АТГ: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдоод байгаа

2022-12-12
1 min read

АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Энэ талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, “АТГ нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендэр сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт холбогдуулан 47 обектод нэгжлэг хийсэн. Хэрэг холбогдуулан 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ажиллаж байна. Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгаа. Яллагдагчаар татагдсан албан тушаалтан дотор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Прокуророос зөвшөөрөл өгсөн нөхцөлд нэрийг зарлана” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!