Мэргэшсэн шантаажчдыг цэвэрлээд урагшил, Д.Амарбаясгалаан!!!

Шинээр боомт нээнэ гэхээр нээлгэхгүй, боомт болоод уул уурхай дагасан шороон замуудыг хучъя гэхээр хучуулдаггүй, усан цахилгаан станц барья гээд бариулдаггүй нөхдөд хариуцлага тооцож, ял оногдуулья. Улстөрийн санаа сэдэл агуулсан хэн нэгний бамбай, гар хөл болчихоод улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд чөдөр тушаа болж буй орон нутгийн иргэдийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг цаг нэгэнт болж.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг бэхжүүлэх, 14 боомт шинээр нээх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шавдаж буй өнөөдрийн байдлаар Цагаан дэлийн боомт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцынхаа ажлын эхлэлийг тавьчихаж чадалгүй хэдэн малчдын, тэдний ар дахь бүлэг шантаажчдын аманд багтаж байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээ байгуулагдаад 3 жил гаруй болсон.

Боомтыг хоёр улсын жишиг боомт болгохоор харилцан ижил түвшинд төлөвлөж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгаас 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг зөвхөн бүтээн байгуулалтад өгөхөөр шийдвэрлэж байв. Гэрээний дагуу Хятадын талаас 15сая ам.доллар өгсөн гэдэг ч тэр мөнгийг хэн хүлээж авсан, ямар замаар орсон болоод өдий хүртэл боомтын бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа вэ гэдэг учир битүүлэг хэвээр.

Ямартай ч Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдан замын зураг төсөл хэдийнэ хийгдсэн байх ч тэмцэгч нэрт хэдэн малчдын өмнө очоод таг…

Уг нь боомтыг ашиглалтад оруулсанаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Эрчим хүчний тухайд Монгол Улс эрчим хүч болоод шатахуунаар ОХУ-аас хараат явсаар ирсэн. Тийм ч учраас хойд хөршид крант хаах төдийд Монголд хомсдол үүсч, бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг жишигтэй. Эрчим хүч ч ялгаагүй.

Тиймээс Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэр гарган мөн л БНХАУ-ын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлсэн.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол сэргээгдэх эрчим хүчний төрөл бөгөөд байгаль экологид хамгийн аюулгүй. Харин ч ээлтэй байдлаар эрчим хүч үйлдвэрлэх төсөл юм.

“Нутгийн иргэд” нэрийн дор эсэргүүцэгчдийн хэлж байгаачлан тусгаар тогтнолд сөргөлдөх юу ч байхгүй. Харин ч эсрэгээрээ эрчим хүчний хувьд гадны улс орнуудаас хараат бус байдлаар дотооддоо хангах боломж бүрдэх үүд хаалга болж байгаа.

Гэтэл Цагаан дэл боомт хүрэх автозамыг эсэргүүцэгчдийн нэгэн адил цөөн хэдэн хүний өнөө, маргаашаа харсан богино ухаан, болчимгүй тэмцлээс хугацаа алдаж байна.

Үнэндээ шинэ боомтууд, уул уурхай дагасан автозам, “Эгийн гол”, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудын төсөл удааширч байгаа нь газар нутгаа хамгаалж байгаа иргэд гэхээс илүүтэй гаднын санхүүжилттэй байж мэдэх хэсэг бүлэг этгээд, эсвэл тэртэй тэргүй хэрэгжих нь тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хуурамч тээг саад учруулан “мөнгө босгодог” мэргэшсэн шантаажчдын армитай болоо юу гэж харагддаг нь үнэн.

Нутгийн иргэдийн олонх дэмжиж, нөхөн олговор авах гэрээнд гарын үсгээ зурчихсан байхад гарын 10 хуруунд багтахтай үгүйтэй хэсэг иргэдийн эсэргүүцлийг Засгийн газар давж чадахгүй гацаж байна гэдэг эмгэнэл юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий” хэмээн хэлж байсан нь үүнийг батална.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт “Петро Матад” компани газрын тосны хайгуулын ажил хийж байхад “Босоо Хөх Монгол”, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан”, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Ард түмний штаб”, “Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг төрийн бус байгууллагууд нийлэн жагсаал цуглаан хийж эсэргүүцэж байсныг энд эргэн саная. Энэ эсэргүүцлийн талаар хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр тэмцэгч дүр эсгэсэн Төрийн бус байгууллагуудын санхүүжүүлэгч, захиалагч нь хил залгаа нефть олборлодог Хятадын компани байсан гэх яриа гараад намжсан.

