Д.Амарбаясгалан Засгийн газрын гал тогоонд юу амжуулах гэж ирсэн бэ?

Ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Д.Амарбаясгалан мөн үү. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын сэнтийд заларч, улмаар өөрийн хамаарал бүхий “Засаг Чандмань Майнз” компанид 162 тэрбум 869 сая төгрөгийн үнийн дүн бүхий концессын гэрээ олгосон гэгддэг Ж.Мөнхбатын замаар тэр орж ирлээ.

Нүүрсний бизнест тэр чигээрээ, эргэж гарахын эцэсгүйгээр хутгалдсан гэгддэг Д.Амарбаясгалан юу хийж, амжуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирэв?! Эрх баригч намын генсэкийн суудлыг ямар эрх ашиг, хэр хэмжээний хожоогоор сольж эл шийдвэрийг гаргасан юм бол… Олон олон асуулт дагуулсан түүнд холбогдох мэдээлэл, ашиг сонирхлын асар том фактуудыг бид цувралаар хүргэнэ.

Түүний талаархи баримтат мэдээллийг www.ergelt.mn сайт өнгөрсөн хугацаанд цувралаар хүргэж байв. Тэдний олж нийтэлж байсан дөрвөн том цуврал нийтлэлийг бид уншигчдадаа энэ удаад хүргээд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад холбогдох шинэ баримт фактыг үргэлжлүүлэн мэдээллэх болно.

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-I

Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэх гэж байна. Эхний дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тоогоо алдаж, толгой эргэм олон компани, тендер “хамсан” түүхүүдийг нь хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаад бид Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий 46 компанийн нэрийг танилцуулах болно.

11 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 1.9 ТЭРБУМЫН МАЛ

          МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан магад МАН-ын бүх цаг үеийн хамгийн баян нарийн бичгийн дарга байх. Уг нь тэр иргэдийн хуралд сууж байснаас их хуралд сууж байсангүй, намын ажил хийж явахыг нь харснаас наймаа арилжаа хийж явахыг нь харсангүй. Гэтэл тэр хэдийнэ МАН дотроо толгой цохих баян нь болжээ. Мал дагавал ам тосдохын үлгэрээр МАН-ыг дагавал ам тосддог аж. Д.Амарбаясгалан өдгөө 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний барилга, нэг үйлдвэр, нэг оффис, нэг ферм, хоёр авто зогсоолтой, 1400 хонь, 219 үхэр, 51 адуу буюу зах зээлийн ханшаар 1.9 тэрбум төгрөгийн малтай, 200 сая төгрөгийн соёлын болон түүхэн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан-Патрол” жийптэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 472 сая төгрөгийн авлагатай.

Түүнчлэн “Хөгжлийн орц” ТББ, “Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгийн зөвлөл” ТББ, “Төрөлх Алтай” ТББ, “Монголын өсвөрийн хөл бөмбөгийн холбоо” ТББ, “Тусгаар тогтнолын музей” ТББ, “Сургалт, судалгаа, пиар, мониторингийн стратеги академи” ТББ, “Алтайн малчдын холбоо” ТББ зэрэг аль нэг цагт УИХ-д нэр дэвших болбол тойргоо тойглох төрийн бус байгууллагуудтай. Харин компаниудаасаа гэр бүлийн эзэмшлийн буюу эгч, ах нартайгаа эзэмшдэг “Соёмбо принтинг” ХХК-иа өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй байлгадаг. Харин бусад буюу түүнд хамааралтай 40 гаруй компани тойрон хүрээлэгчдийнх нь нэр дээр бүртгэлтэй бий.

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АХ, ЭГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ЦЕХЭЭС “ЦЭЦЭГЛЭСЭН” БИЗНЕСҮҮД…

           МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн аав нь цагтаа Говь-Алтай аймгийн хоршооллын дарга, намын үүрийн дарга явсан. Гэхдээ энэ гэр бүлийн бизнес “Соёмбо принтинг” ХХК гэх хэвлэлийн үйлдвэрээс эхлэлтэй гэж болно. Тэгвэл өдгөө тэдэнд хамаарах компаниуд толгой эргэмээр олон болжээ. Д.Амарбаясгалан Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар гэх хоёр ахтай, Д.Амарзаяа гэх нэг эгчтэй. Тэр дөрөв өдгөө “Соёмбо принтинг” ХХК-иа хамт эзэмшдэг. Сонирхуулахад, ах дүү дөрөв улсын бүртгэлд эцгийнхээ нэрийг Дашзэгвэ, Дашзэвэг, Дашзэвгэ гэж гурван янзаар бүртгүүлдэг юм билээ. Бодвол, бизнесийн нэг төрлийн заль ч байж болох юм. Хүн тус бүрээр нь хөөвөл Д.Лувсандорж “Соёмбо принтинг” ХХК, “Авто ритет” ХХК, “Би Си Ти Эс Эс” ХХК, “Шинэ талст” гэх дөрөв, Д.Амгаланбаатар газар тариалангийн “Ширэвгэр энх” ХХК, “Тайшир-Өргөө” ХХК, “Хөдөө аж ахуйн лизинг” ХХК, “Монголын хөдөө аж ахуйн сэтгүүл”, “Борнуур агротехнологи” ХХК гэх тав, Д.Амарзаяа “Тунамал бодонч” ХХК, “Ти Эп Эл коммерсе” ХХК гэх хоёр компанитай байна. Тэдний эзэмшдэг дээрх 11 компаниас хамгийн том буюу ногоон гэрлээр “тендер цохидог” нь “Соёмбо принтинг” ХХК, мөн 2017, 2018 онд ЖДҮХС-аас 1.3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан нь батлагдаж, шуугиан тарьж байсан “Тайшир өргөө” ХХК, “Агротехнологи шижирт” ХХК-иуд. “Агро технологи шижирт” ХХК нь ЖДҮХС-аас 950 сая, “Тайшир өргөө” ХХК нь 375 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдсэн ч хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг.

ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД БА ТОЛГОЙ ЭРГЭМ ОЛОН КОМПАНИ

          Д.Амарбаясгалангийн гэр бүлийн компани ингээд дуусахгүй. Түүний ах Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, эгч Д.Амарзаяа нарынх нь 11 компани дээр нэмэгдээд эхнэр Д.Бямбасүрэн, хуулийн асуудлыг нь хариуцдаг Б.Эрдэнэжаргал, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцдаг Ц.Чулуунзагд, Э.Амаржаргал нарынх нь нэр дээр бүртгэлтэй Д.Амарбаясгалангийн өөрийнх нь компаниуд нэмэгдэнэ. Хэвлэлийн цех, мэдээллийн сайтаас эхлэлтэй Д.Амарбаясгалангийн бизнес уул уурхай, тээвэр, мэдээллийн технологи, хүнд машин, механизмын худалдаа, зар сурталчилгаа гээд салбар бүрд хүрч амжжээ.

Тухайлбал, Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь “Хас медиа групп” ХХК-ийг хувьдаа 10 гаруй компанитай З.Бадраа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэртэй хамт аялал жуулчлалын компани эзэмшдэг К.Энхтуул гэгчтэй хамтран эзэмшдэг бол “Эл Эл Ди Эм Эн” ХХК-ийг дангаараа эзэмшиж байна. “Хас медиа групп” ХХК-ийг Д.Амарбаясгалан ХОМ-тээ жил алгасахгүй дурдаж ирсэн.

         Д.Амарбаясгалангийн туслах, хуулийн зөвлөх, “JCI” байгууллагын хуулийн зөвлөх байсан байсан гэхээс торох өөр мэдээлэлгүй Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр Д.Амарбаясгалангийн “угшилтай” 28 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Тухайлбал, “Реклам самбарын холбоо” ТББ, “Ривер хаус” ХХК буюу “Био”-д байрлах амралтын газар, “Си Ар Си Жи” ХХК, “Топ медиа” ХХК, “Тусгаар тогтнолын түүчээ” ТББ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувь эзэмшдэг “Мүүнрөүд групп” ХХК, “Өдрийн шуудан сонин”, Өлзийтчулуун хайрхан” ХХК, “Жабко” ХХК, “Залуу маркетер клуб” ТББ, “Тэргүүн мэдээ сэтгүүл”, “Фейст медиа групп” ХХК, “Би Эс Ти Эл Жи” ХХК, “Би Би Эс Ти Эл” ХХК, “Би Эм Эл Ти Би” ХХК, “Би Эй Эй Эл Ти” ХХК, “Би Би Эс Ти Эм” ХХК, “Вай Ти Эм Эн” ХХК, уул уурхайн ашиглалт, тээвэр, тоног төхөөрөмжийн “Глобал транс гүүр” ХХК, “Глобал сайкл” ХХК, “Цахим сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөл” ТББ, “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ, “Би Ти Эм Эн Си” ХХК, “Би Си Си Вай Эн” ХХК, “Максима” ХХК, “Тэнгэр түшиг” ХХК, “Эйч Эл Кей Эм Эн” ХХК гэх 27 компани бүртгэлтэй байна. Нэмээд Д.Амарбаяслангийн амьдардаг зайсан дахь байр нь ч Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх. Зөвхөн нэг хаяг дээр л гэхэд 8-9 компани бүртгэлтэй байгаа тохиолдол ч байна. Дээрх компаниудаас онцолбол, “Глобал сайкл”ХХК, “Глобал гүүр транс” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компаниудтай холбоотой илүү дэлгэрэнгүйг дараагийн дугаартаа хүргэг тул ингээд үлдээе.

Монголын сайтуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Зиндаа.мн сайтын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Чулуунзагд Д.Амарбаясгаланг дагаж, хэвлэл мэдээлэл, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцах болсноор өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга, Нарийн бичгийн даргаар томилогдоод буй. Тэгвэл Ц.Чулуунзагдын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 16 компани бүртгэлтэй байна. Тухайлбал, “Си Жи Эл технологи” ХХК, “Нэтикс солюшн” ХХК, “Дата майнд” ХХК, “Зиндаа пропертиз” ХХК, “Хийморь спорт сэтгүүл” ХХК, “Ажил хэргийн шийдэл” ТББ, “Алтан өмнөд монгол” ХХК, “Анчин фүүдс” ХХК, “Бууч” ХХК, “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “МКАСТ” ХХК, “Монголын мэдээллийн технологийн холбоо” ТББ, “Төрөлх алтай” ТББ, “Биван” ХХК, “Онлайн Пи Ар эйжинси” ТББ, “Цахим засаглал” ТББ зэрэг 16 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна.

Ц.Чулуунзагдын эзэмшдэг компаниудад нэмэлт тодруулга хийхэд, түүний нэр дээр бүртгэлтэй “Мкаст”ХХК нь “Хийморь медиа” ХХК-ийг дангаараа,“Зиндаа медиа” ХХК-ийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэлтэй хамтран эзэмшиж байсан. Мөн Ц.Чулуунзагд, Б.Оюунгэрэл нар “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийг хамтран эзэмшиж байсан байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард тэд “Зиндаа медиа” ХХК, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийн бүртгэлээс нэрээ хасуулж, Эрдэнэтогтохын Амаржаргал гэж нэр бүртгүүлжээ. Эрдэнэтогтохын Амаржаргалыг судлаад үзвэл, Цэрэнпилийн Чулуунзагдын төрсөн эгч Цэвэлмаагийнх нь хүүхэд байх аж. Эрдэнэтогтохын Амаржаргалын нэр дээр одоо “Зиндаа медиа” ХХК, “Цахим туслагч” ТББ, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ, Гадаадын хөрөнгө оруулалттай “Эй Би Эй Жи” ХХК, “Нэтикс майнинг про” ХХК тус тус бүртгэлтэй байна.

             Сонирхуулахад, Э.Амаржаргалын нэр дээр бүртгэлтэй компаниудаас “Цахим туслагч” ТББ нь өнгөрсөн онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн захиалгаар 300 гаруй сайтыг “тагнасан” гэх дуулианд өртөж байв. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим туслагч” ТББ-тай таван сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах нэрийн дор 300 гаруй хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийж, тагнасан тухай дуулиан дэгдэж байсан билээ. Тэгвэл “Цахим туслагч” ТББ-ийн эзэн нь Э.Амаржаргал буюу Ц.Чулуунзагдын дүү байжээ.

Бид дараагийн дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий дээрх 46 компани аль салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгарч байсныг хүргэх болно. Тухайлбал, Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК өнгөрсөн онд ганцхан өдрийн дотор 1.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт байна.

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-II

Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий 40 гаруй компанийн нэрийг танилцуулсан. Тухайлбайл, түүний ах, эгч болох Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, Д.Амарзаяа нарын эзэмшлийн 11 компани, түүний эхнэр Д.Бямбасүрэн, зөвлөх нь байсан гэх Б.Эрдэнэжаргал, хамтрагч Ц.Чулуунзагд, Э.Амаржаргал нарын нэр дээр бүртгэлтэй 30 гаруй компанийг танилцуулсан. Тэгвэл энэ удаад Д.Амарбаясгалангийн тендер “хамдаг”-аараа зартай “Соёмбо принтинг” ХХК өнгөрсөн онд ганц өдрийн дотор хэрхэн 1.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсныг онцолж байна.

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН “СОЁМБО ПРИНТИНГ” ХХК АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.6 ТЭРБУМЫН НАЙМАН ТЕНДЕРТ ЯЛЖЭЭ

         МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агро технологи шижирт” ХХК, “Тайшир өргөө” ХХК, “Соёмбо принтинг” ХХК, Топ медиа” ХХК-иараа дамжуулан 2016-2018 оны хооронд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, төсөл, тендерт шалгарсан тухай шуугиан тарьж байв. Тэр дундаа “Соёмбо принтинг”ХХК нь дангаараа 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байсан гэх. Мөн “Агро технологи шижирт” ХХК нь ЖДҮХС-аас 950 сая, “Тайшир өргөө” ХХК нь 375 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдсэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. Тэгвэл Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК-ийн тендер “хамсан” нэгэн шинэ баримт байна.

Өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны 50.7 сая ам.долларын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцан хэрэгжүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн найман тендерт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эгч, ах нартайгаа хамтран эзэмшдэг “Соёмбо принтинг” ХХК нь ялжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” хамтран хэрэгжүүлэхээр 50.7 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийсэн байдаг. Азийн хөгжлийн банкны 50.7 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд гэрээнд зааснаар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд хэрэгжүүлж дууссан юм. Төслийн хүрээнд аймаг, дүүрэг, сумдын сургуулиудын барилгыг шинэчлэх, өргөтгөх, ном, сурах бичиг хэвлэх, багш, удирдах ажилтнуудынх нь мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цахим технологиудыг нэвтрүүлэх тендерүүдийг 2020 оноос зарлаж эхэлсэн байдаг.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК л гэхэд энэхүү төслийн 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй найман тендерт нь шалгарчихжээ. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сарын 25-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны цахим хуудастаа байршуулсан “Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл” хэсэгт “Соёмбо принтинг” ХХК нь энэхүү төслийн хүрээнд Монгол хэл VI, Эх хэл Казак VI Уран зохиол VI сураг бичиг хэвлэн нийлүүлэх 233 сая төгрөгийн тендер, Иргэний боловсрол VI, VII сураг бичиг хэвлэн нийлүүлэх 153 сая төгрөгийн тендер, Эх хэл VII, Дүрслэх урлаг VI-VII сураг бичиг хэвлэх нийлүүлэх 210 сая төгрөгийн тендер зэрэг найман тендерт ялалт байгуулсан тул гэрээ байгуулах эрх олгосон гэж мэдэгджээ.

        “Соёмбо принтинг” ХХК нь өнгөрсөн хугацаанд 81 тендерт оролцсоноос зөвхөн 2016-2018 оны хооронд л гэхэд 1.2 тэрбумын тендерт шалгарсан тухай шуугиан дэгдэж байлаа. Гэвч эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шууд эзэмшлийн компани төсвийн олон тендерт хэрхэн шалгарсныг хууль хяналтын байгууллагаас огтхон ч хянаж шалгахгүй байсаар улиг болгож орхисон.Тэгвэл тендерт ногоон гэрлээр шалгардаг “Соёмбо принтинг” ХХК он гарсаар ганцхан өдрийн дотор 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй найман тендерт ийнхүү шалгарчихсан байна.

Сонирхуулахад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн харилцаа холбоо, хэвлэлийн салбарын компаниудыг нь хариуцдаг, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын дүү Э.Амаржаргал гэх залуу Д.Амарбаясгалангийн зарим компаниудыг, тухайлбал “Эй Би Эй Жи” гэх компанийг эзэмшдэгийг өмнөх дугаартаа дурдсан. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалттай “Эй Би Эй Жи” ХХК-ийг судалж үзвэл, Э.Амаржаргал, “Дата сайнс” ХХК, БНСУ-ын Dasystem Co.ltd хамтран эзэмшдэг аж. 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан энэ компани “60 тэрбум”-ын асуудлаар олны танил болсон “Шинэ Монгол хаад” группын байранд байрладаг аж. Илүү сонирхолтой нь, монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч компанийн нэг гэгддэг “Ай Си Ти групп”ХХК-ийн охин компани байх ажээ. “Дата сайнс” ХХК-ийн толгой компани болох “Ай Си Ти групп” ХХК нь Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК-тай зэрэгцээд “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс 1.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.

Тухайлбал, “Ай Си Ти групп” ХХК “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс 495 сая төгрөгийн өртөгтэй “Газарзүйн мэдээллийн системийн программ хангамж нийлүүлэх” тендерт ялсан байна. Мөн “Ай Си Ти групп” ХХК-ийн эзэмшдэг “Ай контент” ХХК “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нэг тэрбумын өртөгтэй “Боловсролын үнэлгээнд шууд засалтын шинэ технологийг улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор шалгалтын тэмдэглэсэн тестүүдийг уншиж оноо тавьдаг 50 машин нийлүүлэх” тендерт ялалт байгуулжээ.

“ГЛОБАЛ ТРАНС ГҮҮР” ХХК “ТАВАНТОЛГОЙ”-Н НҮҮРСИЙГ 50 МАШИНААР ЗӨӨЖ БАЙНА

          МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн НИТХ-ын төлөөлөгч байхаасаа ХОМ-тээ дурдаж ирсэн “Жабко”, “Топ медиа” тэргүүтэй компаниуд 2019 оноос Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр шилжиж, өдгөө 20 гаруй компани болж “үржээд” байгааг бид өмнөх дугаартаа дурдсан. Тэгвэл Д.Амарбаясгалангийн “угшилтай”, Б.Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй “Глобал транс гүүр” ХХК, “Глобал сайкл” ХХК гэх компаниуд уул уурхайн тээвэр, хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, “Глобал гүүр транс” ХХК Дорнод аймаг Баяндун сумын нутаг 1481.3 га талбай бүхий Толгод нэртэй лиценз, “Глобал сайкл” ХХК нь Увс аймагт XV-018075-18075 дугаартай “Нар” гэх 2489.5 га бүхий лиценз тус тус эзэмшдэг ажээ.

Тэгвэл “Глобал транс гүүр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, Гашуун сухайт-Ганц мод боомт хооронд 50 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. “Глобал транс гүүр” ХХК-ийн хувьд эртний түүхтэй. 2013 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Алтайн хүдэр” ХХК-ийн Бургалтайн боомт дахь талбайд тээврийн жолооч залуу амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед энэ хэрэгт “Алтайн хүдэр” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Глобал транс гүүр” ХХК “Техникийн аюулгүй байдлаа хангаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагаагүй” гэж буруутгасан. Улмаар шүүхээс хохирогчийн ар гэрт 60 сая төгрөг олгох шийдвэр гарсан болоод энэ хэрэг мартагдсан.

Тэгвэл “Глобал транс гүүр” ХХК одоо “Тавантолгой”-н нүүрсийг 50 машинаар зөөж, түрийвчээ түнтийлгэх болсны цаана Д.Амарбаяслангийн “томилгоо” буюу түүний найзууд байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд Б.Гүрсоронзон, Л.Нямбаяр гэх хоёр найз бий. Л.Нямбаяр нь Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн эзэмшдэг “Хасмедиа групп” ХХК-ийн захирлаар Л.Нямбаяр ажилладаг. Өмнө нь “Монгол шуудан” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирлаар томилогдсон. Тэрбээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн асуудлыг хариуцдаг. Автотээврийн үндэсний төв нь Гашуунсухайт-Ганц мод боомт хооронд нүүрс тээвэр хийх автомашинууды “С” зөвшөөрлийг олгодог. Ингээд харвал Б.Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй “Глобал транс гүүр” ХХК 50 автомашинаар Гашуун сухайт-Ганц мод боомт хооронд нүүрс тээвэр хийх нөхцөл “ногоон гэрэл”-ээр бүрдсэн дүр зураг харагдаж байна. 

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-III

Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий буюу түүний ах, эгч болох Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, Д.Амарзаяа нарын эзэмшлийн 11 компани, түүний эхнэр Д.Бямбасүрэн, зөвлөх нь байсан гэх Б.Эрдэнэжаргал, хамтрагч Ц.Чулуунзагд, Э.Амаржаргал нарын нэр дээр бүртгэлтэй 30 гаруй компанийг танилцуулсан. Удаах дугаарт нь Д.Амарбаясгалангийн эзэмшлийн “Соёмбо принтинг” ХХК нь өнгөрсөн онд ганц өдрийн дотор 1.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт, мөн Д.Амарбаясгалангийн “угшиглтай”, Б.Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй хоёр компани уул уурхайн лиценз эзэмшихийн сацуу, Өмнөговь аймагт нүүрс тээврийн бизнес эрхэлж байгаа баримтыг нийтэлсэн.

Тэгвэл энэ удаагийн дугаартаа МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн эртний найз, бизнесийн хамтрагчдынх нь нэг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” ХХК-ийн эзэн Х.Мандахбаярын компаниуд болон тэдний нөхөрлөлийн харилцаа холбоог танилцуулахаар бэлтгэлээ. Тэд нөхөрлөөд хэдийнэ 20 жил болжээ.

Д.АМАРБАЯСГАЛАН, Х.МАНДАХБАЯР ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ БА БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ

           Х.Мандахбаяр 2017 онд өөрийн цахим хуудастаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай тэврэлдсэн зургаа оруулж, “Бидний нөхөрлөл 15 жилийг ардаа хийлээ” гэх утгатай тайлбар хийж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Өөрөөр бол, тэд 2002 оноос нөхөрлөж эхэлсэн буюу одоо 20 жил болж байгаа гэсэн үг. Х.Мандахбаяр 2002 онд буюу 24 настайдаа “Зиндаа” сонинг үүсгэн байгуулж, хувийн хэвлэл мэдээллийн бизнест хөл тавьж байв. Харин Д.Амарбаясгалан тэр үед 21 настай буюу “Монгол шуудан” ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.

Тэгвэл тэд бизнесийн ямар харилцаа холбоотой вэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Мкаст” ХХК, “Тод медиа” ХХК, “Зиндаа медиа” ХХК, “Хийморь медиа” ХХК-иудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг байв. Өөрөөр хэлбэл түүний компаниуд. Тэгвэл дээрх компаниуд нь одоо “Мкаст” ХХК-д төвлөрдөг. “Мкаст” ХХК нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, одоо МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ц.Чулуунзагдын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл Д.Амарбаясгалангийн “Мкаст” ХХК нь 2011 онд Х.Мандахбаярын “Эрхэт монгол” ХХК-тай хамтран Зиндаа.мн мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж байсан гэдэг. Тухайн үед Ц.Чулуунзагд Зиндаа.мн сайтын ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. Тэгвэл одоо Д.Амарбаясгалангийн удирдлага дор МАН-ын хэвлэл, олон нийттэй харилцах асуудлыг хариуцаж байна. Энэ бол Д.Амарбаясгалан, Х.Мандахбаяр хоёрын бизнесийн холбоо хамаарлын ердөө энгийн жишээ нь. Мөн тэдний бизнес, нөхөрлөлийн нэг оролцогч нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболд гэдэг.

“ЭРХЭТ МОНГОЛ”-ООР ОВОГЛОСОН Х.МАНДАХБАЯРЫН БИЗНЕСҮҮД

          24 настайдаа хувийн бизнесээ эхлүүлсэн гэдэг Х.Мандахбаяр өдгөө 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг авто зогсоолтой. 462 сая төгрөгийн үнэтэй Лексус-570, Каддилак-Эскладе, Мерседес-Бенк-Ж500, Форд-Экспидишн автомашинуудтай. Хурдын удмын 12 адуу, 335 хонь, 191 ямаа буюу 229 сая төгрөгийн малтай, 40 сая төгрөгөөр 583м2 газартай, 105 сая төгрөгийн урлаг, түүхийн үнэт эдлэлтэй, 126 сая төгрөгийн хадгаламжтай, 400 сая төгрөгийн авлагатай.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших үедээ “Эрхэт монгол” ХХК, “Бест компьютерс” ХХК, “Их цэц” ХХК, “Бэстгэйм цэнтэр” ХХК, “Бест принтинг” ХХК, “Зиндаа тур” ХХК, , “Ихэр говь” ХХК, “Нейшнл сошл медиа” ХХК, “Хос цалиг” ХХК, “Өглөөний сонин” ХХК, “Суваг ти ви найм” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлж байв.

Тэгвэл одоо “Эрхэт монгол” ХХК, “Ай ти эм жи эл” ХХК “Гоулд констракшн” ХХК, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Монголын кино бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах мөнх хөх тэнгэр” сан, З.Төмөртөмөө, Лхаваан Баттулга, “Чингисийн монгол аялал” ХХК, “Монголын сэтгүүлчдийн нэгдпсэн эвлэл” ТББ, “Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих шинэ алхам төв” ТББ, “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ, “Монголын угийн бичгийг хөгжүүлэх нийгэмлэг” ТББ, “Шарклтс” ХХК, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Өглөөний сонин” ХХК, “Суваг ти ви найм” ХХК, “Өргөн хүрээ” ХХК-иудыг өөрийнхөө нэр дээр болон “Эрхэт монгол” ХХК-иараа дамжуулан эзэмшиж байна. Харин “Монголын сайтын холбоо” ТББ, “Бэстгейм цэнтэр” ХХК, “Зиндаа тур” ХХК, “Ихэр говь” ХХК, “Их цэц” ХХК, “Хос цалиг” ХХК, “Цахим сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөл” ХХК-иудаас нэрээ хасуулжээ.

Х.Мандахбаярын “Эрхэт монгол” ХХК болон нэр бүхий компаниудынх нь гүйцэтгэх захирлаар С.Мөнхзул гэх эмэгтэй ажилладаг. Тэрбээр Х.Мандахбаярын үүсгэн байгуулсан “Нэйшнл сошл медиа” ХХК, “Жамух пропертиз” ХХК, “Гранд ньюс”сэтгүүл, “Жамух интернэйшнл” ХХК, “МЗ” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн Х.Мандахбаяртай хамт “Өмнөговийн оюуны хөгжлийн сан”, Х.Мандахбаярын аав Э.Хархүү, эхнэр Н.Гантуяа нартай хамт “Чингис олон улсын хэвлэл мэдээллийн төв”-ийг тус тус эзэмшиж байна.  

Х.Мандахбаярын төрсөн дүү Хархүү Одбаяр нь “Бест компьютерс” ХХК, “Бест принтинг” ХХК, “Монитор” ХХК, “ХАТО” ХХК, “Эн Би Си Эм” ХХК-иудыг эзэмшиж байна. “Бест компьютерс” ХХК, “Бест принтинг” ХХК-иудыг Х.Мандахбаяр 2003 онд үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан юм.  Харин аав Э.Хархүүгийн нь “Өмнөговийн оюуны хөгжлийн сан”, “Хаан тавантолгой” ХХК, “Чингис олон улсын хэвлэл мэдээллийн төв” ТББ, “Сэлбэ девелопмент” ХХК, “Үндэсний цаг сэтгүүл” ХМБ-уудыг тус тус эзэмшиж байна.

Х.МАНДАХБАЯР ХЭДЭН ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БОЛОХООСОО ӨМНӨ…

          Х.Мандахбаяр, Д.Амарбаясгалан хоёрын нөхөрлөл, хамтын бизнес нь хэрхэн цэцэглэж байгааг бид дараагийн дугаартаа илүү тодорхой хүргэх болно. Харин энэ удаад мөсөн уулын орой болгож, Х.Мандахбаяр тэрбум тэрбумаар хэмжигдэх санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэгч болохоосоо өмнө компаниудаараа төсвийн мөнгөнөөс хэрхэн “тоншдог” байсныг цухас дурдъя. Х.Мандахбаярын эзэмшлийн “Нейшнл сошл медиа”ХХК 2019 оны гуравдугаар сарын 4-нд УИХ-аас “гэрээний төлбөр” гэж 7.9 сая төгрөг авчээ. Мөн гуравдугаар сарын 25-нд “Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийн дэмжих шинэ алхам төв” ТББ-аараа мөн л “Гэрээний төлбөр” гэх утгаар 5.2 сая төгрөг авсан байна. Харин гуравдугаар сарын 11-нд нь Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК мөн л “гэрээний төлбөр” гэж 8.7 сая төгрөг авч байжээ. 

        Х.Мандахбаяр “Өмнөговийн оюуны хөгжлийн сан” ТББ-аараа дамжуулан Өмнөговь аймагт “Үлэмжийн чанар” яруу найргийн наадам зохион байгуулахаар тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар таван сая төгрөг цохуулан авч байжээ. Мөн 2017 онд Х.Мандахбаярын “Өмнөговийн оюуны хөгжлийн сан” ТББ, УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын “Говийн хүү” сан хамтран Өмнөговь аймагт Урлаг, спортын их наадам зохион байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газраас 40 сая төгрөг гаргаж өгч байжээ.

Харин “Жамух интернэйшнл” ХХК нь 2016 онд СХД-ийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-т 17 сая төгрөгөөр чанга яригч нийлүүлж байжээ. Мөн 2016 оны тавдугаар сарын 19-нд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн тухай хууль сурталчилах зорилгоор breakingnews.mn цахим сурталчилгаа байрлуулахаар “Жамух интернэйшнл” ХХК-тай 5.0 сая төгрөгийн гэрээ хийж байжээ.

Энэ мэтээр төсвийн тав, арван сая төгрөгөөр “гэрээт ажил” гүйцэтгэдэг байсан Х.Мандахбаярын компаниуд одоо хэдэн арван тэрбумаар хэмжигдэх санхүүжилттэй барилга, орон сууцны төслүүд хэрэгжүүлж буй. Уул уурхайн бизнесээс гарч, хэвлэл мэдээллийн бизнестэй л үлдсэн гэх Х.Мандахбаяр тэр төслүүдээ хэрхэн хэрэгжүүлж буй бол…

КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-IV

Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний удаад бид “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН” гэх гарчигтайгаар нийт дөрвөн цувралыг бэлтгэн хүргэж буй юм. Өмнөх гурван дугаарт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий 40 гаруй компанийн нэр, түүний “угшилтай” компаниудыг эзэмшдэг хамаарал бүхий этгээдүүд буюу ах Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, эгч Д.Амарзаяа болон эхнэр Д.Бямбасүрэн, хамтрагч Б.Эрдэнэжаргал, Ц.Чулуунзагд нарыг нь танилцуулсан. Мөн Д.Амарбаясгалантай 20 жил нөхөрлөж буй, ажил, амьдралынх нь хамгийн дотнын хамтрагчдынх нь нэг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” группийн эзэн Х.Мандахбаярын эзэмшлийн компаниудыг танилцуулсан билээ.

Тэгвэл энэ удаад Монголын толгой баяны дайтай томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй Д.Амарбаясгалангийн ажил, амьдралын хамтрагч Х.Мандахбаяр болон Д.Амарбаясгалангийн олноос “нуусан” хамтрагч буюу Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хувийн компаниараа “Ковид-19” цар тахлын үеийн тендерүүдийг түүж буй М.Бат-Эрдэнийн тухай нийтэлж байна.

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН ОХИН М.БАТ-ЭРДЭНЭ “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТЭРБУМААС ДЭЭШ САНХҮҮЖИЛТТЭЙ ТЕНДЕРҮҮДИЙГ “ТҮҮДЭГ” БОЛЖЭЭ

         МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлан байгуулсан“Төрөлх Алтай” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг М.Бат-Эрдэнэ гэх эмэгтэй Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, түүгээр зогсохгүй “Биомед трейд” гэх хувийн компаниараа эмнэлгийн тоног төхөөрөмж, “Ковид-19” халдварыг илрүүлэх оношлуурын тендерийг хүртэл “хамдаг” болжээ.

         Энэ хоёрыг түүхийг сөхвөл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, М.Бат-Эрдэнэ нар 1998 онд Говь-Алтай аймгийн Монгол Улсын гавьяат багш Б.Гомбын нэрэмжит I сургуулийн 10в ангийг хамт төгсжээ. Улмаар 2018 онд ангиараа төгсөлтийнхөө 20 жилийн ойн уулзалтаа хийх үеэр Д.Амарбаясгалангийн санаачилгаар “Төрөлх Алтай” ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Ингээд төрийн бус байгууллагын тэргүүнээр Д.Амарбаясгалан, гүйцэтгэх захирлаар нь М.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн байгаа юм.

Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалтаасаа хэдхэн сарын өмнө “Моносфарм трейд” ХХК-д ахлах менежерийн ажилтай байсан М.Бат-Эрдэнэ гэх эмэгтэй энэ цагаас “Төрөлх Алтай” ТББ ба Д.Амарбаясгаланг төлөөлөн Говь-Алтай аймгийн сум бүрд ажиллах болж, “Биомед трейд” ХХК-ийг байгуулж, бизнес ч “цэцэглэж” эхэлжээ. Улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар М.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн ИТХ-ын хуралд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулан төлөөлөгчөөр сонгогджээ. Ингэж нэр дэвшихэд нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар тусгайлан дэмжиж, сурталчилгааных нь сэтгүүл дээр Д.Амарбаясгалан “Ангийн ажилсаг охиныг минь дэмжээрэй” гэсэн бол, У.Хүрэлсүх “Ээжийн минь нутгийн охин” гэсэн утга бүхий илгээлт хүртэл гаргаж байжээ.

Ийнхүү МАН-ын дэмжлэгийг, тэр дундаа ангийн хөвгүүн Д.Амарбаясгалангийнхаа дэмжлэгийг авсан Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Эрдэнэ “Био мед трейд” ХХК-иараа “Ковид-19” цар тахлын үеийн тэрбумаас дээш санхүүжилттэй бүх л тендерт оролцож, “түүдэг” болжээ.

Тухайлбал,

2020 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн яамны “Эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер- 1.3 тэрбум төгрөг

2020 оны есдүгээр сард Батлах хамгаалах яамны “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай, эм, эмнэлгийн төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл” нийлүүлэх тендер- 988 сая төгрөг

2021 оны аравдугаар сард Эрүүл мэндийн яамны “Хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер 1.4 тэрбум төгрөг

2021 оны арванхоёрдугаар сард  Эрүүл мэндийн яамны “Оношилгооны тоног төхөөрөмж” нийлүүлэх тендер- 1.3 тэрбум төгрөг зэргээр тендер “түүсэн” баримтууд байна. Энэ бол тэрбум давсан санхүүжилттэй, шалгарсан тендерүүдийнх нь зөвхөн жишээ нь.  Мөн 20-200 сая төгрөгийн санхүүжилттэй 10 гаруй тендерт шалгарч, 800 гаруй сая төгрөг авсан баримтууд нь ч байна.

Ингэж дөнгөж 2018 онд байгуулагдсан, “цүнхний” шахуу “Био мед трейд” ХХК 2019 оноос эхлээд Эрүүл мэндийн яам, улсын төв эмнэлгүүд болон орон нутгийн эмнэлгүүдэд оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдэд төвөггүй шалгарч эхэлсэн байгаа юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлоод 20 жил болж байгаа компаниудтай хоёрхон жилийн түүхтэй компани өрсөлдөж ялаад байсныг салбарынх нь эхэндээ гайхаж байсан гэх юм билээ. Гэтэл энэ компанийн захирал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ангийнх нь охин байжээ. Түүнчлэн, Д.Амарбаясгалангийн үүсгэн байгуулж, өөрөө тэргүүлж байсан “Төрөлх Алтай” ТББ-ын гүйцэтгэх захирлаар М.Бат-Эрдэнэ ажилладгийг дээр дурдсан. Тэгвэл “Төрөлх Алтай” ТББ нь байгуулагдсан цагаасаа Говь-Алтай аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус аймагт Д.Амарбаясгалангийн нэр хүнд, карьерыг өсгөдөг чухал байгууллага ажээ. Тиймдээ ч Д.Амарбаясгалан төрийн бус байгууллагынх нь бүх ажлыг нугалдаг ангийн охин ийм сайн ханддаг биз ээ.

       Сонирхуулахад, М.Бат-Эрдэнэ нь Д.Сарангэрэлийн Эрүүл мэндийн сайд байх үед Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Улмаар Д.Сарангэрэл М.Бат-Эрдэнийг Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшиж байх үед нь “Ковид-19 цар тахал анх дэгдэх үед буюу 2020 оны гуравдугаар сард Монголд анх удаагаа коронавирусийг эрт илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-нд хандивлаж байсан бүсгүй” хэмээн магтаж, сурталчилгааных нь сэтгүүл дээр ярилцлага өгч байжээ.

Гэтэл М.Бат-Эрдэнийн “Биомед трейд” ХХК Д.Сарангэрэлийн ярьсан дээрх хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 16-нд Эрүүл мэндийн яамтай “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн тест нийлүүлэх 12 сая 950 мянган төгрөгийн гэрээ байгуулж байжээ. Бэлэглэсэн гэх үү, бэлэн мөнгөөр нь авчирч өгсөн гэх үү, мэдэхгүй юм.

Х.МАНДАХБАЯР ОФФШОРЫН МӨНГӨ УГААЖ, МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЮУ

Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний удаад бид “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН” гэх гарчигтайгаар нийт дөрвөн цувралыг бэлтгэн хүргэсэн. “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-III” цувралдаа Монголын толгой баяны дайтай томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй Д.Амарбаясгалангийн ажил, амьдралын хамтрагч Х.Мандахбаярын өөрийнх нь нэр дээрх хувийн бизнесүүдийг нь танилцуулсан. Тэгвэл энэ удаад бид Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийнх нь холбоог судалж, Английн Виржинийн арлууд, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, цаашлаад оффшор бүсэд данстай компаниудтай холбогдож буй ноцтой баримтыг хүргэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Х.Мандахбаяр харьд бүртгэлтэй, монголтой холбоотой компаниудын санхүүжилтээр барилгын төслүүд хэрэгжүүлж, МАН-ыг санхүүжүүлж байж болох уу.

ОРШИЛ: Х.МАНДАХБАЯРЫН БАРИЛГЫН ТӨСЛҮҮД БА НИЙГЭМД ҮҮССЭН ХАРДЛАГА

          МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар 20 жил нөхөрлөж яваа андууд гэдгийг өмнөх дугаартаа онцолсон. МАН-ын генсек Д.Амарбаясгаланд Х.Мандахбаярыг зөвхөн найз нөхөд, нэг нам гэдгээр нь хамаатуулсан хэрэг биш, харин тэдний хүзүү сээрээрээ холбоотой компаниуд хэвлэл мэдээллийн зах зээлд хамтран бизнес эрхэлдэг учраас тэр юм. Өмнөх дугаартаа Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд Х.Мандахбаярын компаниудтай ямар сэжмээр, яаж холбогддогийг жагсаасан тул энэ удаад нэмж дурдах нь илүүц байх. Харин Х.Мандахбаяр Д.Амарбаясгалангаар дамжуулж, эрх баригч МАН-тай салшгүй холбоотой байж, хамгаалуулж, нэр дэвшиж, хариуд нь МАН-ыг санхүүжүүлэх “бохир” ажлыг хариуцдаг болсон юм биш биз хардлага байгаа юм.

Тухайлбал, Х.Мандахбаяр өнгөрөгч 2021 оноос эхлээд гэнэт л Монголын толгой баяны дайтай томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж, хэн хаанаас медаль авна байр, машинаар шагнан сүрийг үзүүлж, өөрийн компанийн 40 гаруй ажилтнаа болон хамтран байгууллагуудынхаа ажилтнуудыг орон сууцаар шагнан аархаж, тэр чинээгээрээ олны анхаарлын төвд байх болсон. Тухайлбал, Х.Мандахбаярын “Эрхэт монгол” групп дангаараа 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити ресиденс” хотхоны төслийг өнгөрөгч 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн юм. Мөн “Стандарт холдинг” ХХК-ийн 1200 айлын “Гранд ресиденс” хотхоны төсөлд “Эрхэт монгол” групп хамтарч байгаа. “Эрхэт монгол” группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Гранд маршал болон Сити ресиденс төсөл эхэлснээсээ хойш 140 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна” хэмээн ярьсан байдаг. Чухамдаа зөвхөн 500 айлын “Гранд маршал” хотхоны байрууд нь л гэхэд 300 саяас 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй гэхээр дээрх гурван орон сууцны төсөл нь хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдүүлэх төслүүд гэж болно. Эндээс нийгмийн анхаарал татсан нэг зүйл нь, цар тахлын нөлөөгөөр барилгын салбар бүхэлдээ хямарч, энэ салбарын үндсэн тоглогчид хүртэл төслүүдээ царцаагаад байхад хэвлэл мэдээллийн хэдэн хэрэгсэлтэй “Эрхэт монгол” групп хэдэн зуун тэрбумаар тоологдох санхүүжилттэй төслүүд хэрэгжүүлээд эхэлсэн явдал байв.

Үүнээс улбаалж, “Хадгаламж зээлийн хоршооны хар түүхтэйгээ саяхныг болтол “зууралдаж”, цалингаа тавьж чадахгүй сандарч явсан Х.Мандахбаяр хаанаас ийм их мөнгө олоод байна вэ, хэний хөрөнгөөр туйлаад байна, барилгын томоохон төслүүд хэрэгжүүлж, түүнийгээ зориудаар нийтийн анхааралд оруулаад байгаа нь цаанаа ямар зорилготой вэ, Д.Амарбаясгалан ба МАН холбоотой юу” гэх хардлага, эргэлзээнүүд гарах боллоо. Мөн “Сүүлийн үед “моод”-нд ороод байгаа аргачлалаар буюу оффшор бүсийн хөрөнгийг барилгыг салбар луу оруулах замаар угааж МАН-ын санхүүжилтийг хийж байгаа юм биш биз” гэж хардах хүмүүс ч байна. Хардах эрх хэнд ч бий, хардах нь ч зөв. Тиймээс бид дээрх хардлагуудад хариулт хайсан нь энэ юм. Х.Мандахбаяр үнэхээр оффшор бүсээс орж ирсэн бохир мөнгийг барилгын төслүүдээр дамжуулан “угааж”, МАН-ыг санхүүжүүлж буй юм биш биз…

Сануулахад, “Эрхэт монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийн холбоог нь шүүж үзвэл уул уурхайн бизнестэй “салшгүй” холбоотойн дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Виржинийн арлууд, Австрали, Хонгконгийн хөрөнгийн бирж зэрэгт бүртгэлтэй компаниудтай холбогдож байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу.

