Шуудангийн салбарын зохицуулалт -2022 зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2022-11-17
8 мин уншина

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шуудангийн салбарын зохицуулалт-2022 зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гаалийн ерөнхий газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Улс хоорондын шуудангийн холбоо болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл бүхий 120 оролцогч оролцлоо. Тус зөвлөгөөнөөр тээвэр зууч логистик, улс хоорондын шуудангийн тээвэрлэлт, цахим худалдааны өнөөгийн байдал, шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын гарц шийдлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэн, нээлттэй санал солилцсон юм. Улс хоорондын шуудан гарц шийдэл болон Цахим худалдаа ба илгээмж хүргэлт сэдвийн хүрээнд боломж, асуудал, гарц шийдлүүдийг агуулсан 10 илтгэлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үүнд:

1.      Шуудангийн салбарын зохицуулалт
2.      Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлт
3.      Улс хоорондын тээвэр ложистикийн өнөөгийн байдал
4.      Ложистикийн өнөөгийн байдал ирээдүйн чиг хандлага
5.      Улс хоорондын шуудан илгээлтийн зах зээл, эдийн засагт нөлөөлөх, үр нөлөөлөл 
6.      Цахим худалдааны өнөөгийн байдал
7.      Хот, хөдөөгийн цахим худалдааний хүргэлт, гарц шийдэл
8.      Цахим худалдаа ба Инфинити Шуудан
9.      Улс хоорондын цахим худалдааг хөгжүүлэх нь
10.    Улаанбаатар хот дах хүргэлтийн үйлчилгээ

Зөвлөгөөний үеэр цахим худалдаа, захиалга өсөж, үйлчлүүлэгчдийн худалдаа хийх сонголт цахим орчинд өргөжин тэлж байгаатай зэрэгцэн үйлчлүүлэгчдийг худалдан авалтын шатнаас эхлэн хүргэлт хийх хүртэл болон түүнээс цаашид мэдээллийг нь аюулгүй хадгалах системийн хамгаалалтын хөгжүүлэлтийг тогтмол сайжруулах шаардлагатайг албаныхан онцолсон. Ингэснээр үйлчлүүлэгчдийн картын мэдээлэл, худалдан авах зуршил, гэрийн хаяг байршил зэрэг нэн чухал мэдээллүүдийг хамгаалах юм.  Шуудангийн салбар бол хамгийн түрүүнд либералчилсан салбар юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл үнээ нэмээгүй, тогтвортой байгаа салбар гэдгийг онцоллоо.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай:

-Энэ зөвлөгөөн жилд нэг удаа болдог уламжлалтай. Зөвлөгөөнөөрөө одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, дэлхий дахинд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа эсэх, шинэчлэлтэй хөл нийлүүлэхийн тулд яах ёстой вэ, шийдэл, гарц гаргалгааг илэн далангүй ярилцдаг. “Ковид-19” Монгол гэлтгүй дэлхий нийтийн шуудан, илгээмжийн зах зээлд маш том нөлөө үзүүлсэн. Шуудан, хүргэлтийн үйлчилгээний жинхэнэ ач холбогдол дэлхий дахинд нэмэгдлээ. Шуудангийн үйлчилгээ бол амьдралын салшгүй нэг хэсэг гэдэг ойлгодог болсон. Нэг ёсондоо эрэлтийг маш ихээр бий болгосон. Тэгвэл эрэлтийг хэрхэн хангах нь бидний тулгамдсан асуудал болж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цахим шилжилтэд анхаарал хандуулж байна. Бид 174 хүргэлтэд өөрчлөлт оруулж байж цахим шилжилт илүү хурдтай болох юм. Үүний тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой юм. Яагаад гэвэл дэлхий дахины хэрэглэж буй технологийг Монголдоо нэвтрүүлэхийн тулд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Өнөөдөр шуудангийн салбарт тулгамдаж буй гол асуудал нь хаягжилт. Үүнийг шийдэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарсан.

Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Баатархүү:

-Харилцаа холбооны зохицуулалт 1990-ээд оноос эхлэлтэй. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд харилцаа холбооны салбарыг либералчилсан байдаг. 1995 онд анх удаа Монгол Улсын шуудан холбооны  хөгжлийн үндсэн чиглэлийг баталсан юм. Ингэснээр төрийн өмчид аль салбар нь байх вэ буюу өрсөлдөөнийг яаж нэвтрүүлэх вэ гэдэг үндсэн асуудлыг тусгасан түүхтэй. Ингээд 1995 онд Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж байлаа. Тухайн үед би Дэд бүтцийн хөгжлийн яаманд Холбооны газрын даргаар ажиллаж байхдаа DHL компанид анх удаа шуудангийн тусгай зөвшөөрөл олгосон. 2003 онд Шуудангийн тухай бие даасан хуультай болсон. Ингэснээр шуудангийн бодлого зохицуулалтын үндсэн асуудлыг хуульчилсан.  Мөн цахилгаан холбоо, шуудан, радио, мэдээллийн технологийг нэг хуулиар зохицуулдаг байсныг салгасан. Үүнээс хойш ХХЗХ үндсэн чиг үүргээ муугүй гүйцэтгэж байгаа. Ялангуяа бодлого зохицуулалтын хууль эрх зүйн орчин сайн  бүрдсэн.  Энэ хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан  байдаг. Бид салбараа эхнээсээ л шударга өрсөлдөөн гэж ярьдаг байлаа. Харин одоо шударга бөгөөд үр ашигтай өрсөлдөөнийг цохож ярих учиртай юм. 1995 онд гэхэд бид хувийн хэвшлийнхэн шуудангийн салбарт орж ирэх эсэхэд эргэлзэж байсан бол өнөөдөр  100 гаруй байгууллага шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Заал дүүрэн хүн цуглараад салбарынхаа хөгжлийн талаар хэлэлцэж байгааг харахад таатай байна. Цаашид шударга, үр ашигтай үйлчилгээ эрхлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Хамгийн чухал нь хүний нөөц. Тиймээс шуудангийн мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоонд анхаарах цаг болсон.  Шуудангийн мэргэжилтэн бэлтгэх  чиглэлд тусдаа хөтөлбөр гаргаад БШУЯ, ЦХХХЯ хамтраад хөтөлбөрөө батлах хэрэгтэй. Ингэж үйлчилгээний шинэчлэгдсэн чиглэлүүдэд чиглэсэн  шууданч, боловсон  хүчнийг  бэлтгэмээр байна. Мөн хүргэлтийн  үйлчилгээ эрхлэгчдэд аюулгүй байдал чухал. Төр, иргэн хоёрын хооронд зуучилж байдаг онцлогтой үйлчилгээ учраас иргэн хүний  аюулгүй байдлыг хангах шаардлагатай.  Цаг үеийн шаардлагаар хүргэлтийн үйлчилгээ түгээмэл болсон ч мэргэжлийн байх,  иргэдэд найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх чиглэлд онцгой анхаарахыг сануулмаар байна. 

ХХЗХ-ны Зах зээл, үнэ тариф, үнэлгээ судалгааны газрын судалгаа, шинжилгээний ахлах мэргэжилтэн Г.Мөнхтулга :

-Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа эрчимжсэн. Цаашдаа илүү өргөжин тэлж, технологийн дэвшлүүдийг ашиглах байх гэж найдаж байна. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь Улаанбаатарт амьдарч байна. Шуудангийн сүлжээгээр дамжихаас өөр боломжгүй нөхцөл байдал бий. Ялангуяа орон нутагт. Тиймээс шуудан, цахим худалдаатай хэрхэн зөв зохистой хамтарч ажиллах вэ, Монголд цахим худалдаа хөгжиж байгаа агуулгаа дагаад ямар хууль, эрх зүйн өөрчлөлт гарах вэ гэдгийг ярилцаж байна. Монголчуудын 45 орчим хувь нь цахим худалдаа хийхийн тулд  интернэт ашигладаг гэсэн судалгаа бий. Дундаж худалдан авалт 100-150 мянган төгрөг байдаг бөгөөд голдуу хувцас, гэр ахуйн барааг захиалж байна. 15-аас дээш насныхны 30 орчим хувь цахим худалдаа хийж үзсэн, цаашдаа хэрэглэх хүсэл сонирхолтой байдаг. Тэгвэл цахим худалдаа явуулдаг дэлгүүрүүдийн 70 орчим хувь нь хүргэдэг. Хэрэглэгчдийн 25 хувь нь шуудангийн үйлчилгээ сонгодог бол үлдсэн нь бусад хэлбэр буюу дэлгүүрт очиж авахыг илүүд үздэг гэсэн судалгаа гарсан.

Эдийн засагч Н.Энхбаяр:

-Технологийн хөгжил Монголд хэрэгтэй. Улс орнуудын хөгжлийн гол хүчин зүйл нь технологи, ноу-хау. Технологийн асуудлаа шийдэж байж хөгжил ярина. Мөнгөөр ямар ч асуудал шийдэхгүй. Монгол Улс өнөөдөр түүхий эд, байгалийн баялаг дээр л тулгуурласан эдийн засаг явж байна. Энэ бол манай сул тал. Цаашид уул уурхай ухаад л байвал хөгжихгүй. Өөрчилье гэвэл технологио хөгжүүл. Товчхондоо бол бүхий л салбарт технологийн зөв шийдэл хийвэл хөгжлийг хурдасгана.

