“Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг зохион байгууллаа

2022-07-20
1 min read

Ардын Засгийн газрын 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсан нь орчин цагийн Цагдаагийн байгууллагын үүсэл юм.

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.07.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсээд “Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн.

Эх орон, ард түмнээ гэмт халдлага, аюул, ослоос хамгаалах, нийгэмд шударга ёсны тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах ариун үйлсийн төлөө алтан амиа зориулах тангарагтай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг. Цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллах болно.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн нэгэн зууны түүхт ололт амжилтаа бататгаж, ирэх шинэ зуунд их үйлсээ мөнхлөх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Түүхт ойн баярын арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нээж хэлсэн үгэндээ “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төр, ард түмнийхээ өмнө нэр төртэй биелүүлж ирсэн баялаг түүхтэй.

Бид өмнөх зууны ололт амжилтаа бататгаж, шинэ зуунд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог улам бэхжүүлж, залуу хойч үеийг сурган дадлагажуулах, уламжлал ёс, дэг жаягийг өвлүүлэхийг чухалчлан, төр, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ дахин илтгэж байна.

Орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, Дотоодын цэргийн 100 жилийн хөгжлийн түүхийг хамтран бүтээлцсэн Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн дээдийг хүсье” хэмээв.

Орчуулах »
error: Content is protected !!