлж буй бөгөөд үүндээ Д.Амарбаясгаланг ашиглан дулдуйдаж байгаа нь У.Хүрэлсүхэд төдийлөн таалагдахгүй байгаа. Тиймээс Ч.Хүрэлбаатарыг замаасаа зайлуулах ажлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд давхар захиалсан юм байх. Эс бөгөөс УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй Ж.Мөнхбатын нэр холбогдсон хэргүүдэд Ерөнхийлөгчийг наах хангалттай үндэслэлүүд байгаа агаад үүнийг нь ашиглан У.Хүрэлсүхийг дуулгавартай байлгах арга ухааныг Ч.Хүрэлбаатар зааж зурж яваад ийнхүү зуугдсан гэж байгаа юм.

Энэ бүгдээс илүүтэй шинэ Үндсэн хуулийн захиалагч нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах гэх херо Б.Баатар нар тул яавч зөв үр дагавартай хууль болохгүй хэмээн намын архаг гишүүд гэдийн, эсрэг ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл хүчтэй тархаж эхэллээ.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!