Х.МАНДАХБАЯРЫН ААВ Э.ХАРХҮҮ, ДҮҮ Х.ОДБАЯРТАЙ ГУРВАН КОМПАНИ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ Б.ЭНХЖАРГАЛ НЬ ОФФШОР БҮСЭД КОМПАНИТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА

          МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын аав УГЗ Э.Хархүү “Өмнөговийн оюуны хөгжлийн сан” сан, “Хаан тавантолгой” ХХК, “Чингис олон улсын хэвлэл мэдээллийн төв” ТББ, “Сэлбэ девелопмент” ХХК, “Үндэсний цаг сэтгүүл” ХБМ зэрэгт хувьцаа эзэмшдэг. Тэгвэл түүний “Хаан тавантолгой” ХХК нь анхаарал татна. Энэ компанийн тухай Х.Мандахбаяр нэг удаа “2011 онд байгуулагдсан цагаасаа ажиллаагүй хоосон компани. Тээврийн бизнес хийх манай найзуудын санаачилга бүтээгүй юм” гэж твиттерт тайлбарлаж байжээ. Гэхдээ судлаад үзвэл, “Хаан тавантолгой” ХХК “хоосон” байж болох ч хувьцаа эзэмшигчид нь хоосон биш ажээ. Тухайлбал,  

Х.Мандахбаярын аав Э.Хархүүгийн “Хаан тавантолгой” ХХК-д дөрвөн хүн хувьцаа эзэмшдэг бөгөөд тэднээс Бадарын Энхжаргал гэгч нь анхаарал татна. Б.Энхжаргалыг судлаад үзвэл, Х.Мандахбаярын төрсөн дүү Х.Одбаяртай “Монитор” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. Мөн өмнө нь Х.Одбаяр буюу Х.Мандахбаярын үүсгэн байгуулсан анхны компаниудынх нь нэг “Бест компьютерс” ХХК-ийг эзэмшиж байсан аж. Чухамдаа Х.Мандахбаярын аавтай нь ч, дүүтэй нь ч компани хамтран эзэмшдэг буюу Х.Мандахбаярын өөрийнх нь тодорхойлсончлон дотнын найз нь ажээ.

         Тэгвэл Б.Энхжаргал нь оффшор бүсэд данстай гэж дэлхий нийтэд зарлагдаж байсан компанитай холбогддог нэгэн ажээ. Тухайлбал, Б.Энхжаргал саяхныг хүртэл “Вестерн Монголиан девелопмент” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй явж ирсэн байна. Энэ компани нь “СДДГ”ХХК гэх нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж, хэд хэдэн лиценз эзэмшиж байгаад нэрээ өөрчилсөн аж. Цааш нь хөөвөл, “Вестерн монголиан девелопмент” ХХК-ийг Британийн Виржини арлуудад бүртгэлтэй “Active time holding limited” компани, “Ханбогд эксплорейшн” компани тус тус эзэмшдэг юм байна. Харин “Ханбогд эксплорэйшн” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдинг Лимитед” компани эзэмшдэг аж. Энэ компани нь “Гал XV-018532”, “Ханбогд XV-018269” гэх хоёр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.

Хамгийн ноцтой нь, Англид бүртгэлтэй “Кью Жи Экс Холдинг лимитэд” компани нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнс” компанийн монгол дахь охин компани болох “Монгол металс” ХХК-тай хамтран “Оюут-Улаан” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут-Улаан” ХХК нь алдарт “Хармагтай” алт, зэсийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмшдэг. Оюутолгойн ордтой эн тэнцэхүйц гэж яригддаг Хармагтайн орд газрыг 2013 оны есдүгээр сарын 27-нд дээрх хоёр компанийн эзэмшлийн “Оюут-Улаан” ХХК эзэмшиж эхэлсэн байдаг. Хармагтайн ордыг 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлж байсан бөгөөд жил ирэх бүр нөөц нь нэмэгдсээр буй юм. Ингээд зогсохгүй ““Кью Жи Экс Холдинг лимитэд” компанийг 2017 онд Монгол 165 лиценз эзэмшдэг буюу хамгийн олон лиценз эзэмшдэг гэж мэдээлж байжээ.

        Үргэлжлүүлэн судалбал, “Кью Жи Экс холдинг лимитед” компанийн эзэмшдэг “Ханбогд эксплорэйшн” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, Сэнтрал Тауэр 708-713 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг бөгөөд “Керри Монголиа” ХХК гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани энэ хаяг дээр давхар бүртгэлтэй байна. Судлаад үзвэл, “Кью Жи Экс”, “Керри монголиа” компаниуд хамтран “Керри Кью Жи Экс” компани байгуулаад татан буулгасан түүхтэй аж. Тэгвэл “Керри Монголиа” компанийг Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Kerry mining” компани эзэмшдэг ажээ. Энэ компанийг судлаад үзвэл, өнгөрсөн онд “Paradise papers”-ээс ил болгосон баримтууд буюу оффшор бүсэд данстай компаниудын жагсаалтад багтаж байжээ. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд данстай компани гэсэн үг. Үүнээс цааш хөөвөл, “Kerry mining” компани нь “М-Си-Эс” групптэй холбогддог юм байна.   

“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын аав Э.Хархүү, дүү Х.Одхүү нартай гурван компани хамтран эзэмшдэг Б.Энхжаргал гэгч нь ингэж Англи, Австралид бүртгэлтэй, цаашлаад оффшор бүсийн компанитай холбогддог ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, Х.МАНДАХБАЯРЫН ХАМТРАГЧ Н.НАРАНБААТАР БОЛОН ТӨРСӨН ДҮҮ Н.ОЧГЭРЭЛ НЬ ВИРЖИНИ АРЛУУДАД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА

        “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, тэр дундаа Б.Чойжилсүрэнгийн уурхайтай тэмцэл өрнүүлж, түүнд нь Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нэгдэн хамтран зүтгэж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх “Хариуцлагатай уул уурхайн төлөө” хэмээн Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарыг хамтад нь Өмнөговь аймгаас нэр дэвшүүлсэн. Н.Наранбаатар олонхын санал авч УИХ болж чадсан бол Х.Мандахбаяр гурваар жагссан байдаг. Х.Мандахбаяр, Н.Наранбаатар хоёрын Өмнөговь дахь хоршил зөвхөн Тост, Тосон бумбын нурууны тэмцэл дээр ч бус бүр эртнийх. Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн иргэдийг төрийн бус байгууллагуудаараа “тойглож” байх үед Н.Наранбаатар Засаг даргын хувиар, санхүү мөнгөөр дэмжиж ажилладаг байсан. Нэмээд Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарын аавууд Ханхонгор сумынх буюу нэг нутгийн хүмүүс.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Х.Мандахбаярын хамтрагч Н.Наранбаатар Их британийн Виржини арлуудтай хоёр ч сэжмээр холбогдох ажээ.

Тухайлбал,

БАРИМТ 1: УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар, түүний дүү Нанзадын Очгэрэл нар “Сэрсэн говь”ХХК-ийг эзэмшдэг. Н.Наранбаатар өөрийнхөө ХОМ-т ч “Сэрсэн говь”ХХК-ийг дурддаг аж. Тэгвэл Н.Наранбаатарын дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж. Тэгвэл “Эвт повер майнинг” ХХК-ийг Н.Очгэрэлээс гадна “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-иуд эзэмшдэг юм байна. Цааш нь судлаад үзвэл, “Энбо тайж транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Баян-Ундарга гэх нүүрсний уурхай ажиллуулдаг аж. Хамгийн ноцтой нь, “Энбо тайж транс” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Их Британийн Виржини арлуудад бүртгэлтэй “Пүжин ложистик” компани ажээ.

