Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуягийг хөөж гаргасан. Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас авчирсан Монголын зэс корпорацийг шахаж, олж ирсэн 49 хувьд эзэн суусан шиг үйл явц болж байна. Эрх баригч нэрээр төрийн толгойд жаалсан нөхдийн энэ удаагийн бай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК бус “Бодь Интернэшнл” гэдэг нь өдгөө хэнд ч тодорхой харагдаж эхэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан хумсаа нуусан муур шиг олон жил дарж хумьж явсан санаагаа гүйцэлдүүлж банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоохоор улайрч байгаа, түүнээс биш Засгийн газрын өрийн тааз тулчихсан энэ үед хүнд үйлдвэр, бүтээн байгуулалтуудыг үндэсний хөрөнгө оруулагчдаас булаах тэнэг шийдвэрийг хэн зориглож гаргах вэ дээ гэх намынхны нь үг үнэн бололтой.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дархан дахь Уул уурхай, металлургийн цогцолбор руу ноцож буй ноцолт бол TDB-г сульдуулж, туйлдуулах гэсэн Б.Жавхлан, Г.Занданшатар нарын санаархал байсан гэх мессэжийг спикерийн тун ойрын хүрээнээс шидсэн нь сүүлийн өдрүүдэд ил болж, намын бага хурлын өмнөх хэрүүлийн алим болж байна.
Үүгээр зогсохгүй, банкны салбараас нөхөрлөлийн гараагаа эхэлсэн мань эрс энэ удаад А.Амундра болон “Голомт”-ын Д.Баясгаланг онилсон юм байх.
А.Амундра МАН-д элсээд удалгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болчихсон. Харамсалтай нь, А.Амундрагийн удирдсан пиарууд “цөмөрч”, захиалагчдаа замын дундаас хэн ч биш болгочихоод байдаг нь үнэн. Улсын баатар Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллахад А.Амундра зөвлөж байв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллахад мөн зүг чиг болмор болоод хөмөрч орхисон.
Одоо тэр Л.Оюун-Эрдэнийн дэргэд байгаа.
Сангийн сайд Б.Жавхланг хардахаас гадна анхааралгүй орхиж боломгүй өнцөг бас бий. Б.Жавхлан банкны салбар дотроос Э.Долгион, А.Амундра хоёртой ил далд ажилласаар ирсэн гэдэг. Үүнийг батлах мэт “Bloomberg TV Mongolia” телевизийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын мэдээ сонины эрхлэгчээр ажиллаж байсан Э.Долгион Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр очсоны дараахнаас Худалдаа хөгжлийн банкны оролцоотой бүтээн байгуулалтууд хураагдаж, шалгагдан аль муугаа үзэж байгаа. А.Амундрагийн хувьд Бодь, Алтан тариа группүүдийн хамтран босгосон Монгол Масс Медиа группийн захирал, Бодь интернэшнл компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн. Гэтэл одоо Бодь интернэшнл компанийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан төмөр замын асуудлаар Д.Баясгаланд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа нь Э.Долгион TDB-гийн эсрэг ажилладаг болсон гэх хардлага шиг адилхан хардлагыг үүсгэв.
Тэрчлэн энэ хардлага дундуур Э.Долгионы төрсөн дүү Э.Дөлгөөн нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Гадаад бодлогын зөвлөхөөр, А.Амундра Олон нийт, PR-ийн нь зөвлөхөөр ажиллаж байсан гэдгийг саначихад буруутахгүй л байх.
Ямартаа ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-ын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх төмөр замын хэргийг шалгахыг холбогдох байгууллагуудад өгч, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа шинэ төмөр замын ажлыг шалгах шийдвэр гарган Тагнуулын байгууллагад хандаж, холбогдох хэсгүүдийг нууцаас гаргах хүсэлт тавьж байсан нь энэ цагт ажил хэрэг болж буй нь энэ бололтой. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч ҮАБЗ-ийн дэргэд “Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар” гэх сонин нэрт нэгжирхүү юм байгуулангаа төмөр замын төслүүдийн бүх худалдан авалт, санхүүг нууцын зэрэглэлд оруулчихсан нь хэл ам таталж байв. Улмаар “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг Аж үйлдвэрийн гавьяат, Голомтын Д.Баясгаланг гавьяат эдийн засагч болгон түмний чихийг дэлдийлгэж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тавантолгой төмөр зам” компанийн 66 хувийг эзэмшдэг. Энэ хүрээнд төмөр замын төсөлд хөрөнгө оруулахдаа “Бодь интернэшнл”-тэй хэлцэл хийж нүүрсээ бартердсан. Хувийн хэвшил эхэлж хөрөнгөө гаргана, төмөр замаа барина. Монголын Төр хэзээ ч дэд бүтцээ шийддэггүй, үргэлж хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлж ирдэг жишиг энд мөн л давтагдсан. Бэлэн болсон төмөр замыг ТӨР хүлээж аваад нүүрсээ борлуулсны дараа төмөр зам барихад гарсан зардлыг төлж өрөө дарна. Энэ хэлцэл 2019 онд хийгдсэн. Тухайн үед Бодь Интернэшнлийн гүйцэтгэх захирлаар А.Амундра ажиллаж байж.
Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дуусан, хэлэлцээрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээр төлбөрөө төлж эхэлсэн.
Төр ийнхүү хувийн хэвшилд гаргасан зардлыг нь төлөх хугацаа болмогц гэнэтхэн Эрдэнэс Тавантолгой компани 5-7 жилийн нүүрсээ урьдчилаад зараад идчихсэн, улсад валют орж ирэхээ больсон гэх мессэж таран гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь “Үгүй шүү дээ, бүх зүйл хэвийн” гэж хичнээн мянгантаа орилоод нэмэр бололгүй “хөөгдчихөөд” байгаа.
Онц байдал тогтоосон ЭрдэнэсТавантолгойд одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийн “хүү” ажиллаж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт Онц байдал тогтоогоод 49хувийг хурааж авдагтай яг адилхан харагдаад байгаа юм.
Учир нь үл ойлгогдох эл бужигнааны үр дүнд нүүрсний экспорт буурч эдийн засаг уруудах нь тодорхой болсон. Эдийн засгийн уруудалт бүрт Сангийн сайд Б.Жавхлан чичлэгдэх тул буруутан хайж, хамгийн түрүүнд Д.Баясгаланг нэрлээд байгаа нь энэ юм байх.
Үгүйсгэх ч аргагүй…
Банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоож, дараа дараагийн Ерөнхий сайдын суудал цээжинд нь багтах болсон гэгдэх Б.Жавхланд толгой банкуудын нэг Голомт савалж л байвал сайхан санагдах нь зүйн хэрэг биз.
Толгой банкууд тунан доройтоход Б.Жавхлан яагаад баясах учрыг тайлах баримт фактуудыг https://ergelt.mn/news/22/single/15117 сайт хангалттай бичсэн байх бөгөөд тус сайтад дурьдагдаагүй илүү ноцтой мэдээллүүдийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо