Ерөнхий сайдын тэнэглэл МИАТ-ийн мэдэгдлээр хаацайлагдах уу?!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчлалын уулзалт хэлэлцээ амжилттай болсон. Цаашид манай талаас ам ажлын зөрүү гаргахгүй бол чамлахааргүй үр дүнтэй айлчлал болсон гэхэд болно.

Одоо харин айлчлалд мордох үеийн уйлаан дуулиан руу эргээд оръё.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг нараар үдүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Хэмнэлтийн хуулийн хүрээнд зорчиж, улс орноо бодож байгаа нэрийн дор иргэдээ чирч, эдийн засгийн хүндрэлтэй үед цаг, мөнгө, төлөвлөж тооцоолсон ажил албыг нь үрэгдүүлэв.

Монгол Улс хэдий ядуу буурай орон ч гэлээ Ерөнхий сайд нарын үе үеийн түүхэн айлчлалын үед хэзээ ч ийм тэнэглэл, дур зоргоороо авирласан явдал гаргаж байсангүй.

Ихэнх зорчигч УБ-Франкфурт тийзтэй байсан ч Берлинд газардан нааш цааш дамжин Л.Оюун-Эрдэнийн харалган шийдвэрийн балгийг үүрэв.

Гадаад харилцааны тухай хуулийн 3.1.4-т “дээд түвшний айлчлал” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын гадаад улсад хийх айлчлал болон гадаад улсын Ерөнхийлөгч, парламентын дарга, Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалыг ойлгоно гэж бий.

Дээд түвшний уулзалт эртнээс төлөвлөгдөж, бүх зүйл бэлэн болсон байх учиртай.

Тэр байтугай Монгол Улсын төрийн дээд, өндөр түвшний айлчлалын удирдамж, төлөвлөгөө, хэлэлцэх асуудал, илэрхийлэх байр суурь, оролцох бүрэлдэхүүний талаарх саналыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулдаг.

Явах суух, ярих хэлэх нь эртнээс ийнхүү бэлтгэгддэг байтал Хэмнэлтийн хуулийн хүрээнд тусгай үүргийн онгоц гаргалгүйгээр иргэдтэйгээ зорчсон гэх тайлбарыг МИАТ-ээс өгүүлсэн төдийхнөөр 200 гаруй иргэний эрх ашгийг хөсөрдүүлсэн тэнэглэлийг цагаатгах боломжгүй.

Агаарын тээвэр тоглоом биш.

Хэдхэн зорчигчдод имэйл илгээгээд шийдэгдчихдэг эцэг эхийн хурал биш, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Нислэгийн цаг, чиглэлийг Монголын Иргэний агаарын тээвэр ганцаараа ч яриад шийдчихдэг юм биш…

Ийм бүдүүлэг, ийм даажаантай нөхөр Харвардын их сургуулийг үнэхээр төгссөн үү гэх эргэлзээ энэ мөчид яалт ч үгүй дахин төрж байна. Балин ханхлуулсан өвөөгийнхөө өвөр дээр тоглож өссөн гэх Л.Оюун-Эрдэнийн сургалтын төлбөрийг хэн, хэрхэн төлсөн байдаг юм бол?!

Харвардын их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцсан оюутнуудын нэрсийн жагсаалтад түүний нэр байдаггүй. Тэгэхээр сумын уурын зууханд нүүрс нэмж зогссон халаас хоосон залуу дэлхийн нэр хүндтэй, өртөг өндөр сургуулийг хэрхэн, хэний зардлаар дүүргэв… Энэ бол гарцаагүй хариулт нэхэх, олох АСУУЛТ мөн.

Тэрчлэн хугархай тэвнэ ч зарж үзээгүй энэ нөхрийн гартаа зүүсэн 23 мянган ам.долларын үнэтэй цаг ч Авлигатай тэмцэх газраас анхаарлаа хандуулах цэг мөнөөс мөн… Тэр ийм хэмжээний өртөгтэй цагийг бэлгэнд авсан бол улсад тушаах, өөрөө худалдаж авсан бол орлогын эх үүсвэр мэдүүлэх учиртай Төрийн албан хаагч!!!

Тэгэхээр хувьдаа ч, хувьсгалдаа ч барьц шийдэлгүй, бүдүүлэг харанхуй нөхөр Монгол Төрөөр хэдий хүртэл наадаж, дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэх гэсэн юм бол…

Түүний тансагхан тэнэглэлд цэг тавих цаг болж…

Үргэлжлэл бий… (Түүний Харвард төгссөнтэй холбогдох мэдээлэл болон хөрөнгө орлогын өсөлтийн талаарх баримтат мэдээллийг дараагийн дугаарт хүргэнэ)

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!