Үнэндээ “иргэд” нэрийн дор жагсагчид Монголд олон.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын газар нутгийг хууль бус алт олборлогчид цөлмөж, газар нутгийг нь сүйтгэснийг бид мэднэ. Нутгийн иргэд нэрээр хэсэг нөхөр уул уурхайн компаниудын эсрэг малчдыг турхирч байх зуур хууль бус алт олборлогчид ар хударгаар нь алтыг авч авдрыг нь хаясан байдаг. Малчид хожим нь буух эзэн буцах хаягтай уул уурхайн компаниудыг эсэргүүцэж байхын оронд хууль бусаар олборлогчидтой тэмцээгүйдээ харамсаж уйлалдаад үлдсэн гашуун сургамж бий. 

Тэрчлэн одоогоос жилийн өмнө төв талбайд тээвэрчид Зам тээврийн сайд Л.Халтарын тушаалыг эсэргүүцэж жагсаж байсан ч удалгүй жагсаалын цаад эзэн нь “Страто” ХХК болох нь илэрч намжсан.

Үүнээс хамгийн том, дэргэд буй халуун жишээ нь УИХ-ын даргаа яаралтай огцор хэмээн төрийн түшээд талбайд гарч, дэмжсэн иргэдээс 11 хүн улс төрийн өлсгөлөн зарласан явдал.

Тэднийг төрийн ордноос Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын нөхөд эвийлэн аргадаж, өлсгөлөнгөө зогсоохыг ятган гүйлдэж байсны учрыг яг өнөөдрийн тавцангаас эргээд нэг харъя. Мань тавын нэгээс бусад нь Төрийн толгойд сууж байна. Тэгвэл тэр жагсаал, тэр өлсгөлөн нь “төрийн эрхийг хууль бусаар авах” арга зам байсан бол яахав?!… хардах, бодох л асуудал. Улс орны хөгжлийг, эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ хэмээн ноцон дайрч байсан нөхөд өнөөдөр өөрсдөө жинхэнэ утгаар нь хэвтүүлчихсэн байгаа нь ингэж хардах хангалттай үндэслэл болж чадах юм.

Жагсаал бүр эзэнтэй байдаг.

Гудамжнаас мэндэлсэн гэгддэг “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнүүдийн тэмцэл эцэстээ Төрийн ордонд нэг нэг өрөөтэй болсноор ажин түжин болсон.

Иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж, Оюутны холбоо гуталтай жагсаал өрнүүлж, Монголоо аврах хөдөлгөөн, “Утааны эсрэг ээж, аавууд” группийн удирдагчид ч албан тушаалд сандайлаад сураг алдарсан.

 “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” Монголын 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлана хэмээн сүрдүүлээд эцэстээ алга болсныг бүгд мэднэ.

Г.Баасан хатагтай “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” гэсээр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг ахлаад дашийн шог…

Тэгэхээр жагсаж цугладаг, тэмцэж өлсдөг худал хийрхлүүдэд цэг тавиад өг, Д.Амарбаясгалан дарга аа!!!

Тэмцэл нэртэй жагсаалууд бүгд тодорхой сонирхлоор зохион байгууллагддаг, “малчин, орон нутгийн иргэд” нэрийн дор бусдын гар хөл, мөнгөний боол бологсдын арга улам нарийсч, шантааж хэлбэрт шилжлээ!!!

Тиймээс жагсаал нэрээр сүрийг үзүүлж, малчид нэрээр баг зүүсэн “мэргэшсэн” халтуурчдыг хомроглон баривчилж, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд санаатайгаар чөдөр тушаа үзүүлсэн үндэслэлээр ял зэм хүлээлгэе.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!