Амбиц өндөр ноёдын эрх мэдлээ тогтоох цугларалт болно

Ууган улс төрийн хүчин ирэх сарын 6-нд Бага хурлаа товлов. Өнгөрсөн жилийн өдийд XXX их хурлаа хуралдуулж, холбогдох тогтоолуудыг баталж байсан тэдний бага хурлын тов дуншиж дуншиж ийн товлогдлоо.

Тэд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан, Тэмүжин ханыг Чингис хаанаар өргөмжилж байсан түүхэн тооллыг билгэдэн 12.06 гэсэн өдрийг сонгов бололтой.

Түүхэнд 1240 оны энэ өдөр Монголын цэрэг Киевыг эзэлсэн ч гэж бий.

Сүүлд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улс төрийн жижиг намууд нэгдэж одоогийн АН-ыг байгуулж байв. Тиймээс тэд энэ өдрийг Ардчилсан намын өдөр гэж өмчирхөн тэмдэглэж ирсэн. 

Харамсалтай нь шинэ цагийн монголчуудад, тэр тусмаа увайгүй улстөрчдөд энэ тоо төдийлөн ээлээ үзүүлдэггүй. 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН VI их хурлаа товлон, морин цагт “Хонхны дуу”-гаар эхлүүлсэн ч эвлэх бус их бутарлын харанга болон буусан. АРДЧИЛСАН нэрт таван намын нэгдэл таван толгойт луугийн үлгэр болж, нам нь наймаалцал, хэрүүл зодооны үүр уурхай болон хувирч, хэзээ эвлэн босох нь тодорхойгүй болсныг бүгд харж байгаа. Магадгүй, соц дек-ууд энэ намаас явсан цагт нэг зүгт харж мэдэх л юм.

АН амилсан, бас амь тавьсан энэ өдрийг эрх баригчид сонгосон нь нэг талдаа маш бүдүүлэг, улстөрийн соёл гэж түй ч үгүй болсныг харуулж байгаа хэрэг. Нөгөө талдаа, энэ өдрийг сонгож санал болгосон нөхрийн дотор санаанд МАН-ын их хагарлын үүд ийнхүү нээгдэж байгаа юм шүү хэмээн хоржоонтойгоор сануулан илэрхийлсэн илэрхийлэл байж мэдэх.

Бага хурлаар хэлэлцэх асуудлын өнгө нь өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь удирдлагуудын тайлан, мөрийн  хөтөлбөрийн биелэлтийг сонсоно гэж буй ч үнэн чанартаа намын дотоод дахь бүлэг фракц, амбиц өндөр ноёдын эрх мэдлийн хана хэрмээ тогтоох цугларалт болно.

Жилийн өмнө хийсэн 30 дахь Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-оо танилцуулсан. Тэрбээр 1992 оноос хойш баталсан 800 орчим хуулийн заалт хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байсныг судлаачдын баг илрүүлсэн хэмээн зарлаж байв. Үүнээс хойш аль аль нь хийж гийгүүлсэн бодит үр дүнт ажлаар маруухан ч Төрийн ордны нэг коридорт чихцэлдэн сууж, дэвшүүлсэн хөтөлбөрүүд нь зөрчилдөх болсоор удлаа. Гэсэн ч тойргийн гаднах илүү олон, илүү хүчтэй нөхдөд зөрчилдөөнөө зууш болгон унагачихгүйн тулд нааш харан инээж, цааш харан заамдалцсаар явна.

Ер нь гүйцэтгэх засаглалын тэргүүний шошготой “Шинэ сэргэлтийн бодлого” нь эдийн засагт эерэг хүлээлт бий болгосон гэх ч эсрэг талдаа генсэкийнхээ барьж буй хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг тасар татсаар яваа нь үнэн. Үүнийг нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хэлсэн “МАН засагласан сүүлийн хоёр жилийн хугацаанд 200 гаруй хүн цагдан хоригдсон” гэх мэдээллээр нотолж болно.

Эдийн засгийг сэргээх хүнд, хөнгөн үйлдвэрийн зээлүүдийг Хөгжлийн банкны “луйврын” зээлүүдтэй хольж хутган заазалж, бүтээн байгуулалтуудыг төр нэрийн дор “тонон дээрэмдэж” буй нь үнэн. Бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар атлаа Авлигатай тэмцэх газрын чадвартай, чадваргүй нь үл мэдэгдэх ганц мөрдөгчийн дүгнэлтээр хувийн хэвшлүүдээ эргэж өндийх зай үлдээлгүйгээр “хороож” байгаагаа ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО хэмээн эндүүрч яваа Л.Оюун-Эрдэнэд Д.Амарбаясгалан “Төр нэг гараараа зөвшөөрөл өгч, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” хэмээн бухимдлаа дайсан.

