Засгаас Б.Жавхлан, Хотоос Д.Сумъяабазарыг явуулах цаг болж!!!

Засгаасаа шүд сугал, Л.Оюун-Эрдэнэ ээ. Хотын хойморт суусан Д.Сумъяабазараас ч үр дүн хүлээлтгүй тул даруй явуулах хэрэгтэй болж. Энэ байдлаараа ирэх 2024 оны сонгууль эрх баригчдад ихээхэн зардал чирэгдэлтэй л харагдаж байна.

Ахиухан цас орсон өнгөрөгч баасан гарагт Хотын дарга, Хот хариуцсан сайд нар нусаа хацартаа нааж нийслэл даяар тэг зогсолт хийв. Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болсноор Улаанбаатар хотод ямар ахиц дэвшил гарсан бэ?! Цар тахлын үед эргэж буцсан шийдвэр бүр нь иргэдийг бухимдуулж, хохироож, аж ахуй нэгжүүдийг чирэгдүүлсэн.

Утаагүй байсан Улаанбаатар өтгөн мананд дарагдах боллоо.

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлж байгаа бөгөөд энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг. Энэ байдал үргэлжилж 2025 онтой золговол 24 их наяд болох тооцоо судалгааг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар танилцуулчихаад байхад Д.Сумъяабазар гээч нөхрийг эвийлж, эрхлүүлсээр суух уу…

Авто замын түгжрэл гэхээр шилжин суурьшилт, авто машины тоон үзүүлэлт ярьж тооны машин барихаас өөрөөр гарц шийдэл Д.Сумъяабазарт байхгүй гэдгийг хэдэн жил харах ёстой вэ. Түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөг ч хаачсан нь тодорхойгүй бөгөөд энэ талаараа нүүр бардам тайлан тавчихаж чадахгүй л сууна.

Мөнгө асуухаар нийтийн тээврийн шинэчлэл ярьсаар байх хэдий ч өмнөх даргын тендэрийн маргаантай хэдэн автобуснаас өөр орж ирсэн гэх сэг ч алга.

Одоо тэрбээр авто машины серийн дугаараар хязгаарлах албадлагын шинжтэй арга ярихаас өөрөөр сэтгэхээ болилоо. Хоёроос гурван автомашинтай дарга нарын гэр бүлд үүн шиг амар сайхан шийдвэр үгүй биз… Харин энэ нь нийтийн тээврээ хөлдөж үхтэл хүлээдэг, арай чүү ирлээ гэхэд ар өврийн хаалгаар чихэлдээд ч багтдаггүй, хүртээмжгүй хотын иргэдэд мал бол махлаад идэхсэн гэх унтууцлыг нь дээд цэгт хүргэх хамгийн дорой буурай арга.

Үүнээс өөрийг шийдэх, сэтгэх чадваргүй юм бол Д.Сумъяабазар гээч нөхрийн хотыг удирдах цагийн зүү нь зогсч буй юм байна. Түүнийг явуул. Нийслэлчүүд түүнийг гурван жил хүлээж, гурван жил тэжээлээ. Барилдахаасаа таахалзах нь их Д.Сумъяабазарыг огцруулъя.

УИХ-ын гишүүн байхдаа ч цагаа бүртгүүлж, цалингаа авахаас өөрөөр нийтийн эрх ашгийн төлөө батлуулсан хууль, тогтоол, шийдвэр түүнд бий юү. Нийтийн эрх ашгийн төлөө хийсэн ажил, санаачилсан зүйлгүй түүний хувьцааг нь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк л Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгөнөөс эхлээд нийслэлийн татвар төлөгчдийн төлбөр мөнгийг “эргэлдүүлэн” цус сэлбэж буйгаас өөрөөр нэрлэх ажил түй ч үгүй байх. Тиймээс хотоос Д.Сумъяабазарыг зайлуулахгүй бол айсуй сонгуульд нийслэл даяар ялагдал хүлээх гашуун үнэн ойрхон байна.

Харин Засгийн газраас Сангийн сайд гэх Б.Жавхлангаа сугалж, танхимаа цэвэрлэж ав. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах Гүйцэтгэх засаглалын тэргүүний мөрөөдлийг Б.Жавхлан үлдэцгүй баллуурдсан бөгөөд балаг нь Монгол модоо барихад хүргэлээ.

Яг энэ өнгөөрөө он гаргавал Монгол Улс дефолт зарлана гэдгийг тоо гадарлах бүхэн мэдэж байгаа. Ганц үгүйсгэж, суудлаа тэврэн орилж буй хүн нь Сангийн сайд Б.Жавхлан.

