(ОУЦХБ)-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Бухарест хотноо болж байна

2022-10-01
1 min read

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Румын Улсын нийслэл Бухарест хотноо 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

 Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ITU-International Telecommunications Union) НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бөгөөд олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалтыг уялдуулах, мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулах, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын арга хэмжээг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг болно. Тус байгууллага нь 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй анх байгуулагдсан бөгөөд Монгол Улс нь 1964 онд тус байгууллагын гишүүнээр элссэн. 

ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн Их Хурал (Plenipotentiary Conference)-аас  тус байгууллагын Зөвлөл (Council)-ийн гишүүн 48 улс; Ерөнхий нарийн бичгийн дарга; Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч; ОУЦХБ-ын Хөгжлийн хороо (ITU-D); Радио Холбооны Хороо (ITU-R); Стандартчиллын Хорооны (ITU-TSB) дарга нарын 5 удирдах албан тушаалтан; Радио зохицуулалтын хороо (Radio Regulation Board-RRB)-ны 12 гишүүнийг тус байгууллагын 192 гишүүн улсын нууц санал хураалтаар сонгодог юм.

 Энэхүү Бүрэн эрхт Төлөөлөгчдийн 21-р их хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.

Орчуулах »
error: Content is protected !!