Галаар тоглох аюултай, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн Тэс петролиум компани Дархан-Уул аймгийг газрын хөрснөөс арчих дөхлөө, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! Ойлгож мэдэрч, тооцоолж байгаа юм алга уу, Шадар сайд С.Амарсайхан та хоёрт.

Дархан-Уул аймаг дахь нефть бүтээгдэхүүний нөөцийн саванд дэлбэрэлт гарч, гурван ч хүн амь эрсдээд байхад өнөө маргаашийн сандал суудалтайгаа зууралдан тэмцэлдэж байгаа чинь арчаагүй, үхээнц харагдаж байна.

Нэг ажилтан эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барж, хоёр хүний цогцсыг резервуарын дотроос олсон нь энэ улсын нефтийн салбарт анхаарал хандуулж, аюулын шүгэл үлээх цаг нэгэнт болсныг харуулчихлаа.

Яагаад гэж үү?!

Шатахуун агуулах саванд хүн унахаар том ам, онгорхой байх ёсгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Шатахууны нөөцийн хэмжилтийг хийхдээ жижиг цоргоор хэмждэг болохоос лүк онгойлгож хэмждэггүй. Тэгээд ч лүк тус бүртээ 6-10 боолттой байх тул жирийн нэг ажилтан шалтгаангүйгээр онгойлгох шаардлага байхгүй гэж байгаа. Тэгэхээр лүкүүд хэвийн байгаад дэлбэрэлт болсон бол хэмжилт хийсэн ажилтнууд дотогшоо биш зөвхөн гадагшаа шидэгдэх байсан гэдгийг хэргийн газарт ажиллаж буй шинжээчид хэлээд байна, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Тиймээс хоёрын хоёр хүн резервуарт унасан байгаа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Тэс петролиум компани стандартын шаардлага алдагдсан агуулах савтай байжээ гэх урьдчилсан дүгнэлтийг хийхэд хүргээд буй нь жагсаал цуглаан, эрх мэдлийн сандал суудлаас чинь илүүтэй анхаарах сэдэв болчихоод байна…

Шадар сайд С.Амарсайханаараа ахлуулсан ажлын хэсэг яаралтай байгуулаад Монголд үйл ажиллагаа явуулж буй нефть импортлогч, худалдан борлуулагч бүх компанид шалгалт явуулж, тусгай зөвшөөрөл эзэмших шаардлагыг хангаж чадах уу, үгүй юү гэдгийг эргэж харахгүй юм уу.

Адгийн тэнэгийн толгойгоор бодсон ч хэвийн саванд дэлбэрэлт болбол гадаргуу дээрх ямар ч зүйлс гадагш шидэгдэнэ гэдгийг мэдэх биз. Тэгэхээр Тэс петролиумын хоёр ажилтны цогцос резервуарын дотроос олдсон нь энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, аюулгүй ажиллагаа, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж болсон цагтаа дахин ирээрэй гээд төрийн төмөр нударгыг үзүүлэх хангалттай үндэслэл биш үү!!!

Жижиглэнгийн үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг чинь хураана гэдэг тэнэглэл чинь одоо л хэрэг болоод байна, Ерөнхий сайд аа…

Ийм хэмжээний агуулах сав, түлш шатахууны нөөцөө дагаад аюулгүй ажиллагааны үед хэрэглэх учиртай хөөс тэр хэрээрээ нөөцлөгдсөн байх нь ойлгомжтой. Гэтэл Тэс петролиумд галыг унтраах хэмжээний хөөс байтугай хөөс хадгалах сав ч байгаагүй ажиллаж байж гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Саяын нөхцөлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, зэргэлдээх хувийн хэвшлүүд тусалж байж Дархан-Уул аймгийг аварсан гэдэгтэй танилцаж амжаагүй яваа юм биш биз дээ, С.Амарсайхан та хоёр!!!

Нефтийн салбар хүссэн жулдрайгийн шуналдаа хөтлөгдөөд гүйж ордог талбар биш гэдгийг харуулсан энэ ослын мөрөөр яаралтай шалгалт явуулж, болзошгүй аюулын өмнө бэлэн бус компаниудын тусгай зөвшөөрлийг одоо л хурааж ав.

