Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд хамтарсан ажлын хэсэг байгуулна

2022-10-17
1 min read

Монгол Улсын Засгийн газар  2021 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр, 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тэмдэглэл гаргасан. Уг тэмдэглэлд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцоход шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан юм. Үүний биелэлттэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны удирдлагууд,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум”-ын гишүүд оролцов. Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу 18 нас хүртэлх байнгын асаргаа шаарддаг хүүхдийн эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрөөс төлөх тухай хуулийн төсөл боловсруулж буйг яамдын удирдлагууд танилцууллаа.

Уулзалтад оролцсон төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг хөндөв. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 5900 хүүхэд сурч, боловсорч байна. Тэдний 3000 гаруй нь энгийн сургуульд сурдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг  сайтар бэлтгэх шаардлагатай байгааг хөндлөө. Боловсрол Шинжлэх Ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “Орчин үеийн техник технологи бүхий апплейкшн, тоног төхөөрөмжөөр дамжуулж хүүхдүүдийн сурах эрхийг хангах олон ажил хийж  байгаа” гэсэн юм. Тухайлбал, дохионы хэлний виртуал орчуулагч зохион бүтээснийг боловсролын салбарт ашиглахаар ажиллаж байна. Мөн энгийн сургуулийн 45 багшийг дохионы хэлээр сургасан бөгөөд тэд сургагч багшаар ажиллаж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хорооны үндэсний зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч М.Баясгалан дөрвөн хүсэлт гаргав.  Нэгдүгээрт, хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах. Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь удирдлагагүй удаж байгааг засах. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн мөнгийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны дэмжлэг олгохыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Д.Амарбаясгалан “Засгийн газар анх удаа дэргэдээ Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсан нь нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана” гэв. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд ороход саад бэрхшээл үүсгэхээргүй орчин нөхцөл бий болгохыг нэн тэргүүнд эрэмбэлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдсэн байдлаар дуу хоолойгоо хүргэж, саналаа илэрхийлэх нь чухал байгааг дурдав. Тиймээс өмнө нь ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажлын хэсгүүдийг цэгцлэж,  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоодыг нэгтгэсэн шинэ ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Орчуулах »
error: Content is protected !!