Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

2022-07-27
1 min read

Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллав.

Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нуржээ. Мөн үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэсэн байна. Харин Баянзүрх дүүрэгт 62 дугаар сургууль, 82 дугаар цэцэрлэг, Цайз, 16 дугаар хороолол орчимд үер бууж, гурван айл усанд автаж, орон сууцны хонгил усанд автжээ. Чингэлтэй дүүрэгт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер буусан байршлуудыг шалгасан бөгөөд далан, сувгаар үерийн ус урсаж байсан тул нөхцөл байдал хэвийн байгаа аж.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!