Ийнхүү тэд аман дээрээ үгүй гэлцэх ч ачир дээрээ эрх мэдлийн богцоо дүүргэхээр тэмцэлдэж буй нь үнэн. Муу нуухаар сайн илчил гэгчээр ирэх бага хурлаас хойш ил цагаандаа гарах биз ээ.  

Д.Амарбаясгалан Төрийн ордонд ирэхдээ С.Амарсайханыг Ерөнхий сайд болгож, намын гал тогоог А.Ариунзаяад атгуулах, эс бөгөөс Засгийн газрын ч, намын тогоог ч давхар хийх мэх тээж ирсэн ч тэр чадсангүй. Түүний судалгаатай, суурьтай овжин нүүдлүүд мэдлэг мэдээллээр зэвэрч яваа бурхинуудад таалагдсангүй. Тиймээс барын зулзагыг бага дээр нь гэх кампанит ажил намын дотоодод өрнөж байна. Д.Амарбаясгалангийн хурдтай, зоримог шийдвэрүүд бусад бүлэг, фракциудыг айлгаж эхэлсэн нь үнэн.

Уг нь намаа сонгууль дараалуулан ялалтад хүргэсэн гавьяа түүнийх. Энэ амжилтууд нь шаггүй улстөрч болгож, энэ эрчээрээ явбал баргийн нөхөрт байраа тавихааргүй хашир бурхи болох нь гэх айдсыг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэнд өгсөн тул намын гал тогооноос гаргаж дэргэдээ авсныг улстөр судлаач хэн бүр гадарлах биз.

Чоно үүрэндээ өлзийтэй ч Д.Амарбаясгалан генсэкээрээ үлдэж чадсангүй.

Одоо тэр хүний эрх ярихаас өөр юуг ч өөрчилж, хийж чадахааргүй болж, захын таарсан нь чулуу аван шидэлж байна. Үүнийг АН-ын дэд дарга А.Цэрэнбатын “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр  Монгол Улсын нэр хүнд олон улсын түвшинд илт унаж, хүний эрхийн зөрчил улам бүр нэмэгдэн, хууль хүчний байгууллагууд илтэд эрх баригчдад үйлчилж байгаа бусармаг үйлдлийг таслан зогсоож, хүний эрхийн чиглэлээр нэгдсэн бодлоготой, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй” гээд хариуцлага тооцох албан тушаалтнуудын дунд Д.Амарбаясгаланг нэрлэсэн явдал батлах биз.

Энэ бол түүн рүү холоос бус ойроос чулуу шидэж байна гээд тааварлачихад алдахгүй л таамаг.

Бага хурлын дараа Л.Оюун-Эрдэнийг буулгах сценари зарим нөхдийн халаасанд бий ч сонгууль хаалга тогшоод хаяанд ирчихсэн байхад энэ нь амь дүйсэн алхам болох биз.

Ирэх оны төсөв хэлэлцэх нэрээр Их тэнгэрт байсхийгээд цугларч байсан намын удирдлагууд генсэкийн суудлыг Я.Содбаатарт өгч, Д.Амарбаясгалангийн эрх мэдэлд хазаар, ногт зүүх тохироонд хүрсэн гэж байгаа. Ингэхдээ энэ удаад Засгийн газраар оролдохгүй ч эдийн засгийн таагүй байдал улам даамжирч дефольт зарлахдаа хүрвэл Сангийн сайд Б.Жавхлангаар туг тахина хэмээн тохирч.

Б.Жавхланг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр зогсохгүй Арьс ширний үйлдвэрт ч хорхойсон тэмүүлж байна хэмээн буруутгаад, “эдийн засгийн хүндрэлээс гарах шийдлийг олж чадаагүй” гэх зэмээр сценари бичин огцруулах аж.

Тиймээс эрх баригчид эвдрэлцлийн эхлэл болог хэмээн 12.06 гэх тоог сонгон бага хурлаа зарласан ч байж мэдэх юм.

Орчуулах »
error: Content is protected !!