У.Хүрэлсүх цагаан тугаа өргөхтэй зэрэгцэн жагсаал ч, иргэн Г.Ган-Очир ч үгүй болов уу?!

Нүүрсчидтэй хариуцлага тооцохыг шаардсан жагсаалын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан МАН-ын Бага хурал шинэ оноос урьтаж цахимаар хуралдчихав. Олон нийт байтугай намынхан нь өөрсдөө мэдээлэлгүй, Имартын кассанд дугаарлан тэрэг түрээд явж байсан өдөр… Сул дорой, өөртөө итгэлгүй нөхдийн гаргадаг араншин даа. Чоно борооноор, муу эрс дүйвээнээр ч гэдэг.

Хагас өдрийн өмнө Бага хурлын гишүүдийн гар утсанд ёс төдий мессэж илгээсэн болоод 2022.12.30-ны өдөр цахим хуралдаж дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар уртын урт уйт илтгэлээ хөврүүлсний эцэст бага хурлын 354 гишүүн оролцсон гэх эл хурлаар Д.Амарбаясгалан давхар дээлтэйгээ үлдэж, Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл болсон тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг өгчихлөө.

Технологийн дэвшил бүр өөрийн томоос том сүүдрийг дагуулж явдаг. 354 гишүүн оролцсон эсэх, дэмжсэн эсэх гээд бүгдийг дэлгэцийн араас зальдаж болох тул ийм хурал хийсэн болж эрх дархаа авч үлдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэр сүр намынх нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэхдээ хийморьгүй, муухай юм даа хөөрхий.

Ямартаа ч тэд Тусгаар тогтнолын ордны 6 давхар дахь генсэкийн өрөөнд эзэн болно хэмээн хөөрцөглөж, хундага тулгаж явсан Я.Содбаатарт орон тооны бус нарийн бичгийн дарга гэх сэтэр зүүн тордсон, тохуурсны алин үл мэдэгдэх байдалд оруулж дөнгөв.

Намын дүрмээр Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх хоёр албан тушаалынхаа нэгийг тушаах учиртай ч түүнд намын дүрэм үйлчилсэнгүй.

Тиймээс МАН 100 жилийнхээ босгон дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувийн аж ахуйн нэгж болж гэх шүүмжлэлийг хүчтэй дагуулж байна.

Яалтай билээ… Хэдэн зуун мянган гишүүнтэй, хэдэн арваар тогтохгүй лидерүүдтэй байж энэ хоёр нөхрийн тоглоомын дүрмээр явахдаа тултал дордсон бол МАН ч АН-ын нэгэн адил болчихсон гэсэн үг. Эрхбиш эрх барьж буй тулдаа муу муухайгаа хайцаалмар болж байгаа биз.

М.Энхболдыг буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаас хойш МАН-ынхны хувьд нэгэн үе У.Хүрэлсүх сүр хүчит баатар нь байв. Харин одоо түүнд захын гишүүн нь “салаавч” өгч байна. Урт хамартай, унжуу царайтай, салаавч гаргасан элэглэл, хошигнол цөм У.Хүрэлсүхэд намынхнаас нь илгээсэн “шинэ жилийн бэлэг” гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй биз. Иргэд хэдий тарчиг, утаа түгжрэлд унтууцан амьдарч буй ч иймдээ тултал ухамсрын доройтолд орчихоогүй байгаа. Тийм хөгийн доромжлолыг хийгээд суух завтай зайтай залуус эрх баригчдын өөрсдийн нь цүнх баригчдаас өөр хаана ч үгүй гэсэн үг.

У.Хүрэлсүхийг баатар болгох тролл арми энэ удаад өөрийнх нь эсрэг доромжлолд ашиглагдсан гэдгийг өөрөө ч таньж, гадарлаж буй биз. Үе үеийн Ерөнхийлөгч нар сайн нэртэй байгаагүй ч ийм хэмжээний доромжлолыг Монголын ард түмэн хэзээ ч, хэнд нь ч өгч байгаагүй. Сайн ч муу ч монгол хүн бүрийн ухамсарт Төрөө дээдэлж, Төрийн тэргүүнээ хүндэтгэх хүндлэл өнө мөнхөд байсаар байх тул ийм хогийн муухай үйлдлийг олон түмэндээ хаяглан нялзаах хэрэггүй юм.

У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нарын ил далд шөргөөцөлдөөн даравч далдайж, булавч бултайж байсан нь үнэн. Гэхдээ энийг хэн ч ил хэлээгүй байхад Л.Оюун-Эрдэнэ түмний өмнө гарах бүртээ “Төрийн тэргүүн бид хоёрын харилцаа хэвийн. Яагаад та нар муудалцуулах гээд байгаа юм” гээд “юун гуя” гэгчийн үлгэрийг сануулсаар байв.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ буулт хийж Я.Содбаатарыг дэмжихээ илэрхийлэн 2022.12.06-нд Бага хурлыг товлосон ч энэ нь У.Хүрэлсүхийг “хуурсан” жүжиг төдий харагдаад байгаа юм.

Болж буй бүгдэд итгэх албагүй тул нөгөө талаас нь жүжиг гэж хардаад зохиол, найруулга дээр нь фокуслаад харъя. Яагаад болохгүй гэж… Хардах эрх бүгдэд бий.

Жүжиг байсан бол зохиол маш сайн бичигдэж, найруулга гайхалтай тавигдлаа.

Зохиолд гол баатар амлалтдаа юу юугүй хүрдгийн даваан дээр жагсагчид гэнэт гарч ирэх ёстой… Гэхдээ жагсаалыг гол баатар захиалаагүй гэдгийг харуулахын тулд гол баатрын хамаарал бүхий этгээдүүд буруутан мэт харагдаж өндөг, чулуугаар шидүүлэх учиртай.

Ингэж уявал жагсаалыг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нартай холбоогүй гэдгийг харуулж тэнд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундрагийн гарын үсэг зурсан гэрээнүүд дэлгэгдэн Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалан уйлагнаад л, энд Д.Амарбаясгалангийн гэгдэх Х.Мандахбаяр гэр хотгүй нэгжүүлээд байгаа нь цочирдоод байх үзэгдэл биш. Сценарийнхаа дагуу л явж байгаа гэсэн үг.

Тэрбайтугай Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч зохиолын нэг дүр болох учиртай. Түүний гарын үсэг юун дээр ч үгүй тул тэр аль ч хэрэгт чирэгдэхгүй. Тиймээс зоригтойгоор нэг дүрийг бүтээх биз. Энэ нь эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж ирсэн Х.Баттулга мөн шалгагдаж байна, тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ үгүй мөн шударга, зориг зүрхтэй хүн юмаа гэх гоё дүрийг товойлгоход хэрэг болох туслах дүр юм.

Өчигдрөөс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нарын хамаарал бүхий объектуудад нэгжлэг явуулж, шалгаж эхэллээ гэсэн нь ч зохиолын үргэлжлэл шиг үзэгдэж байна.

Энэ хоёр нөхөр буруутахдаа хүрвэл дуугүйхэн шиг ганц ганцаар хэргээ үүрээд явчих эрийн хугархайнууд биш. Бүх зүйл үнэн мөнийн мөрөөр орж шалгагдаж эхэлсэн бол аль хэдийнэ уйлалдаад, чи ч худалч хулгайч, хамт идэлцээ биз дээ гэж орилох нөхөд. Тэгэхээр мөрдсөө хуулаад ялсан талд нь зүтгэчихэж мэдэх араншинтай тэд дуугүй байгаа нь өөрөө хардам юм.

Тэрчлэн МАН-ын цахим бага хурлын маргаашаас жагсаал цуглаан ажин түжин болж, хаа нэгтээ хэрэг хуучирдаггүй шүү У.Хүрэлсүхээ гэх сануулга бүхий постерууд үзэгдэх нь У.Хүрэлсүхийг чимээгүйхэн сууж байгаад 6 жилээ дуусгавал дуусга гэсэн шиг харагдаж байгааг энд хэлэх хэрэгтэй.

Тэгэхээр хожил гол дүрүүдийн талд боллоо.

Тэдний зөвлөхүүд У.Хүрэлсүхийн зөвлөхүүдээс хол илүү гэдгээ харуулж чадлаа. Ингэхдээ Я.Содбаатарыг ч орхигдуулсангүй. Түүнийг А.Ариунзаяагаас дор үнэлж “тохуурхав”.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан А.Ариунзаяа нар МАН-д хэр удаж, юу бүтээлээ дээ. Тэдний дэргэд Я.Содбаатарыг орон тооны бус хэмээгээд хатавчинд суудал заасан нь У.Хүрэлсүхийн үе МАН-д дууссаныг тунхагласан хэрэг биз.

Өнөөдрөөс Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын энтертайнмент засаглал ажилдаа орж байна.

Тэд тогтолцооны өөрчлөлт гэх гоё үгийн дор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүсч байгаа. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог хувилбарыг хуульчлахаар давчдаж явна. Сар шинийн баяраас урьтаж, намрын чуулган хаахаас өмнө хийх биз.

Үүнийг Үндсэн хуулийн асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг ирэх сарын 13-нд товлосон товлолт болоод ганц нэг салбарын сайдад зарим фракцийн төлөөллийг нэрлэн хэрэлдүүлж буй явдал нь нотолж байгаа юм.

Тэгэхээр намын гишүүдээ торт, шампанскт дугаарлах зуурт бага хурлаа хийчихсэн тэд энэ удаад хэвийн боов, ууц, хөөрөг хайх хойгуур амжуулах нь.

Сөрөг хүчин уяатай банхраас ялгаагүй болсон үед ядах ч зүйлгүй биз. Иргэд Эрээний зах дээр эргэлдэж, эндэх нүүрсний хэрэг тэгсгээд мартагдана. Сэдвийг сэдвээр хааж гаршсаны хэргийг гарган Эрүүл мэндийн сайд, чихрийн худалдаачдаа энэ тэрхэн фракцийн төлөөллөөр сольж ирэх хаврын гарч болзошгүй жагсаалаас сэргийлчихнэ.

Ийм л энгийн сценари бүхий жүжиг МАН-ын тайзнаа тавигдаж, эрдэм номгүй цүнх баригчдаар өөрийгөө хүрээлүүлсний балгаар У.Хүрэлсүх цагаан тугаа өргөх шиг боллоо.

Энэ бүгдийн зэрэгцээ иргэн Г.Ган-Очирын тэмцэл ондоо багтан дарагдсан нь тохиолдол гэхэд хэтэрхий үнэмшилгүй. Ядаж байхад бүхэл бүтэн хүн хулгайлагдаад хилээр нь гаргаж байхад мэдээгүй үлддэг Франц улсад толгой хоргодон шинэ жилдэж байдаг нь ч юув. Түүнийг алга болоход хамгийн түрүүнд Б.Хурцыг хардахвий гэсэн шиг Б.Хурц нь энд жагсаал санхүүжүүлсэн байж болзошгүй асуудалд ороогдон шуугиулж байсан нь сонирхолтой л үзэгдэл…

Орчуулах »
error: Content is protected !!