Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм. Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.
Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод байгаа. Гэвч энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгаа хэмээн Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ.