Эрх баригч намын дотоод дахь гэхээс илүү энэ намын удирдлагын эрх мэдлийн төлөөх нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцэл гэвэл зохих зодоон хэзээ төгсөх нь тодорхойгүйгээр үргэлжилж байна. Нүүрсний хулгай гэж ярих боловч хулгай эхэлсэн 30 жилийн тэртээхээс биш 3 жилийн өмнөхөөс хөөн сенсаацилж буй нь бүгдийг худал хуурмаг харагдуулж байгаа.
Сөрөг хүчин болох учиртай АН улстөрийн тавцангаас үсгүй арчигдчихсан.
Тэд эргэж ирэхийн тулд ихийг төлж, ихийг туулж байж ирнэ. Лидер байтугай лойдор ч үлдээгүй АН-д 2024 он хуанлийн хуудсанд тэмдэглэгдээгүй мэт өнгөрөх нь тодорхой. Тиймээс АН-ын хэн нэг тэнүүлч МАН-ын дарга болчихгүй ч гэлээ МАН-ын даргын цүнхийг болов бариад амь зуухыг хүсэх биз.
Өнөөдрийн жагсаал цуглаан МАН-ын бага хурлын өмнөх амралтын өдрүүдэд эхэлсэн нь анхнаасаа генсэкийн суудлаа өгөхгүй гэж урвагнаж явсан Д.Амарбаясгалантай шууд холбогдчихсон нь үнэн.
Үнэндээ ч ард түмэн нүүрсний хулгайтай тэмцэхийг чин үнэнээсээ хүсч шаардсан бол эрх баригчид бага хурлаа эхлэх тэр мөчид буюу арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд цуглах байв. Гэвч тэгсэнгүй… Тэд хурал эхлэхээс хоёр хоногийн өмнөөс, тэр нь бүр амралтын өдрүүд байж Төрийн ордон эзгүй байхад жагссан нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын санхүүжүүлэн өдөөн турхирч буй арга хэмжээ хэмээн хардахад хүргэсэн.
Тэрчлэн түлэх түлш, идэх талхаа авч чадахгүй өлсч ундаасан тартагтаа тулж байгаа ард иргэд нь амьдрал хэцүү байна гэж бус “Нүүрсний хулгайчдыг зарла, НУУЦад оруулсан гэрээнүүдийг ил болго, Тогтолцоог өөрчил” хэмээн айхтар ухаалгаар лоозогнож байгаа нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг хөдлөөд эхэлж гэх харыг төрүүлээд байгаа нь үнэн.
Тогтолцоог өөрчлөхөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж тэр зүгээр л энгэрийн тэмдэг болно, тэрчлэн НУУЦад оруулсан гэрээнүүдийн хугацаа нь У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байх үед хийгдсэн учраас гэрээнд гарын үсэг зурсан нь тэр байж таарна. Энд өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга түй ч хамаагүй юм. Тэр аль ч асуудал дээр хуулийн хүрээнд буруутахгүй.
Тэгэхээр өнөөдрийн жагсаал цуглааныг эхлүүлэлгүй МАН бага хурлаа хийчихсэн бол гэдэг хувилбар дээр харъя…
Я.Содбаатар намын генсэк болж намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарт ил далд зөвлөж байсан АН-ын тэнэмэл зөвлөхүүд орох, тогтох газаргүй болон арчигдах нь нэн тэргүүний асуудал байв. Улмаар Д.Амарбаясгалан, түүний араас Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэхчлэн дараалж улстөрийн карьерийнх нь зүү эсрэг зүгт заах байлаа.
Тэгэх тохиолдолд АН-ын даргад горилж байсан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Х.Баттулгын хүсэл ч талаар болж С.Баярцогт сөрөг хүчинг тэргүүлж эхлэх нь цаг хугацааны асуудал болох байв.
Тиймээс эл жагсаалыг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараас гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулга зохион байгуулалцаж байна гэх хардлага тасрахгүй, тасрах байтугай даамжрах талдаа орсон.
Арга ч үгүй биз.
Хулгайчдыг нэрлэ гэхтэй зэрэгцээд АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Ж.Оджаргал, С.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ нарын нэр орж ирсэн нь С.Баярцогтод зориулагдсан байсан гэчихэд хилсдэхгүй юм.
Даарин дээр давс гэгчээр УИХ-ын гишүүн асан, Иргэний оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл жагсагчдад зөвлөгөө өгч буй нь дээрх хардлагыг улам даамжруулж байгаа. АН хоёр хуваагдаж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үед Ц.Элбэгдорж тэргүүтэн зориуд эмэгтэй хүн сөргүүлэн тавьж либериал нөлөөлөгчдийг татах зорилго агуулсан ч өрсөлдөгчөө дутуу үнэлж Х.Баттулгад хэдийнэ Ц.Оюунгэрэлийг алдчихсан байсан гэдэг. Тухайн үед МАН-ын 60 тэрбумын бичлэгийг ил болгосон гэх Г.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байсан бөгөөд тэрхүү дуулиан шуугиант ажиллагаагаар Х.Баттулгын Ерөнхийлөгч болох зам мөр шулуудан пуужиндсаныг сануулах илүүц биз.
Үүнээс гадна жагсаалыг дамжуулж буй гадны хэвлэлүүд Монголоос тарааж өгсөн мэт ижилхэн агуулгатай мэдээ уншиж, жагсаалд оролцогчдоос Ерөнхий сайд болоод сая огцордог Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд нартай харьцуулахын аргагүй англи хэлтэй иргэдийг олж яриа авсан зэрэг нь төлөвлөгдсөн мэт харагдуулж байгаа нь үнэн.
