Түлш тасалдсан нь хэн нэгэнд зориулсан дүүжлүүрийн гогцоо биш биз?!

Нүүрсний уурхайдад шаардлагатай дизель түлшний нөөц яаралтай бүрдүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан долоо хоногийн эхэнд холбогдох газруудад үүрэгдэн дүр эсгэв. Яг энэ цаг мөчид энэ үүрэг чинь биелэгдэшгүй даалгавар гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж битгий шоуд л даа, С.Амарсайхаан!!!

Нефтийн салбарт хамгийн ойр, бараг дотор нь байдаг гэхэд хилсдэхгүй хүн атал ийм жүжиг бүү тавь… Монгол Улс даяар дизель түлш байхгүй. Байлгах ч сонирхолгүй танхимд ажиллаж байж дүр эсгэн ард түмнээ хуурах хэрэггүй.

Анхны хувийн шатахуун түгээх станцуудыг бий болгож,  эцэст нь “100 хувь, заримдаа бүр түүнээс ч илүү хувь гаднаас хараат байна гэдэг хэцүү. Хараат байхаас шалтгаалсан хурц асуудлууд дандаа дэгдэж байдаг” гээд нефтийн салбарыг хэсэгтээ орхиж байсан С.Амарсайхан үл мэдэгч царайлан ийн шоудах нь утгагүй байна.

Эл ойворгон драмын чинь цаана дизель түлш тасалдсаар нүүрсний уурхайнууд жинхэнээсээ тэг зогсолт хийлээ. Ядахад яр гэгчээр ирэх 7 хоногт хүйтний эрч урд хожид тохиолдож байгаагүйгээр чангарна гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулчихлаа…

Өнгөрсөн жил цахилгаан, дулаанаар үнэгүй ханган попорч байсан бол энэ жил төлбөр төлөөд ч авч чадахгүй байдалд хүргэчихлээ, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Гаргасан шийдвэр бүр нь өнөө маргаашаа аргацаасан, арьсаа хамгаалж гоё харагдах гэсэн үхээнц байгаагийн балгаар улс орны ХӨГЖЛИЙН ЦАГ зогсч, эргэж гарч ирэхийн эцэсгүй ангал руу шааригдаж байна.

Түлш, шатахууны үнийг 1 төгрөгөөр ч өсгөлгүй барь гэдэг мунхаглалаа больж үз. Ийм байх боломжгүй гэдгийг газрын гав дахь тэнэг ч ойлгоно. Бүхий л зүйлээрээ импортлогч орон байж урагшгүй, ухаангүй бодлого барьж буй тань хангалттай том хардлагыг дагуулж байна. Ялангуяа нефтийн салбарт.

Инфляцийн дарамт, зээлийн хүүгээс улбаатай нефтийн үнийн өсөлт дэлхийн эдийн засгийг тамирдуулж байхад Монголд л зөвхөн өмнөх үнээрээ тогтоон барих тоглолт хийж байгаа нь нефтийн салбараас хэн нэгнийг арчих гэсэн бохир улстөр биш үү?!

ОХУ-ын Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч, компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гарчихсан байгаа. Мөн зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих процессоос шалтгаалаад дизель түлш нийлүүлдэг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрт 7 хоногийн түр завсар орчихлоо. Нөгөөтэйгүүр Украйны эсрэг өдүүлсэн дайн зэргээс нь болж ОХУ-ын дотоодод түлш ховордон манайд нийлүүлэхтэй манатай байхад дизель түлшний үнийг тогтвортой барьж байх үүрэг чиглэл өгсөөр байгаа чинь эрүүл үзэгдэл мөн үү, Ерөнхий сайд аа!!!

Ийм нөхцөл байдлын дунд сайн муу, сайхан муухайгаа дуудуулсаар энэ улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж ирсэн хэдэн компаниа нүдэнд орсон хог, шүдэнд шигсэн мах шиг адлаж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэхчлэн дарамталдаг явдлын дооз хэрээс хэтэрч, энэ салбарт ноёрхлоо тогтоох гэсэн хэн нэгний шуналын ааг шиг мэдрэгдэх болсон нь нууц биш.

Тийм бол энэ салбарт хэн үхэн хатан тэмүүлж байна вэ. Хэний гар энэ хүртэл суначихаад байгаа хэрэг вэ?!

Тайлах гээд оролдоод үзье л дээ.

Уг нь бол Тэмүүжин нэртүүд хэзээ ч Чингис болохгүй гэдэг шиг энгийн ойлголт юм. Нефть импортолно гэдэг хүссэн нь хийчихдэг чихрийн худалдаа биш гэдгийг хотын дарга Д.Сумъяабазартай нэр холбогддог жижиг компаниудын алдагдлаас харж болмоор. Хотын даргыг Уул уурхайн сайдаар ажиллаж байх үеэс давуу эрхээр томоохон уурхайдад түлш нийлүүлдэг болсон гэх тэдгээр компани сүүлийн үест түлшээ нийлүүлж чадахгүйд хүрч, уурхайдын үйл ажиллагаа тасалдаж байна гэсэн мессэж цахим орчинд түгж байгаа.

Гэхдээ анзаарсан бол үүнтэй зэрэгцэн “энэ бүгд Д.Сумъяабазарын хүсэл сонирхлоо өнгөлөн далдалсан төөрөгдүүлэлт төдий зүйл” гэх мэдээлэл эрчтэй тархаж байна.

Ийн хардахын учир нь, Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2016 онд Д.Сумъяабазартай хамтран байгуулж байсан Б.Баярсайхан гэж нөхөр бий. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад өдгөө Гадаад харилцааны яаманд зөвлөхөөр ажиллаж байгаа. Д.Сумъяабазарын нэгэн адил банкныхаа 15.9 хувийг эзэмшдэг мань эр Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулах үед 14 тэрбумыг аваад эргүүлж төлөөгүй гэгддэг.

Энэ нөхөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчээс гадна Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч гэдгийг бүгд мэдэх биз. Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийнх. Тэгэхээр Тэс петролиум, Шунхлай хоёр Б.Баярсайхан гэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчээр дамжигдан Д.Сумъяабазартай холбогдчихож байгаа юм. Тэс петролиумын эзэн Б.Баттөмөрийн хувьд дизель түлшний талаар төрөөс баримтлаж яваа бодлогыг эсэргүүцдэг ч “тусгай зөвшөөрлийг чинь хураана” гэх сүрдүүлдгийн дор ганц үг ган хийж чаддаггүй үлбэгэр түшээ.

 Шунхлай компанийн тухайд Өвөрхангайнхны гэх нэгдлээрээ мөн хотын даргатай холбоотой төдийгүй Д.Сумъяабазарыг Б.Баярсайхан гэгчийнхээ шүхэр дор нуугдсан “Шунхлайгийн хувьцаа эзэмшигч” гэх мэдээлэл эрх баригч намынхны дотоодод нууц байхаа болиод уджээ. Тийм ч учраас Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын захирагч болсноос хойш Нийслэлд хийгдэх өнгөтэй өөдтэй ажил, төсөл хөтөлбөр бүгдийг АПУ компани авдаг болсон гэж байгаа юм.

Петровис компанийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал О.Содбилэгийн хувьд Б.Баттөмөрийн нэгэн адил намын удирдлагуудынхаа өмнөөс үг хэлж чадахгүй гацчихсан нэгэн. Гэхдээ Б.Баттөмөр, О.Содбилэг хоёрыг жишвэл тэнэг хувилбар болох биз. Учир нь Тэс петролиум, Шунхлай, Д.Сумъяабазар нар нийлж Газрын тосны шинжлэх ухааны доктор, Петровисийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийг нас барснаас хойш компанийг нь нефтийн зах зээлээс бүлэглэн шахсаар ирсэн гэх ховын боловчиг тун хорон байж мэдэх яриаг мартаж болохгүй.

“Магнай трейд” ХХК тэртэй тэргүй дампуурлын ирмэгт хүрч, зарим салбараа буулгаж эхэлсэн бол “Сод Монгол”-ын эзэн Ц.Анандбазар намдаа барьцаалагдан, аяганы нь хариуг барих гээд завгүй яваа.

М-Ойл ХХК УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын “мартагдсан” хөрөнгийн нэг гэгддэг ч өнөө хэр Оюутолгойд шатахуун нийлүүлсээр явааг нь бодвол тэгтлээ ч орхигдож гээгдчихээгүй байх шиг байгаа юм. Цаашдаа ч гээгдэхгүй биз. Тэр улстөрд эргэн ирснээ зарлах хүртэл юу эсийг төлсөн байх билээ.

Энэ бүхний эцэст Шадар сайд С.Амарсайхан, Хотын мээр Д.Сумъяабазар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарыг хэрхэвч тасрахгүй хэлхэлдсэн нөхөд болсон гэлцэхийг энд дурьдах нь зөв байх. Нэг хэсэг С.Амарсайханыг Ерөнхий сайд болгоно хэмээн намынхнаа хайрцаглаж явсан Д.Амарбаясгалан бүлэглэлүүдийн эсэргүүцэлд хэрчигдэн чичлүүлж явсныг бүгд мэднэ.

С.Амарсайхан Д.Сумъяабазар хоёрын тухайд хэсэгтээ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан ч элэг нь хаа холдохов гэдэг шиг нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын худ, нөгөө нь Асашёорюү Д.Давгадоржийн төрсөн ах тул аль хүрч төгсөх билээ, тэгсгээд нэг талдаа гарцгаачихсан нөхөд. Тэгээд ч татгалзахын аргагүй эрх ашиг байхад өнөөдрийн уушгин дээр хүч тарамдана гэж юу байх билээ.

Шадар сайд С.Амарсайхан хэзээнээсээ нефтэд “сэтгэлээ өгсөн” эрхэм. Анх 1995 онд нефть боловсруулах үйлдвэр барих санаачлага гарган их хэмжээний хөрөнгө оруулалт хийн 2000 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн ч тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас болоод зогсч байв. Тиймээс эртний шархаа нөхөж, энэ цаг үе дээр л нефтийн салбарт нөлөөгөө тогтоодоггүй юм бол хэний хүү, юуны үр сад болох билээ гээд ханхалхаж яваа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй биз.

Тэгэхээр газрын тосны үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэсэн аливаа саналыг удаашруулах сонирхол асар өндөр байж мэдэх л хүний нэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Нэг л юмыг үнэнээр хэлье. Шатахууны үнийг төр хүчээр барьж чадахгүй. Үүний оронд газрын тосны үйлдвэрээ хурдан барих хэрэгтэй” гэж зоримог дуугарч байгаад чимээгүй болсныг уншигчид хараахан мартаагүй биз.

Тэгэхээр долоохон хоногийн дараа болох эрх баригч намын бага хурлын өмнө банк, нефть, эрчим хүчний салбарт нөлөөллөө тогтоож буй Д.Сумъяабазарыг намын бүлэг фракцууд барахаа больсон, тэрбээр 2024 оны сонгуулийн дараахь Ерөнхий сайд гэх мессэжийг тарааж буй нь дэмий үрсэн мөнгө, үг хоёр биш болж таарч байгаа юм.

Эндээс буюу эх сурвалжийн өгсөн мэдээллээс үзвэл Петровисоос бусад нефть импортлогчид хэдийнэ Д.Сумъяабазар тэргүүтний халаасанд багтсан байх бөгөөд Петровис ч тун удахгүй “түлш, шатахууны үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг чинь цуцална” гэх дүүжлүүрийн гогцооноос мултарч чадалгүй зах зээлээ алдаж мэдэхээр байгаа аж.

Учир нь эл бүлэглэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч нэгдсэн байж болзошгүй байна. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ТРАФИГУРА гэх Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Жереми Вейр, Азийн бүсийн Газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан захирал Игнасио Мояно, Зэсийн худалдаа хариуцсан захирал Константинос Бинтас, Нүүрстөрөгчийн хийн ялгарлын худалдаа хариуцсан захирал Ханна Торранс, Трафигура Монголиа ХХК-ийн захирал Михаил Зельдович нартай уулзсан бөгөөд энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаараар хүргэх тул энд түр орхиё.

Тэгэхээр Капитал банкны араас дампуурлаа зарлах банкаар нэрлэгдэж байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкууд дампуурах нь бүү хэл улам хүчирхэгжин томорч, харин оронд нь улсын ачааг нуруундаа үүрч томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж явсан Голомт, Худалдаа хөгжлийн банкууд аль муугаа үзэн адлагдаж байгаа нь санамсаргүй явдал биш болж таарах нь. Магадгүй, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкуудын эзэн, хувьцаа эзэмшигчид гэгддэг Б.Жавхлан, Д.Сумъяабазар нар “чоно борооноор муу эрс дүйвээнээр”, “хээрийн боохойтой нийлсэн жингэр аюултай” гэгч үлгэрүүдийг сануулсан, басаж орхиж болохгүй кадрууд гэдгийг харуулсан хэргийн хангалттай жишээ ч юм билүү, хэн мэдлээ.

Үргэлжлэл бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!