Чингис-Ульхан боомт чиглэлийн 318.3 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо

2022-07-04
2 мин уншина

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх асуудлын нэг болох “Боомтын сэргэлт” зорилтын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам, авто замаар үе шаттайгаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөгжлийн төслийн жагсаалтад Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг  хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээнүүдийг тусган зарим төслийг эхлүүлээд байна.
Эдгээрийн нэг нь болох Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалтын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн 70 км авто замыг бид хүлээн авч үлдсэн 248.3 авто замын бүтээн байгуулалтын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгаадаа баяртай байна.


Сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцлож байгаа билээ. 2019 онд Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй билээ.
Байгалийн үзэсгэлэн, түүхийн арвин сантай хэдий ч түүнд хүрэх хялбар зам үгүй бол аялагчдад таатай сэтгэгдэл үлдээж чадахгүй. Тиймээс аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн чухал дэд бүтцийн шийдлийн нэг нь хатуу хучилттай авто замаар хилийн боомтуудыг холбох явдал юм.
Энэхүү зам нь Чингис хот-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож, улмаар ОХУ-ын Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомт нэгээр нэмэгдэнэ. Ингэснээр Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу  аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэнэ.
 
Цаашид энэ зам Чингис хот улмаар Баянмөнх, Дархан, Бор-Өндөрөөр дамжин Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хэсэгт  Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбогдон БНХАУ-ын Эрээн хот хүрэх боломж бүрдэх юм. Мөн Дорнодын Баян-Уул сум, Чойбалсан хотыг дайрч Хавиргын боомтоор Манжуур Хайлаар зэрэг аялал жуулчлалын бүс нутагт хүрэх юм.
Энэ чиглэл нь зөвхөн Монголчуудад бус хил орчмын БНХАУ, ОХУ-ын иргэд зорчих таатай боломж бүрдэж байна.  
 
Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Чингис хот-Ульхан хилийн боомт чиглэлийн 248.9 км хатуу хучилттай авто замаас Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130.6 км хатуу хучилттай авто замын Багц 1-р хэсгийн 68.6 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, Багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлыг эхлүүлээд байна.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжиж буй дээрх төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэгч “Наранбулаг-хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Монгол зам групп” ХХК-ийн удирдлагууд, нийт замчид, хамт олонд ажлын амжилт хүсье.
 
Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих,  нутгийн иргэд, аж ахуйн нэгж  та бүхэн орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн болоод улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт миний бие итгэж байна.
 
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Дорнод, Хэнтий аймгийн ард иргэд хөрш орнууд руу Ульхан, Эрээн, Хавиргын боомтоор нэвтэрч аялах, арилжаа наймаа хийн, бусад орноос жуулчид хүлээн авч эдийн засгаа тэлэх чухал гарц нээгдэх гарц бий болж байгааг тэмдэглэн хэлье.  
 
Авто замын хүнд хэцүү ажилд хөлс, хүчээ зориулан  оролцож буй замчид Та бүхнийг Алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж, Их эзэн Чингис хааны агуу сүр хүч, сүлд хийморь Монгол эх орныг минь өнө мөнх тэтгэх болтугай.

Орчуулах »
error: Content is protected !!