Өнөө өглөөнөөс эхлэн орон нутгийн иргэдийг “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор гаргаж эхэлсэн. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй аймгууд руу зорчих хөдөлгөөн нээлттэй байгаа бөгөөд Архангай, Сэлэнгэ аймгууд руу орох, гарах хөдөлгөөнийг хаасан юм.
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор 79048 иргэн, хөдөө орон нутгаас нийслэл рүү орж ирэхээр нийт 25350 иргэн бүртгүүлсэн. Улаанбаатар хотоос гарч байгаа иргэдийн 28 мянга нь хувийн тээврийн хэрэгсэл , 50 мянга орчим нь зорчигч тээврийн автобусаар зорчих мэдээлэлтэй байна. Мөн Улаанбаатар хотоос гарч байгаа иргэд машиндаа дөрвүүлээ хэрнээ нэгийнх нь шижилгээний бичиг нь гараагүй байхад явж байна. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн гаргах боломжгүй юм. Иймд иргэд хувийн тээврийн хэрэгсэл болон автобусаар зорчихдоо хувийн аюулгүй байдлаа чанд сахиж, шаардлагатай бичиг баримтаа өөрийн биедээ авч явахыг сануулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээллээ.
Тус шалган нэвтрүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагийн хязгаарлалтгүй үргэлжлэх юм.
Өглөөний 06 цагаас хойш 24 тээврийн хэрэгслээр 40 хүн Улаанбаатар хот руу нэвтэрсэн байна. Үүнээс ес нь том оврын ачаа тээврийн хэрэгсэл юм байна.