Тэрбайтугай БНХАУ-аас Монголчуудыг нүүрсний хулгайтайгаа тэмцвэл бид холбогдох баримтаар хангана гэснийг ТАСС онцолсон нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын зөвлөх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгч “Бодь интэрнейшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундрагийн толгойноос л гарах санаа гэдгийг ойрын нь эх сурвалжууд хэлж байна.
А.Амундра мөнгө босгох, баргийн эрийн сэтгэхгүйг сэтгэж чадах сэргэлэн эр ч лидер төрүүлэхдээ тун ч барцадтай нэгэн. Түүний ажиллаж, зөвлөж байсан бүх улстөрч унаж шалаар нэг болчихдог гэмтэйг улстөрийн хүрээнийхэн андахгүй.
Энэ бүгдийг түр орхиод бодит харагдаж буй факт дээр төвлөрье.
Жагсагчдын “амьд” микрофон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сошиал хуудсаараа “хэлчихлээ”. Тэрбээр “…Иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар хүч нэмж байгаа. Арайхийж талбай дээр бөөгнүүлсэн иргэдийг минь битгий өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлээд бай…” гэх утга бүхий постыг додигор гэгч нь биччихээд хэд хонож байна.
Жагсагчдын шаардлагыг зохих түвшинд хүлээн авч, амь нас эрүүл мэндэд нь хохирол учрахаас сэргийлэн тараах, -30 хэм давсан шөнүүдэд хүйтэн цементэн дээр хонож буй иргэдийн эрүүл мэндийн төлөө албадан дулаан газарт хонуулах гэхчлэн Засгийн газраас бүхий л арга хэмжээг аван хөдлөх байтал эсрэгээрээ Засгийн газар жагсаалд хүч нэмэн дэмжиж байгаа гээд хээв нэг палийтал бичээд сууж болдог юм уу, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аа!!!
Хэрэв жагсаал цуглааныг Засгийн газар, эрх баригч намын дарга удирдлагууд өөрсдөө зохион байгуулж, үүнээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсч байгаа бол Л.Оюун-Эрдэнэ болоод Д.Амарбаясгалан нарын амыг хараад байлгүй бага хурлаа хуралдуулж, ийм нөхдөөр нам төрийн бодлогыг бариулаад байх нь зөв эсэхийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй биш үү, МАН-ын нийт гишүүд ээ!!!
Хулгай луйвартай тэмцэх ёстой, гажуу тогтолцоог өөрчлөх цаг болсон хэдий ч үнэмлэхүй олноор Төрийн эрхийг барьж, сөрөг хүчингүй шахам болчихсон байж ийнхүү энгийн иргэдийн эрүүл мэндээр золиос хийн арчаагүйтэх шаардлага байгаа юм уу?!
Бүх эрх мэдлийн дээр сандайлчихаад шийдэмгий байж чадахгүй ард түмнээр бамбай хийн асуудалтай нүүр тулж буй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын удирдагчидтай байх ичгэвтэр биш үү, МАН-ын бүлэг фракциудын тэргүүд ээ…
Үнэмлэхүй олуулаа байж хэнээс ч юм тогтолцооны өөрчлөлт гуйж суугаа намын дарга Л.Оюун-Эрдэнээсээ салах цаг чинь нэгэнт болж.
Энэ хүний удирдлага дор нэгдэн нийлж зангилагдаж чадахгүй чинь үнэн, МАН-ынхаан!!!
Үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар томилсон тэр өдөр чинь Д.Сүхбаатарын байгуулсан нам тарж, АН-ын араас орсон гэх бодит байдалтайгаа нүүр тул, хүлээн зөвшөөр. Нам чинь Сүхээр эхэлж, Сүхээр төгслөө. Үгүйсгэхийг хүсч буй ч С.Эрдэнэ, Х.Баттулга нар намын тамга тэмдгээ булаалдан зодолдож байсантай яг адилхан болчихлоо. Асуудлыг тогоондоо ярьж ирсэн систем чинь л та нөхдийн нүдэлцээнийг хаамар аядаад байгаа болохоос МАН-д дараагийн 100 жил гэж үгүй болов.
Тиймээс НАМаа аврах сүүлийн хөзөр чинь АН угшилт тэнэмлүүдээр зөвлөхөө хийлгэсэн Л.Оюун-Эрдэнэ гэгчээс үтэр түргэн салах… Өөр юу ч биш… Тогтолцоог өөрчлөх, хулгайтай тэмцэх гэдэг чинь 20, 30 дахь асуудал болж хувирлаа.
Жинхэнэ хулгайчдыг зарлалгүй тойрсон хэдэн зөвлөхүүдээ нэрлэмэр болсон Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийг хүртэл хийж буй бүхэн худал хуурмаг, шантааж ханхлуулсан драм төдий харагдаад байгааг ил хэлчихэд төдийлөн буруутахгүй юм.
Д.Амарбаясгалангаас ч амархан салах боломжит хөзөр иргэн Г.Ган-Очирын гарт байна. Түүний богцон дахь баримтууд худлын үнэргүй учраас л тэр НҮБ-ын байрны өмнө зориг зүрхтэйгээр зогсч буй биз ээ…
Тэрчлэн намын хувь заяаг юу ч биш болгож, буруу замаар будаа тээхэд хүргэж буй туслах дүрүүд болох Г.Занданшатар, Д.Сумъяабазар нар ч сүүлийн үест хариуцлага тооцогдох хатуу самруудын нэг болчихоод байгаа нь үнэн.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо