Ган байтугай гурил ч үйлдвэрлэж чадахгүй чинь үнэн, Б.Жавхлаан!!!

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт сүр бараатай очиж, концессийн гэрээг цуцлан төр мэдэлдээ авлаа хэмээн тунхаглаж байсны учир тайлагдах нь.

Концесс гэдэг эрх шилжүүлэх төдий ойлголт болохоос биш өмчлөгч өөрчлөгдөнө, тэрний энэний өмч болно гэсэн үг биш юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр анхнаасаа л улсын мэдэлд байсан бөгөөд одоо ч улсын мэдэлд хэвээрээ байгаа. Энд гэрээгээр үүрэг хүлээн ажиллаж байсан хувийн хэвшил л хохирно уу гэхээс Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ нарын попроод байгаа шиг төр, улс хохироод байх юм огтоос байхгүй.

“Кью Эс Си” ХХК тус үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах үүргийг концессийн гэрээгээр хүлээн ажиллаж байсан төдий болохоос аваад завшчихсан юм ер биш. Гэтэл мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохрын үлгэр болж Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар концессийн гэрээг АТГ-ын учир ухааныг нь ч гүйцэд ойлгохгүй шахам ганц мөрдөгчийн бичсэн хоёр мөр өгүүлбэрт үндэслэн цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа хэмээн шоудаад хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Угаасаа төрийн мэдэлд байгаа үйлдвэр дээр энэ үг нь илүүц байв.

Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. 

Хагас жилийн хугацаанд гурван ч дарга солигдож, тэр бүрт халаа сэлгээ хийгдлээ. Эхлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Цэнгэлийг үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаад удалгүй түүний дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг “жинхлүүлэн” томилов. А.Ариунболдыг УИХ-ын дарга Г.Занданшатарын шошготой явдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Албан тушаал ахих бүртээ “Би спикерийн хүн шүү” гэх нэрийн хуудас барьж явдаг гэх марзаганал хүртэл бий болчихсон нь үнэн.

Ямартаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй томилогдон нам доторх бүлэг фракциудын уурыг барж байхав. Гэвч хэлтэй амтай суусан эл суудалдаа төдий удалгүй Хэмнэлтийн хуульд өртөн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжихийн даваанд дахиад л Г.Занданшатарын “татаас” орж ирэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт илгээгдсэнийг бүгд мэднэ.

Харамсалтай нь, хуулийн сургууль дүүргэснээс өөр туршлагагүйн балгаар үйлдвэрийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг хомроглон халж, үүний улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа доголдон тэг зогсолт хийхдээ хүрсэн. Энэ алдаа нь Л.Оюун-Эрдэнэд өгөөш болж Төлөөлөн удирдах зөвлөлөөс А.Ариунболдыг чөлөөлөн Г.Дугаржав гээч нөхрийг томилчихоод байгаа.

Түүнийг Н.Энхбаярын бөөрөнд хувалз шиг шигж яваад унах үед нь өөд уруугүй дэвслэн мэддэг бүхий л мэдээллээ эсрэг талд нь гаргаж өгсөөр энэ хүрсэн увайгүй эр гэлцдэг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ийнхүү төрд очсон гэхээсээ илүү цаг зуурын хэдэн улстөрчийн цүнх баригчдад шилжин, нөгөөдүүл нь яслийн тоглоом асгачихсан нусгайнууд шиг дарвалзаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хүртэл Ж.Урнаа гэх нөхрийг Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн даргаар шургуулчихаад байгаа. Ж.Урнаа уг нь 2016 оныг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад Б.Жавхланг УИХ-ын гишүүн болсны дараа “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын дарга болсон байдаг. Улмаар концессийн гэрээ цуцлагдсаны дараа Сангийн сайдын холын “мөрөөдлийг” гүйцээхээр буцан ирсэн аж. Тэрчлэн Сангийн сайдын ангийн охид ч төмөрлөгийн үйлдвэрт “бялхалзаж” байна.

Тэрбайтугай УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын гэх нөхөд ч үйлдвэрээс “хооллодог” гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайлбал, үйлдвэрийн Уул уурхайн хэлтсийн дарга Г.Хишигбаяр, Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяа нарыг нэрлэж байна. Тэднээр тогтохгүй түмэн олонд гэгээн эцэг мэт дүр бүтээж яваа Засаг дарга Э.Азжаргал хүртэл Г.Эрдэнэсүх гэж нөхрийг Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар “чихчихсэн” байгаа нь эмгэнэл юм.

Б.Жавхлан, Г.Дамдинням хоёр Дархан-Уул аймгаас сонгогдсон. Тиймээс 2024 оны сонгуулийн гол пиараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн хийхээр бэлтгэж байгаа гэдгийг ойрын нь эх сурвалжаас өгч байна. Муу л бол хойд зүгийн хар овоохой болсон хувийн хэвшлийнхнээ дэвсэлж, ““Кью Эс Си” гэж компани юу ч үгүй болгон сүйрүүлж байхад нь бид авлаа. Одоо дарханчууд та нарыгаа ажилтай, орлоготой болгоно шүү дээ” гэж зохиомжлоод дахин санал цуглуулах юм байх. Яг ийм сценари зурж өвөртөлсөн Б.Жавхлан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр чинь яс, цус сүлэлдсэн ах дүүс” хэмээн нам дотроо сүрийг үзүүлж, сүргийн манлай болчихсон мэт аархаж яваа бөгөөд энэ саваагүйтлийг нь Ч.Хүрэлбаатар нарын хашир улстөрчид ашиглан, мань эрээр чавх хийн тэрийг ч, энийг ч няслуулан тоглож байгаа гэнэ.

Харамсалтай нь, улстөрчдийн өнөө маргаашаа харсан жижиг тоглолтын балгаар монголчуудын мөрөөдөл болсон гангийн үйлдвэр балгас болон үлдэх эмгэнэл дэргэд байна.

Уул уурхайн металлургийн цогцолбор барих төсөлд өндөр үүрэгтэй оролцож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж байсан “Кью Эс Си” ХХК-ийн концессийн гэрээг улс төрийн шалтгаанаар, тэр дундаа Сангийн сайд Б.Жавхлангийн тойрогтоо хийх жижиг тоглолт, цаашлаад халаасандаа багтаах “бохир хүсэл”-д нийцүүлэн цуцалсан гээд хардчихад хол зөрөхгүй болов уу.

2014 оноос хойш гэрээ цуцлагдах хүртэл “Кью Эс Си” ХХК нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байгааг аль ч түвшний албан мэдээнээс харж болно.

Тус компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн 30 гаруй дэд төсөл хэрэгжүүлж байсны дотор дэд бүтцүүд ч багтаж байв.

Уг нь аж үйлдвэрийн төслийг төрөөс дэмжиж ядаж л дэд бүтцийг нь шийдэж өгдөг боловч концессийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэмээгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр тойрсон дэд бүтэц дээр Монголын төр хуруугаа ч хөдөлгөөгүй.

“Кью Эс Си” ч олон юм ярьж гоншигнолгүй эрчим хүчээ шийдэж, төмөр замаа татаад байв.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Хандгайт өртөө” гэх газарт төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам гурав огтлолцдог. Эл гурван том дэд бүтцийг “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессийн гэрээний хүрээнд “Кью Эс Си” компани хийж гүйцэтгэснийг захын чавганц мэдэх юм. Эдгээр дэд бүтцүүд нь Хүдэр суманд байрлах “Төмөртэй уурхай”-г эдийн засгийн эргэлтэд оруулахад маш чухал суурь болж байгаа.

Тэрчлэн уурхайг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох Дулаанханы дөрвөн замын уулзвар-Ерөө сум-Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын ажлыг “Кью Эс Си” нь концессийн гэрээгээр буюу компанийн өөрийн хөрөнгөөр (95 тэрбум төгрөг) барьж хүлээлгэн өгсөн.

Энэ хооронд компанийн зүгээс цахилгаан станц барих саналыг удаа дараа гаргасан ч төрөөс хариу сонсч чадалгүй байсаар мөн өөрийн хөрөнгөөр барив. Гангийн үйлдвэр барих газрын нь асуудлыг ч төрөөс шийдэж өгөлгүй байсаар дөнгөж өнгөрсөн жил дутуу хагас зөвшөөрөл өгмөгцөө нөгөө гараараа концессийн гэрээг цуцалчихаж байгаа юм.

Ямар эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй үйлдэл гээч вэ… Монголын төр ийм увайгүй, ой гутам байж болох уу?!

“Кью Эс Си” компанийн хувьд концессийн гэрээгээ хэрэгжүүлэхийн тулд дэд бүтэц болох эрчим хүч, төмөр зам хэрэгтэй гээд гоншигносонгүй, цар тахал, бараа материалын хомсдол, валютын ханшийн савалгаа зэрэг давагдашгүй хүчин зүйлүүд тулгарлаа гэж уйлан дуугарсангүй. Тэд дуугүй л шаардагдах дэд бүтцүүдийг босгож, төмөр зам барихын тулд Хөгжлийн банкнаас авсан байсан төлбөр мөнгөө төлөөд барагдуулчихлаа.

Гэтэл төрийн зүгээс эрчим хүч, газрын нь асуудлыг шийдэж өгөлгүй алдагдуулсан цаг хугацаагаа, дэлхий нийтээр тулгарсан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг тооцож өгөлгүйгээр концессийн гэрээг дангаар цуцална гэдэг хэрхэвч ойлгож, хүлээн зөвшөөрч болшгүй тэнэглэл…

Тэнэгээ урдаа бариад цуцаллаа гэхэд өдийг хүртэл гаргасан хувийн хэвшлийн зардлыг яагаад буцаан олгохгүй байгаа юм. Төмөр зам, эрчим хүч, хатуу хучилттай замаас өгсүүлээд дагалдах үйлдвэрүүдийн бүтээн босголтод хувиасаа зарцуулсан бүх төлбөрийг өгөх ёстой биш үү, Б.Жавхлан сайд гуай!!!

Одоо төслийг урагшлуулахад багадаа нэг их наяд төгрөг шаардлагатай.

Монголын төрд гангийн үйлдвэрээ босгох ийм хэмжээний хөрөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж хэдий хүртэл худал ярьж шоудах гээ вэ, Б.Жавхлаан…

Дотоодын хөрөнгө оруулагчдаа шорон гяндангаар айлган сүрдүүлж, хүчний байгууллагаар далайлган сөхрүүлж байгаа энэ цагт гадны хөрөнгө оруулагчид инээд алдсаар ороод ирнэ гэж итгэсээр, мунхагласаар суух уу.

Гадаад өрийн хэмжээ чинь аюулын харанга дэлдэж, өрийн тааз тэнгэрт тулчихсан байхад Засгийн газар Гангийн үйлдвэрээ өөрсдөө босгочихно гэж худал мөөрөлдөхөө болих хэрэгтэй!!!

Нүдэнд орсон хог, шүдэнд шигсэн мах шиг ад үзэж буй хэдэн үндэсний хөрөнгөтнүүдээс чинь өөр хэн ч энэ үед та нөхдөд тус дэм болохгүй. Гадна дотно, хол ойроос Монгол төр бус, муу нэрт луу данст хувийн хэвшлүүд чинь л мөнгө босгож ирнэ. Хатуу бөгөөд гашуун үнэн энэ!!!

Тиймээс “Кью Эс Си”-тэй хэлэлцээрийн ширээний ард дахин суух, үгүй гэвэл энэ хүртэл гаргасан ширхэг зоосыг ч буцаан өгөх нь зүй ёсны явдал.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төр нэрийн дор Сангийн сайд Б.Жавхланд очсоноор концессоор хийгдэх ажил урагшлах биш зогсоод удлаа. Төрийн гэсэн болгонд хулгай нүүрлэдэг жишгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр эргээд босохооргүй өм цөм идэгдэж байгааг аудит оруулаад харчих.

Би босгоно, би нэг их наядыг олж ирээд дарханчуудаа ажлын байраар хангаж, ашиг орлогыг нь өсгөнө гэж далийрах Б.Жавхлангаас энэ үйлдвэрийг салгаж авахгүй бол Ган байтугай гурил ч үйлдвэрлэх чадалгүй балгас болон үлдэх гашуун үнэн ойрхон байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!