Тус хороо нь “Шуудангийн тухай” хуулийн 9.1.6-д заасны дагуу шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд 2022 оны хоёрдугаар улиралд “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлал”-ын дагуу Монгол Улсын алслагдсан 50 сум-Улаанбаатар хотын хооронд ердийн зэрэглэлийн илгээмжийн хүргэх хугацаанд хяналт хийж ажилалаа.
Мөн гуравдугаар улиралд АНУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, БНТУ, Швед улс зэрэг 6 улсыг сонгон авч Улаанбаатар хотоос дээрх улсын хооронд улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаанд хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ажлын үр дүнд:
– Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улс чиглэлд 10 хоног
– Бүгд Найрамдах Солонгос Улс-Монгол Улс чиглэлд 6 хоног
– Холбооны Бүгд Найрамдах Герман Улс-Монгол Улс чиглэлд 8 хоног
– Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол Улс чиглэлд 9 хоног
– Бүгд Найрамдах Турк Улс-Монгол Улс чиглэлд 7 хоног
– Швед Улс-Монгол Улс чиглэлд 10 хоногийн хугацаанд илгээмжүүд хүргэгдсэн байна.
Дундаж хугацаа буюу улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаа 8 хоног байна. Гарсан үр дүнд үндэслэн цаашид үйлчилгээ эрхлэгчид ХХМТГ-ын даргын 2020 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-ийн 3.5-т заасны дагуу “Шуудангаар үйлчлэгч өөрийн сүлжээний дамжуулах чадвар, үйлчилгээний хамрах хүрээнээс хамааруулан шуудангийн илгээмж хүргэх хугацааг Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасан хугацаанаас бага хугацаагаар тогтоож болно” заалтыг мөрдөн ажиллах боломжтой байна.
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэхдээ дараах асуудлуудыг анхааран ажиллах хэрэгтэй байна. Үүнд:
1. Шуудангийн илгээмжийн баглаа, боодлын стандартыг баримтлах (Шаардлага хангаагүй баглаа, боодлоос үүдэн шуудангийн илгээмж гэмтэх магадлалтай);
2. Улс хоорондын шуудангийн илгээмж илгээж байгаа үйлчлүүлэгчдэд хүлээн авагч улс орны хаягийн бичвэрийн талаар зөвлөгөө өгөх (Алдаатай хаягын бичвэрээс болж илгээмж алга болох, буцаагдах);
3. Илгээмж хүргэлтийн хугацаа, нөхцөл байдлын мэдээллийг үнэн зөв өгөх (Илгээмжийн байршил, төлөв);
4. Шуудангийн үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлах (Гадаад валютын ханшын зөрүү) зэрэг байна.
Шуудангийн Зохицуулалтын Газар