БАРИМТ 2: УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2016 оны сонгуулийн дараа Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдохынхоо өмнө буюу 2015 оныг хүртэл “Билэгт говь” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Энэ компанийг хүмүүс Дорноговь аймгийн Хөвсгөл суманд үйл ажиллагаа явуулдаг Айл баянгийн нүүрсний уурхайгаар нь мэднэ. Тэгвэл Н.Наранбаатарын захирлаар нь ажиллаж байсан “Билэгт говь” ХХК-ийн эцсийн эзэмшигчээр нь Их Британи, Умарт Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Pusheng Energy Holdimgs Limited” компани бүртгэлтэй байдаг аж.

         Түүнчлэн тус компани “Улаанбаатар хот, Сүхбаатар, 8-р хороо, 910, 911 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг бөгөөд энэ хаяг дээр хятадын хөрөнгө оруулалттай “Шаганрийч ворлд монголиа” ХХК, хятадын хөрөнгө оруулалттай “Си Эм И Эс” ХХК, “М-Си-Эс холдинг” ХХК-ийн эзэмшлийн “Юнисервис солюшн” ХХК-иуд тус тус давхар бүртгэлтэй байна. “Юнисервис солюшн” ХХК-ийн хувьд “М-Си-Эс” группийн охин компани бөгөөд “Энержи ресурс” ХХК-ийн кеп, “Хүннү Молл”, “М-Си-Эс” групп, “Шангри-Ла-УБ”-ийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг ажээ.

Х.МАНДАХБАЯР ХӨРС ХУУЛАЛТЫН “ИХ ШИЖИР БАЯЛАГ” ХХК-ИА ОДОО Ч УДИРДДАГ УУ

        Олон нийт Х.Мандахбаярыг “Их шижир баялаг” гэх “Тавантолгой” ХК-д хөрс хуулалт хийдэг компанитай, тэндээс олсон мөнгөөрөө санхүүждэг гэж ойлгодог байсан. Харин Х.Мандахбаяр өөрөө 2020 оны УИХ-д Өмнөговь аймгаас нэр дэвшихээсээ өмнө, бүр тодруулбал Б.Чойжилсүрэнгийн Тост, тосон бумын нурууны орчимд байрлах уурхайтай үзэлцэхээсээ өмнө “Их шижир баялаг” ХХК-иа зарж, уул уурхайн бизнесээс албан ёсоор гарсан гэж тайлбарладаг. Нэг удаа “Би “Их шижирт баялаг” гэдэг компанитай байхдаа “Тавантолгой” ХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж, хөрс хуулалтын бизнес хийдэг байсан нь үнэн. Харин 2019 онд энэ компаниараа зарж, уул уурхайн бизнесээс албан ёсоор гарсан. Медиа салбараас олсон болон хөрс хуулалтын компаниа зарсан мөнгөөрөө одоо барилгын төслүүдэд хөрөнгө оруулаад явж байна” гэх агуулгатай тайлбар хийсэн нь бий.

Судалж үзвэл, Х.Мандахбаяр хөрс хуулалтын “Их шижир баялаг” ХХК-иа Г.Номинчулуун гэгчтэй хамтран эзэмшиж байжээ. Ингэхдээ “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг Г.Номинчулууны “Суман говь” ХХК, Х.Мандахбаярын өөрийнх нь “Хос цалиг” ХХК тус тус эзэмшиж байсан бөгөөд Г.Номинчулуун нь “Их шижир баялаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байж. “Хос цалиг” ХХК-ийг тухайн үед Х.Мандахбаяр, “Эрхэт монгол” группийн хуулийн хэлтсийн дарга А.Отгонбаяр нар эзэмшиж удирддаг байжээ.

Харин Х.Мандахбаяр 2019 онд “Би “Их шижир баялаг” ХХК-иа зарсан” гэж мэдэгдсэнээс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Лувсан-Эрдэнэ гэх хүн ажиллаж эхэлжээ. Улмаар “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Г.Номинчулууны “Суман говь” ХХК-ийг хасаж, харин “Хос цалиг” ХХК-ийг хувьцаа эзэмшигч хэвээр үлдээжээ. Ингэхдээ Х.Мандахбаяр “Хос цалиг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс өөрийнхөө болон А.Отгонбаярын нэрийг хасуулж,  Б.Номин гэх эмэгтэйн эзэмшилд шилжүүлээд “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хэвээр үлдээсэн аж. “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтыг хийдэг гэх “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр одоо ч “Хос цалиг” ХХК бүртгэлтэй хэвээр байна.

Сонирхолтой нь, судлаад үзвэл “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа “Хос цалиг” ХХК-ийн захирал гэх Б.Номин нь Х.Мандахбаярын “цэрэг” буюу “Эрхэт монгол” группт ажилладаг, тус группийн ажилтнуудтай хамтран хэд хэдэн компани эзэмшдэг нэгэн ажээ. Цаашлаад Х.Мандахбаярын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Номин гэгч нь ажилладаг ажээ. Мөн “Их шижир баялаг” ХХК нь одоо ч “Улаанбаатар, Баянзүрх, 24-р хороо, 2-14 тоот” хаяг дээр буюу Х.Мандахбаярын “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын хаяг дээр давхар бүртгэлтэй хэвээр байна.

Ингээд харвал, Х.Мандахбаяр өөрийн ажилтан Б.Номингийнхоо нэр дээр “Хос цалиг” ХХК-иа шилжүүлж, улмаар “Хос цалиг” ХХК-иараа дамжуулан одоо ч “Их шижир баялаг” ХХК-ийг удирддаг байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

Сонирхуулахад, Х.Мандахбаяртай хамт “Их шижир баялаг” ХХК-ийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Г.Номинчулууны хувьд “Суман говь” ХХК, “Булган майнинг” ХХК зэрэг компаниудтай Булган аймгийн Орхон сумын харьяат, “Булган хан” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллаж байсан нэгэн аж. Түүнтэй холбоотой мэдээллүүдийг шүүвэл, “Булган майнинг” ХХК гэх Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайтай ажээ. Түүнчлэн, “Стандарт холдинг” ХХК хэрэгжүүлж буй “Гранд ресиденс” гэх 1200 айлын орон сууцны төслийг “Эрхэт монгол” групп сурталчлах болсон. Өөрөөр бол, уг төсөлд хамтран ажиллаж буй. Тэгвэл “Стандарт холдинг” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагааны зөвшөөрөлтэй, тэгсэн мөртөө Баянхонгор аймагт “Мухартын ам”, “Зүүн мухар”, “Баруун мухар ам” гэх уул уурхайн ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй ажээ. Мөн Шүүхийн мэдээллийн санд “Гүрцоогийн Номинчулуун гэгч этгээд автомашин ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр хоёр жилийн ял авч, нэг жилийн тэнсэх ялаар солиулсан” гэх мэдээлэл бүртгэлтэй байдаг юм байна.

         МАН-ын гишүүн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийнх нь холбоог шүүхэд энэ мэтээр уул уурхай бизнестэй, мөн Англи, Австрали, цаашлаад оффшор бүсэд данстай компаниудтай энэ мэтээр холбогдож байна. Энэ олон төсөл хэрэгжүүлж буй нь дээрх сэжүүрүүдтэй холбогдох эсэхийг, цаашлаад эцсийн дүгнэлтийг эрхэм уншигч та хийх биз ээ.

Эх сурвалж: www.ergelt.mn

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!