Галд өртсөн сав 2 сая литр шатахуун хадгалах багтаамжтай ч тухайн үед 650 мянган литр АИ92 л шатахуун хадгалагдаж байж. Гэтэл Дархан-Уул аймгийн Онцгой байдлын 54 дүгээр анги дангаараа унтрааж дийлэлгүй Орхон, Сэлэнгэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин, УБТЗ Зүүнхараа дахь Галын галт тэрэг хамтруулан, дээрээс нь нэмээд хөөс болоод аюулгүй ажиллагааны нөөцтэй байсан бусад хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр арай ядан унтраасан байгаа юм. Хэрэв нөөцийн сав шатахуунаар дүүрэн байсан бол улс даяараа хөдлөөд ч дийлэлгүй нэг аймгаа бүтнээр алдах эрсдэлд оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч Тэс петролиум гээч компанийн улс даяарх үйл ажиллагааг зогсоон, бусад салбаруудад нь шалгалт явуулдаггүй юм уу!!!

Ядаж байхад албаны автомашинуудад дизель түлш хангалттай байгаагүйгээс хэр хэмжээний хугацаа алдсанаа мэдэж байгаа юу, С.Амарсайхан сайд аа…

Улсын онцгой комисс дизель түлшний хомсдолд орчихсон байхад нефтийн үнэ барьсаар байгаа нь аюул учруулаад байна гээд хэлчих зориг, ухаан алга уу, эрхэм Шадар сайдад!!!

Улс орныхоо төлөө үнэнийг хэлэх зориггүй, хүсэлгүй байгаа чинь энэ салбарт хөл гараа дүрэхээр тохиромжтой цагийг хүлээж буй хувалзуудын нэг биш байгаа гэх хардлагыг төрүүлж байна, С.Амарсайхаан.  

Монгол Улсын хэмжээнд газрын тосны шатах тослох материалын 120 мянган тонн агуулахтай. Улсын сарын хэрэглээг ч нөөцлөх агуулах савгүй гэсэн үг. Тэрчлэн 120 мянган тонн агуулахын 108 мянгыг нь хувийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. 2017 онд Концессын гэрээгээр шатахууны агуулах барих асуудлыг Засгийн газар ярьж гэрээг нь үзэглэж байсан ч өнөө хэр хэрэгжээгүй байна. Энэ чинь нэн тэргүүнд ярьж, хийх ажил чинь асуудал чинь биш юм уу?!

Өнөөдрийг хүртэл дотоод дахь дизель түлшний үнэ нэмэгдээгүй байгаа нь сайны бус муугийн дохио.

Дотоод дахь нөөц шавхагдаж байгаа гэсэн үг.

Энэ сард гадна зах зээл дэх нефтийн үнэ бага зэрэг буух тул Монгол дахь жижиглэнгийн үнийг бариулсаар байхад болно гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь далийрч, үүнд Засгийн газрын тэргүүн горьдлого тавин хүлээж байх шиг байгаа юм.

Харамсалтгүй нь үгүй, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Энэ жил гадаад нөхцөл байдал амаргүй байгаа тул нефть бүтээгдэхүүний үнэ буурахгүй, эсрэгээрээ өсөх хандлагатай гэдгийг эдийн засагчид анхааруулж байна.

Аз болоод буулаа ч Монголд жижиглэнгийн үнийг одоогийнхоор барих ямар ч боломжгүй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч чинь хэлээд өгөх биз. Валютын ханшийн савалгаа, ам.долларын төгрөгтэй харьцах харьцааг ойртуулж чаддаггүй л юм бол импортын бараа бүтээгдэхүүний үнийг чөдөрлөнө гэдэг тэнэглэлдээ цэг тавьж үз.

Тэр тусмаа нефтийн салбар хүссэн нь оролдож, чаргууцалдаж байдаг талбар биш…

Галаар тоглох АЮУЛТАЙ.

Тиймээс импортын бараанд үнэ тогтоодог бодлогын буруугаас чинь болж түлш тасрахад хүргэсэн алдаандаа залруулга хийхээс гадна Тэс петролиум шиг хариуцлагагүй, аюулын өмнө бэлэн биш компаниудыг татан буулгаж улс орноо галдан шатаах, дэлбэрэн устах аюулаас хамгаалж, сэргийлэх ажлыг яаралтай эхлүүл, ЗАСГИЙН ГАЗАР!!!

Энэ салбарт шунагсад ч саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстойг, савгүй бол савраа татаж холхон явахыг ойлгосон биз. Бид ч тусгай зөвшөөрөл горилогч компаниудын хэм хэмжээнд хяналт тавьж, нэхэн сурвалжлах болно…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!