DHL олон улсын буухиа шуудангийн зөвлөх Б.Мягмарцог:

-Шуудангийн салбарт тулгамдсан гол асуудал нь хаягжилт. Сүүлийн үед цахим худалдаа хөгжихийн хэрээр шуудан хүргэлтийн үйлчилгээ сайжирсан. Гэтэл тодорхой бус хаягийн улмаас хүндрэл учирна. Хоёрдугаарт, агаарын тээврийн хүрэлцээ тулгамдсан асуудал болж байна. Инчоноос Улаанбаатар руу хоёроос гурван агаарын тээвэрлэгч долоон хоногт 10 гаруй нислэг үйлддэг ч ачаагаа дийлдэггүй. Тэгэхээр хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

“Монгол инфинити” компанийн захирал Ф.Ганбаатар:

-Харилцаа, холбооны зохицуулах хорооноос цаг үеэ мэдэрсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулгарч, шуудангийн компаниуд дээр хэрхэн тусах вэ гэдэг нь анхаарал татсан. Энэ сорил шуудангийн компанид эергээр туслаа. Тодруулбал, шуудангийн үйлчилгээ өдөр тутмын хэрэгцээнд хэрэгтэй.  “Монгол инфинити” шуудангийн компани 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компанийн үндсэн ондоошил цахимд суурилсан. Өнөөдөр бүх зүйл цахим дээр суурилсан учраас бид давуу талаа болгосон юм. Шуудангийн үйлчилгээ өнөөдөр цахим худалдаатай уялдаа холбоотой боллоо. Цахим худалдааны гол томьёолол нь хүргэлт. Тиймээс хүргэлтийг хэрхэн шуурхай хийх, цаашид илүү ямар боломж байгаа вэ гэдгээ ярилцана.

DHL  express Mongolia” компанийн салбарын захирал  Т.Энхбаатар:

-Харилцаа холбооны салбарынхан тал бүрээс цугларч, хуралдаж байгаа нь олон талын ач холбогдолтой. Бидний хувьд цар тахлын хөл хорионоос шалтгаалаад сүүлийн хоёр жил ингэж өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлээгүй.  Шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа  бизнес эрхлэгчид түүнтэй хамтран ажилладаг төрийн байгууллагуудын төлөөлөл уулзаж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж байна. Манай компани 34 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж  байна. 1990-ээд онд Монгол Улс зах зээлийн  системд шилжиж байхад гадаад харилцаа, бичиг захидлын харилцаа шинэ шатанд гарсан. Манайх олон улсын компани болохоор маш өндөр стандарт хэмжилзүйтэй. Тиймээс бид олон улсын стандартын дагуу, гараас гарт үйлчилгээ явуулдаг.  

“Амар экспресс” компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр:

-Дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр шуудангийн харилцаа холбоо маш чухал юм гэдэг нь харагдсан шүү дээ. Нөгөөтэйгүүр шуудангийн үйлчилгээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд удааширсан, гацсан байдалтай байлаа. Том зургаараа дэлхийд  шуудангийн салбар хөгжөөд байхад манайд сайнгүй байсан нь үнэн. Харин цар тахлын жилүүдэд шуудан харилцааны үнэ цэнийг хүмүүс ойлгосон. Шуудангийн салбарын тухайд Төрийн үйлчилгээ, зохицуулалт бол боломжийн түвшинд явдаг. Харин цахим үйлчилгээг цаг алдалгүй явуулахад цахим төлбөр тооцооны асуудал хоцрогдолтойг шулуухан хэлье.

Улс хоорондын шуудангийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

-Бидний ажил бие биеэсээ хамааралтай учраас нэгдсэн нэг ойлголттой болоход илүү хувь нэмэр оруулсан хурал боллоо. Манай улсын хувьд  шуудангийн үйлчилгээний хөгжил олон улстай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байдаг. Сүүлийн үед цахим худалдаа болон дэлхийн глобалчлалтай холбоотойгоор салбарын хөгжил маш хурдацтай өрнөлөө. Гаалийн байгууллагаас хийсэн судалгаанаас үзэхэд  шуудангийн салбарынхан 2010 онд гурван тэрбум төгрөгийг  төсөвт төвлөрүүлж байсан бол өнөөдөр 145 тэрбум болж өссөн дүн мэдээтэй байна. Энэ хэрээр манай салбарын үйлчилгээ хэрхэн өргөжсөн бэ гэдэг нь шууд харагдана. Тиймээс цаашид төр, хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, уялдаа холбоог сайржуулахад энэ удаагийн зөвлөгөөн үр дүн үзүүлэх байх.  

Улс хоорондын шуудангийн холбоо ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Энхбаяр:

-Шуудангийн холбооны зөвлөгөөнөөр бид нийтлэг асуудлаа тал бүрээс нь ярилцдаг. Цаашид юунд анхаарах шаардлагатай вэ гэдгээ тодорхойлж, шийдлээ олдог.  Эндээс хийх ажлаа эрэмбэлдэг гэж ойлгож болно. Энэ  удаад цахим худалдааг голчилж ярилаа. Мөн гаалийн журмын шинэчлэлтэй холбоотой саналыг  нэг болгох шаардлагатай. Энэ шинэчлэлд одоогоор холбогдох газруудын саналыг аваагүй учраас бүгд нэг дороо цуглаад санал сэтгэгдлээ ярьж байна. Өргөн утгаараа хамгийн хурдан хөгжиж байгаа салбар харилцаа холбооны салбар байдаг. Үүрэн  телефон, интернэт, кабель, шуудангийн хөгжил маш хурдацтайгаар хөгжиж байгаа нь олны нүдэнд ил. Учир нь, шуудангийн харилцаа холбоо бусад улс оронтой холбоо хамааралтай явдаг учраас дагаад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах шаардлага үүсдэг.

Орчуулах »
error: Content is protected !!