Хөгжлийн банкны найдваргүй зээл нэрээр аж үйлдвэрийн төслүүдийг зогсоож, идсэн тогоо руугаа нулиман нулиман сагаж яваа түүнээс болж Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх гадна, дотны зүрхтэн гарч ирэхээ больсон. Уг нь энэ улсад хиймээр, барьж аваад зүтгэчихмээр түмэн ажил, буман санаа байвч бүгд Б.Жавхлангаас айж хөрөнгө оруулан хөдлөхөөс зүрхшээх болов.

Ибаримт уншуулдаг иргэдээ ӨЛӨН хэмээн даапаалах тэнэг түүнээс өөр үгүй биз…

Гадна дотны хөрөнгө оруулагчид байтугай банкны салбарынхан нь Б.Жавхлангаас жийрхэж байна. Тэрбээр салбарынхныхаа үйлийг үзэж үстэй толгойг зулгааж яваа гэх бөгөөд хамгийн сүүлд “Голомт”-ын Д.Баясгаланд төмөр замын төслөөр нь эрүүгийн хэрэг үүсгүүлээд амжсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нараар өвч “хуяглагдсан”, нэмээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй аав талаараа төрлийн хэлхээтэй гэгдэх тэрбээр томоохон банкуудын хүчийг сулруулж, замаасаа зайлуулах туйлын хүсэлд тачаадан зовж яваа гэдгийг намын Удирдах зөвлөлийн хүрээнд ярих болж.

Тиймээс түүний ээлжит бай нь ГОЛОМТ гэлцэж буйг анзааралгүй орхиж болохгүй бөгөөд Д.Баясгаланд үүсгүүлсэн гэх эрүүгийн хэргийн учир шалтгааныг тодруулаад үзэхэд гэмгүй л юм.

Ямартай ч тэр өдгөө банкны салбарт хаан заан мэт аяглаж буй нь үнэн. Сангийн сайдын багцад арилжааны банкууд аж ахуй нэгжүүдэд зээл олговол хүүгийн зөрүүг суллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Гэхдээ энэ мөнгийг банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд шударгаар олгоно гэдэг юу л бол хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хэлж байсан. Факт түүнд бий.

Тэрчлэн Б.Жавхлангийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан Мөнхбаяр Хөгжлийн банкны Зээл хариуцсан захирлаар, ойрын хамааралтай этгээд Уянга нь байгууллагын Зээл санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан байхад түүнд өдгөө Сангийн яам хариуцуулан суулгаж байгаа нь асар том факт юм. Түүнчлэн Хөгжлийн банкны хэргийг онц их хэмжээний мөнгөн дүнтэй эрүүгийн хэрэг гэж үзэж буй бол 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт, өөрчлөлт санаачлан оруулаад, банкны удирдлагуудад 5 тэрбум төгрөг олгох эрх олгуулсан Б.Жавхлан тэргүүтэн яллагдагчаар татагдан шалгуулбал шударга юм.

Учир нь Хөгжлийн банкны удирдлагуудад 5 тэрбумыг олгуулах эрх өгснөөр жижиг зээлүүд цуварч Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон нь гуйвшгүй үнэн агаад энэ нь түүнийг Засгийн газраас сугалан шалгуулах хангалттай үндэслэл болж чадна.

Сангийн сайдын эхнэрийн хамаарал бүхий Чингис хаан банкинд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болсон. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан бөгөөд нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийг “Жет финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа авсан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өөрөө “Дүү маань “Жэт финанс“ ББСБ-д оролцоотой байсан нь үнэн, гэхдээ 900 сая төгрөгийн зээл авч төлсөн” гэсэн нь ч хангалттай факт.

Тэгэхээр иргэдээ өлөн хэмээн доромжилсон үйлдлээ ирэх оны төсвийн төсөл дээр нойр хоолгүй ажилласантайгаа холбон тайлбарлаж суусан энэ увайгүй эрийг Сангийн сайдын суудалд бат бөх бэхлэн хаацайлж буй нөхөр хэн бэ… Эцэг талаараа ах дүүс болон холбогддог гэх У.Хүрэлсүх түүний бүрэн дүүрэн ар тал, хамгаалалт уу…

Тийм биш бол ийм их онц ноцтой факттай нөхрийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд гэх халхавч дор авч үлдээд байхын учир юу вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Үргэлжлэл бий… (Б.Жавхлан Сангийн сайдаар ажиллах ёс зүйгүй хүн гэдгийг нотлох үндэслэлүүдийг баримт факттайгаар үргэлжлүүлэн хүргэнэ).

Орчуулах »
error: Content is protected !!